Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2021 оны III улиралд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийнхийг 2022 оны III улиралд дуусгаж, Зүүнбаян-Ханги чиглэлийн барилгын ажлын зураг төслийг ирэх онд боловсруулж, 2024 онд барьж дуусгана.
-       Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн 58 км автозамын засвар, шинэчлэлт, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км замыг дуусгаж, Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн 126.7 км замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган Улсын комисст хүлээлгэж өгөхийг даалгав.
 
-       Баруун гар талдаа жолооны хүрдтэй, долоо ба түүнээс дээш жилийн насжилттай, өмнө нь осолд орж байсан, эвдрэлтэй тээврийн хэрэгслийг импортоор оруулахыг үе шаттай хориглох талаар хэлэлцүүлэхийг үүрэг болгов.
 
-       Туул голын сав газраас түгээмэл тархацтай ашигт малтмал олборлохыг зогсоох, нөхөн сэргээлт хийх зэрэг үе шаттай арга хэмжээ авах санал боловсруулж хэлэлцүүлэхийг даалгав.
-       Байгаль орчин, аялал жуулалчлын яамнаас олгож байгаа тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжинд зургаан төрлийн зөвшөөрлийг энэ онд багтаан цахимаар олгож эхэлнэ.
-       Хөвсгөл нуурт живсэн машин техникийг олон улсын байгууллагуудтай хамтран татаж гаргахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болов.
-       Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хүртэл хувь бууруулж, бусад томоохон хот, суурин газрын бохирдлыг үе шаттай бууруулах чиглэлээр иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана.
-       Агаар, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн инноваци, дэвшилтэт техник, технологийг үе шаттай туршин нэвтрүүлэхийг холбогдох сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгов.