ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “COVID-19”-ийн вакциныг ирэх 11 дүгээр сарын 3-нд болох ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө бэлэн болно хэмээн таамагласан нь биеллээ олох төлөвгүй байна.
 
Америкийн “Pfizer” эмийн компани коронавирусний вакцинаа гаргах зөвшөөрлийг 11 дүгээр сарын эцэс хүртэл гаргахгүй гэдгээ өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн юм. Мөн өөр хоёр компанийн вакцин хойшлоод байгаа бол дөрөв дэх компанийн хувьд вакцины үр дүн нь энэ оны эцэс хүртэл гарахгүй төлөвтэй байгаа талаар мэдээлжээ.
 
Д.Трамп өмнө нь коронавирусний вакцин гарган авах үйл явцыг түргэвчлэх зорилготой “Operation Warp Speed” нэртэй, засаг захиргааныхаа санаачилгыг сайшааж, вакцин сонгуулийн өдрөөс өмнө бэлэн болно гэж удаа дараа мэдэгдсэн юм. Харин Засгийн газрын болон өөр мэргэжилтнүүдийн хувьд уг хугацааг хийсвэр гэж үзэж байгаагаа илэрхийлж байжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг