sonin.mn
БУДАПЕШТ. /theguardian/. Европт хэдэн мянган монгол гацаад байна. Будапешт хотод сурдаг Пүүжээ энэ хавар хичээлээ дуусгаад Монгол руу буцаж ажилдаа орох төлөвлөгөөтэй байсан боловч Монгол Улс коронавирусний улмаас хилээ хааж, өнөөг хүртэл нээгээгүй байгаа юм.
“Covid-19” цар тахлын улмаас дэлхий даяар аяллын олон сая төлөвлөгөө, баяр ёслол цуцлагдаж байгаа хэдий ч иймэрхүү асуудлуудыг эх орондоо харьж чадахгүй байгаа хүмүүсийнхтэй харьцуулахад тийм ч хүнд асуудал биш юм.
Хятад оюутнууд, монгол жуулчид, Газын зурвас дахь палестинчууд гээд олон хүн эх орон руугаа харьж чадахгүй, гэр бүлээсээ хол, эдийн засгийн хүндхэн байдалтай, ирээдүй нь тодорхойгүй сууж байна.
 
 
 
Хилээ хааж, хорио тогтоосон нь монголчуудад хамгийн хүндээр тусаж байна. Монголчуудын гэртээ харих ганцхан боломж нь Засгийн газрын тусгай үүрэгт нислэг. Сардаа нэг удаа Франкфурт, Истанбулаас нисдэг уг нислэгийн тасалбар нь маш үнэтэйгээс гадна нислэгт багтсан зорчигчид Монголдоо очоод тусгаарлалтад байх хугацааны зардлаа төлөх ёстой.
 
 
 
Гэвч хичнээн мөнгөтэй байгаад ч эрэлт нь нийлүүлтээс хэт давсан. Нислэгт багтах гэж хэдэн мянган хүн бүртгүүлж, ихэнх нь хасагдана. Үүгээр ч зогсохгүй эрх мэдэлтнүүдтэй холбоотой хүмүүс онгоцонд давуу эрхээр суух болсон гэх яриа гараад байгаа бөгөөд үүнд Монголын Гадаад харилцааны яам хараахан тайлбар өгөөгүй байгаа юм.
Сард хоёрхон нисэж байгаа нислэгийг Европт байгаа 2500 монгол хэр удаан, хэрхэн хүлээх вэ гэдгийг төсөөлдөө гэж Унгарын Печ хотод гацсан Л.Оюунаа хэллээ. Тэрбээр өөрийн бухимдал, гомдлоо хуваалцах зорилгоор Европт гацсан монголчуудад зориулсан “Facebook” группыг нээжээ. Европт оюутнууд мөнгөгүй болж, зарим жуулчид 3 дугаар сард нислэгүүд цуцлагдсанаас болж нэг газраа хэдэн сараар гацаад байгаа ажээ.
 
 
 
Тусгай үүргийн онгоцонд суудал авах бараг боломжгүй байгааг харгалзан Европт гацсан зарим монголчууд өөр хувилбарыг туршиж байна. Жишээ нь Унгар дахь бүлэг хүмүүс онгоц захиалах хувилбарыг шалгасан боловч Монголын эрх баригчид онгоцыг буулгахгүй гэсэн хариу хүлээн авчээ. Гэвч тэд сүүлийн хувилбар буюу ОХУ-ын нутаг дэвсгэрээр хэдэн өдөр явж, Монголын хилийн ойролцоо буудаллахаар төлөвлөж байна.
 
 
 
Пүүжээ эх орон руугаа буцах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Учир нь тэрбээр Будапешт хот дахь ажлаа алдаад барахгүй Ази төрхнөөсөө болж бусдын халдлагад хүртэл өртжээ. 
Пүүжээ: “их сургуулийн тэтгэмж зогссон. Энд ажил олдохгүй, визний хугацаа ч дуусаж байгаа. Хаана очихоо мэдэхгүй байна. Би зүгээр л гэртээ харимаар байна" гэж хэллээ.