sonin.mn
КАИР. /TASS/. Бахрейн, Израил улсууд албан ёсоор дипломат харилцаа тогтоолоо. Израилын өндөр албан тушаалтнуудын ням гарагт Бахрейнд хийсэн айлчлалын үеэр холбогдох гэрээнд гарын үсэг зурсан тухай тус улсын Гадаад хэргийн сайд Абдель Латиф бин Рашед аль-Заяни мэдээлжээ.
“Израилтай дипломат харилцаа тогтоох гэрээнд бид гарын үсэг зурлаа. Бид энх тайван тогтооход яриа хэлэлцээний замыг  тууштай баримталж байгаа бөгөөд Ойрхи Дорнодод энх тайвныг шударгаар, бүрэн дүүрэн тогтоох ёстой. Израил, Палестин хоёр зэрэгцэн орших тухай шийдвэрийг олон улсын тогтоолууд болон 2002 оны Арабын энх тайвны санаачилгын дагуу гаргах ёстой” гэж тэрбээр хэлсэн байна.
 
 
 
Бахрейны нийслэл Манама хотод санхүү, эдийн засаг, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамтран ажиллах тухай нийтдээ долоон санамж бичигт гарын үсэг зуржээ.
 
 
 
Израилын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Меир Бен Шаббат тэргүүтэй тус улсын албан ёсны төлөөлөгчид болон АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин тэргүүтэй Америкийн төлөөлөгчид Ойрхи Дорнодын хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн болгох зорилгоор ням гарагт түүхэнд анх удаа хамтдаа Израил улсаас Бахрейн руу ниссэн байна.
Израилын тал Арабын Нэгдсэн Эмирт Улс болон Бахрейнтай харилцаагаа хэвийн болгох тухай гэрээнд есдүгээр сарын 15-нд Вашингтон хотноо гарын үсэг зурсан билээ. Тухайн үед Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Арабын тус хоёр улстай эвлэрснийг Араб-Израилийн мөргөлдөөнийг эцэс болгоход тус дөхөм үзүүлэх “түүхэн дэх эргэлтийн цаг мөч” хэмээн мэдэгдсэн юм.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг