Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан өнөөдөр (2020.04.01) Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 
Дэлхий нийтийг хамарсан Соvid-19 хэмээх халдварт цар тахлыг зогсоохын тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  улс орнуудад өгч байгаа зөвлөмжийн дагуу Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой байдлын комисс шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж, иргэдээ халдварт тахлаас хамгаалж байгаа энэ цаг үед Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган хуралдах хуулийн хугацаа давхцаж байгаа. 
 
Дэлхийн эрүүл мэндийн Байгууллага, Улсын онцгой комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэрүүдийг Улсын Их Хурал даган мөрдөж, чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдааныг эрсдэл багатай, шуурхай хуралдуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг цахим хуралдаанаар хэлэлцүүлж болох дэгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмж оруулах шаардлага тулгарчээ. 
 
Тиймээс Монгол Улсын Үндсэн хуультай харшлахгүй тохиолдолд хуралдааны ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шат, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг асуудлыг цахимаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж болохоор уян хатан хуульчлах шаардлагатай гэж үзэн, хуулийн төслийг боловсруулжээ.
 
 
 
Төсөлд  халдвар авсан, хөл хорио, хязгаарлалтад орсон, эмнэлэгт хэвтсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд биечлэн оролцох боломжгүй боловч хэлэлцэж байгаа асуудлын талаар саналаа бичгээр болон цахим шуудангаар албан ёсоор илэрхийлсэн Улсын Их Хурлын гишүүнийг ирцэд бүртгэж, санал хураалтад оруулж тооцох боломж бүрдүүлэхээр тусгасан байна. 
 
 
 
Мөн ингэж ирц, санал хураалтад оролцсон гишүүний саналаа илэрхийлсэн талаарх баримтыг хэлэлцсэн асуудлын хувийн хэрэгт хавсаргаж баталгаажуулахаар зохицуулжээ.
Хуулийн төслийг баталснаар онцгой нөхцөл байдлын үед чуулганыг өөр газар хуралдуулж болох боломж бүрдэхийн зэрэгцээ онц байдал, дайн бүхий болон дайны байдал, олон улсын хөл хориот өвчин гарсан нөхцөл байдлаас бусад үед уг дэгээр асуудал хэлэлцэхгүй гэж төсөл санаачлагчид үзжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.