sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Шинэ Зеландын эрх баригчид тус онцгой бүстэй хийж буй харилцаагаа  эргэж харахаар төлөвлөж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Уинстон Питерс мэдэгджээ.
“Засгийн газар цаашдын хамтын ажиллагаанд тохирох хэлбэрийг тодорхойлох зорилгоор Хонконгийн талаар баримталж буй Шинэ Зеландын бодлогын бүхий л зүйл заалтыг дахин нягтлахыг албаны хүмүүст үүрэг болголоо” гэж тэрбээр мэдэгдсэнийг "Radio New Zealand радио" уламжилсан байна. Түүний хэлснээр, “ялтан шилжүүлэх гэрээ, стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүний экспортын хяналт болон БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүсэд зорчих зөвлөмжийг” эргэж харах аж.
 
БНХАУ-ын парламентын баталсан Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тухай хууль зургадугаар сарын 30-нд хүчин төгөлдөр болжээ. Хууль тогтоогчид үндэсний аюулгүй байдалд аюул учруулсны төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх дөрвөн төрлийн гэмт хэргийн нарийн тодорхойлолтыг оруулжээ. Үүнд салан тусгаарлах үйл ажиллагаа явуулах, төрийн эрх мэдлийг сулруулахыг оролдох, террорист үйл ажиллагаа явуулах, үндэсний аюулгүй байдалд аюул учруулах зорилгоор гадаадын улс орнууд эсвэл гадаадад байгаа хүчнүүдтэй хуйвалдах хэргүүд багтсан байна.
 
Тавдугаар сарын 28-нд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл боловсруулах тогтоолыг баталсан юм. Хонконгийн Засгийн газрыг эсэргүүцэгч хүчнүүд болон барууны хэд хэдэн улсын эрх баригчид энэхүү шийдвэрийг Бээжин засаг захиргааны онцгой бүсийнхээ бие даасан статуст тавих хяналтаа чангатгахыг оролдож байна гэж үзэж, эрс эсэргүүцсэн билээ. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг