БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагааны дарга Ё.Шнайдерийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны байгаль орчны хамтын ажиллагаа ой, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Монгол Герман орнууд байгаль орчин, тэр дундаа ой, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон жилийн амжилттай хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Хоёр талын хамтын ажиллагаанаас гадна Уур амьсгалын ногоон сан, Даян дэлхийн байгаль орчны сан, Дасан зохицох сан гэх мэт олон талт хамтын ажиллагаагаар дамжуулан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэнд талархаж байна.
 
Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад ажиллаж буй албан хаагчдыг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах, орон нутагт амьдарч буй иргэдийн амьжиргааг дэмжих, хүүхэд залуучуудад чиглэсэн ажлыг түлхүү хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэж итгэж байна” гэлээ.
 
ХБНГУ-ын Элчин сайдын яамны Хөгжлийн хамтын ажиллагааны дарга Ё.Шнайдер “Байгаль орчны чиглэлээр бид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, үр дүнтэй ажиллахаас гадна хүүхэд багачуудад чиглэсэн нөлөөллийн ажлуудыг түлхүү хийх цаг нь болжээ.
Хүүхдэд бага балчраас нь байгаль дэлхийн гайхамшиг, түүнийг хайрлан хамгаалахын ач холбогдол, үр дагаварыг ойлгуулах нь нэгэнт эвдэрч, сүйдсэн байгалиа сэргээх, дахин өндийлгөхөөс ч илүү үр дүнтэй байх юм. Бид хамтран энэ чиглэлд олон ажлыг хийж, тодорхой үр дүнд хүрч чадна гэж найдаж байна” хэмээн ярилаа.