sonin.mn
Ардчилал, Хүний эрхийн өдөр жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Монголд Ардчиллыг тайван замаар бий болгож, ардчиллын үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн профессор Жамбын Батмөнх агсныг хүндэтгэн дурсаж, түүний хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай.Энэхүү уламжлалын дагуу өнөөдөр буюу Олон улсын Хүний эрхийн өдөр, Ардчиллын өдрийг тохиолдуулан Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
 
 
Арга хэмжээнд Монгол Ардын Намын Намын Байгуулалтын Газрын дарга Б.Баярбаатар, Улс Төрийн бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл, Технологи, инновацийн газрын дарга Д.Лхамсүрэн, Хэвлэл мэдээллийн газрын дарга А.Энхзул, Сан хөмрөгийн газрын дарга Г.Бат-эрдэнэ, Орон нутгийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва, Хууль зүйн хэлтсийн дарга Р.Саруул, Гадаад харилцааны хэлтсийн дарга Л.Дашдэмбэрэл, Хүний нөөцийн хэлтсийн дарга Ч.Сүнжидмаа, МАН-ын дэргэдэх Стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэг болон Монгол Ардын Намын Ажлын албаныхан, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны удирдлагууд оролцлоо.  Мөн Жамбын Батмөнх агсны гэргий А.Даариймаа болон Ах дүүсийнх нь төлөөлөл ч ирсэн байлаа.    
 
 
Монгол Ардын Намын Намын Байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар “Тэртээ 1989 оны 12-р сарын 10-ны өдөр болсон Ардчилалын төлөөх анхны цуглаанаас хойш Монголчууд бид Ардчилалд алхам тутамдаа суралцан өнөөдрийг хүрч ирлээ. Монгол улс Ардчилал зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн түүхэн мөчид Жамбын Батмөнх төрийн тэргүүний хувиар ухаалаг мэргэн бодлого явуулсан нь Монголд ардчилал тайван замаар өрнөх суурь болж өгсөн гэж үздэг. Эгзэгтэй үед тэрбээр түүхэн шийдвэр гаргаж улс төрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан нь оготны хамраас цус гаргаагүй бий болсон Ардчилалын суурийг тавьсан гэж зүй ёсоор үнэлэгдэж шинэ цагийн түүхэнд бичигдсэн байдаг. Үүгээрээ Ж.Батмөнх Монголд Ардчилал бүрэн ялахад гавьяа байгуулсан түүхтэй юм” гэдгийг онцоллоо.  
Ж.Батмөнх Их сургуулийн багшаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдон түүхэн цаг үед ажилласан зүтгэлтэн байв. Тэрээр 1974 онд БНМАУ –ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, мөн оны 6 сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдаар томилогдсон. 1984 он хүртэл БНМАУ-ын 13 дахь ерөнхий сайдаар, 1984-1990 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар буюу Төрийн тэргүүнээр ажиллаж байжээ.