sonin.mn
УИХ дахь АН-ын зөвлөлөөс “COVID-19” халдварын үед эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих болжээ. Тус төслийг АН-ын зөвлөлийн дарга Г.Эрдэнэбат өнөөдөр олон нийтэд танилцуулав.
 
АН-аас боловсруулсан тогтоолын төсөлд нийт таван багц, 38 ажил хэрэгжүүлэхээр тусгасан байна. Төсөлд Монгол Улсын 2020 төсөвт тодотгол хийж, “COVID-19” халдвараас үүндэн ажилгүй болсон иргэдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 сараар буюу 1.2 сая төгрөг олгох, төрийн байгууллага, албан тушаалтны том оврын автомашин, утас, томилолт, баяр ёслол, хурал, уулзалт, зөвлөгөөнийн зардлыг хасах асуудлыг тусгажээ.
 
Мөн Төвбанкинд Засгийн газрын бондыг арилжаалж, банкуудад санхүүгийн зузаатгал хийж, зээлийн шаардлагыг бууруулах эрх олгох, ажлын байрыг хэвээр хадгалсан аж ахуйн нэгжид Хөгжлийн банк болон Төрийн банкаар дамжуулан жилийн 3 хувийн хүүтэй санхүүжилт олгохоор тусгажээ. Түүнчлэн Засгийн газраас уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдэд өмнөх 2 жил төлсөн татварын дунджаар зээлийн баталгаа гаргах, түрээсийн орон сууцны цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж, хэрэгжүүлэгч компаниудын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах, аж ахуйн нэгжүүдийг Нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээс бүрэн чөлөөлөх нь зөв хэмээн үзсэн байна.
 
Төслийг УИХ-д өнөөдөр өргөн барих юм байна.