Сүүлийн үед Монгол орны олон аймаг, сумын суурьшлын бүсэд, цаашилбал нийслэл хотод хүрэн баавгай орж ирэх тохиолдол нэмэгдэж, иргэдийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулах боллоо. Өчигдөр Монголчуудыг цочроосон харамсалтай хэрэг хүртэл гарав. Урьд нь ой тайгын гүнд амьдарч, хүнээс аль болох зай барьдаг байсан энэ амьтан яагаад гэнэт айл хот, суурин газар бараадах болов гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна. Үүнийг зөвхөн баавгайн тоо толгой өссөн, эсвэл зэрлэг амьтан хүний амьдрах орчинд халдаж эхэлсэн мэтээр тайлбарлах нь өрөөсгөл юм. Харин ч хүн төрөлхтөн, тэр дундаа бид өөрсдөө ойн амьтдын идэш тэжээлийг булааж, амьдрах орчныг нь алдагдуулсны үр дагавартай нүүр тулж байж болзошгүй.
Энэ асуудлын гол зангилааны нэг нь хуш модны самар юм.
Монголчууд хушны самрыг байгалийн баялаг, хүнсний бүтээгдэхүүн, орлогын эх үүсвэр хэмээн үздэг. Гэвч самар бол зөвхөн хүний хэрэглээний бүтээгдэхүүн биш. Энэ нь ой тайгын амьтдын, тэр дундаа хүрэн баавгайн намрын улирлын чухал идэш тэжээл.
Баавгай өвлийн ичээндээ орохын өмнө биеийн жингээ нэмэгдүүлж, хангалттай хэмжээний өөх тос хуримтлуулах шаардлагатай байдаг. Үүнд тослог, илчлэг ихтэй хушны самар чухал үүрэг гүйцэтгэнэ.Гэтэл сүүлийн жилүүдэд хушны самрыг арилжааны зориулалтаар их хэмжээгээр түүх явдал ой тайгын байгалийн тэнцвэрт байдалд дарамт учруулах болсон.
Самрын үнэ өсөхийн хэрээр түүнийг түүх сонирхол нэмэгдэж, хүмүүс ой тайгын гүн рүү машин техник, тоног төхөөрөмжтэй нэвтрэх нь олширчээ. Үүний улмаас зөвхөн самрын нөөц багасаад зогсохгүй зэрлэг амьтдын амьдрах орчинд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дарамт нэмэгдэж байна.
Өөрөөр хэлбэл, бид баавгайн хоолыг нь түүж аваад зогсохгүй хоол тэжээлээ олж иддэг орчинд нь хүртэл тайван амьдрах боломж олгохгүй байгаа хэрэг.
2026 оны нөхцөл байдал үүнийг улам тод харуулж байна. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэдээлснээр, энэ жилийн хуш модны самрын ургацын хэмжээ хэвийн түвшнээс эрс буурч, 40 хувьд ч хүрэхгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, байгаль өөрөө хангалттай хэмжээний самар ургуулаагүй байхад хүн нэмж түүвэл ойн амьтдад үлдэх идэш тэжээл улам хомсдох нөхцөл бүрджээ.
Ийм нөхцөлд баавгай ердийн амьдрах орчноосоо гарч, өөр газраас хоол хүнс хайхаас өөр аргагүйд хүрнэ. Ялангуяа бамбарууштай эм баавгайн хувьд өөрийгөө төдийгүй үр төлөө тэжээх шаардлагатай учраас идэш тэжээлийн хомсдол илүү хүндээр тусдаг.
Албаныхны мэдээллээс үзвэл энэ намар суурьшлын бүсэд ойртсон баавгайнуудын дунд туранхай, эцэнхий, бамбарууш дагуулсан амьтад цөөнгүй байна. Зарим баавгайд хийсэн задлан шинжилгээгээр ходоодонд нь идэш тэжээл байгаагүй нь тогтоогджээ. Энэ бол анхаарал татахуйц баримт. Баавгай хүнтэй ойртохыг хүссэндээ бус, өлсгөлөнгийн улмаас эрсдэлтэй орчинд орж ирж байгааг илтгэх нэг шинж юм.
Есдүгээр сарын сүүлчийн байдлаар 12 аймагт хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 240 гаруй дуудлага, тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлсэн. Энэ нь ганц нэг аймагт тохиолдсон санамсаргүй үзэгдэл бус, өргөн хүрээнд анхаарал хандуулах шаардлагатай байгаль орчны асуудал болсныг харуулж байна.
Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам есдүгээр сарын 10-нд хуш модны самрыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэхийг хориглох шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн үндэслэл нь самрын ургац муу байгаа болон зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдолтой шууд холбоотой.
Энэ шийдвэр өөрөө нэг зүйлийг тодорхой харуулж байна. Хушны самрын нөөц, түүнийг хүний хэрэгцээнд ашиглах хэмжээ, баавгай зэрэг зэрлэг амьтдын амьдрах нөхцөл хоорондоо нягт уялдаатай ажээ.
Гэхдээ баавгай суурин газар руу орж ирж буй бүх тохиолдлыг самрын түүлтээс шууд шалтгаалсан гэж дүгнэхэд өрөөсгөл. Самрын байгалийн ургацын бууралт, ган хуурайшилт, ой хээрийн түймэр, амьдрах орчны доройтол, хүнсний хаягдал зэрэг олон хүчин зүйл зэрэг нөлөөлж байгаа. Түүнчлэн ОХУ-ын хил залгаа бүс нутгаас идэш тэжээл хайсан баавгай Монголын нутагт орж ирж байгаа тухай ч холбогдох албаныхан мэдээлсэн.
Гэвч эдгээр шалтгаан дундаас хушны самрын асуудлыг онцгойлон авч үзэхээс аргагүй. Учир нь самрын байгалийн ургац муудах нь хүний хяналтаас гадуурх үзэгдэл байж болох ч үлдсэн самрыг нь ямар хэмжээгээр түүх вэ гэдэг бол бидний зохицуулж чадах асуудал юм.
Баавгай бол байгалийн тэнцвэрт байдлын нэг хэсэг. Түүнийг зөвхөн хүний амь нас, эд хөрөнгөд аюул учруулж болзошгүй амьтан гэж харахаас гадна яагаад олон зуун жилийн турш амьдарч ирсэн ой тайгаа орхин суурин газар бараадах болсныг ойлгох хэрэгтэй.
Хэрэв ой тайгад нь хангалттай хоол тэжээл, тайван амьдрах орчин байсан бол баавгай хүний хашаа, хот айл бараадах шаардлага харьцангуй бага байх байв.
Эцэст нь хэлэхэд, энэ намар Монголын олон аймагт баавгай суурин газар руу орж ирсэн явдал бол зүгээр нэг зэрлэг амьтны зан авирын өөрчлөлт биш. Энэ нь байгалийн нөөцийн хомсдол, хүний үйл ажиллагаа, экологийн тэнцвэр алдагдаж байгааг харуулсан ноцтой дохио юм.
Бид хушны самрыг зөвхөн зах зээлд борлуулах бүтээгдэхүүн гэж харсаар байвал ойн амьтдын амьдрах нөхцөлийг улам хүндрүүлж мэднэ.
Баавгай бидний гэрт ирэхийг хүсээгүй. Харин бид түүний гэрт үлдэх хоолыг нь багасгасан байж болзошгүй.
Энэ бол өнөөдрийн асуудлын хамгийн гол сургамж юм. Эцэст нь хэлэхэд баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой ажээ.
Э.Солонго
Баасан - 10 сарын 09,
2026
Сэтгэгдэл0