sonin.mn
Сүүлийн үед Эрүүл мэндийн яамыг тойрсон хар бараан мэдээлэл олон нийтийн дунд эрчимтэй түгэхтэй зэрэгцэн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Бямбадорж “Гадаадад суралцах болсон” гэдэг шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Түүний хувьд 2018 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Төрийн албаны зөвлөлөөс зарласан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны шалгаруулалтад тэнцэж уг албанд томилогдсон түүхтэй.
Одоогоор хараахан ЭМЯ-ны нарийн бичгийн дарга хэн болох нь тодорхой болоогүй байгаа ч өдгөө тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Амаржаргал энэхүү албыг үүрэг гүйцэтгэгчээр давхар хашиж байгаа аж.
 
 
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар хэнийг томилох нь тун сонирхолтой. Төрийн албаны зөвлөлөөс зарласан Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд хоёр, гуравдугаарт бичигдсэн хүмүүсийг сонирхвол төрийн албаны зөвлөлийн сайт дээрх уг удирдах ажилтны нөөцийн хоёрдугаарт Батмөнхийн Цэцэгсайхан, гуравдугаарт Доржсүрэнгийн Ганзориг нар эрэмбэлэгдсэн байна.
 
 
Хоёрдугаарт жагссан Б.Цэцэгсайханы талаар хайваас ‘‘Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажилладаг юм байна. Тэрээр ОХУ-д хүний эмч, анагаах ухааны доктор, Австрали улсад магистрын зэрэг хамгаалсан нэгэн аж. Мөн салбартаа сумын эмнэлэгт эмчээс эхлээд Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр ажиллаж, өдгөө хавдартай өвчтөнүүдийг ар гэрийнхээ хамт тохь тухтай байрлахад зориулж "Дарь эхийн өргөө”-г байгуулж, энэ чиглэлд олон улсын байгууллагуудын дэмжлэг тусламжийг хандуулах чиглэлээр ажиллаж буй нэгэн юм байна. Гуравдугаарт жагссан Д.Ганзоригийн талаар эрүүл мэндийн салбарынхнаас асуухад ЭМЯ-нд ажилладаггүй, харин харьяа нэгэн байгууллагад ажилладаг гэсэн мэдээлэл байна.
Ямартаа ч улс төрийн талцал хуваагдалд оролцдоггүй, салбараа сайн мэддэг, мэргэжлийн удирдах боловсон хүчнээ томилох эсэхийг нь харах л үлдэв бололтой.
 
 
 
Б.Батболд