sonin.mn

Монгол Улсад шийдвэрлэх асуудал дуусаж, ард түмний амьдрал хангалуун сайхан болсон бололтой. Шатахууны хомсдол арилж, бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиж, иргэдийн орлого нэмэгдэж, ажилгүйдэл, ядуурал, авлига, агаарын бохирдол гээд олон жилийн турш толгой өвтгөсөн асуудлууд нэгэнт шийдэгдсэн мэт. Үүнийг УИХ-ын гишүүдийн анхаарал хандуулж буй асуудал, нийгмийн сүлжээнд өрнөж буй хэлэлцүүлгээс харж болохоор байна.

Учир нь сүүлийн үед Монголын улс төр, нийгмийн анхаарлыг татсан сэдвүүдийн нэг нь АНУ-ын санхүүч, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт холбогдсон Жеффри Эпштейны асуудал болжээ. Тэр ч байтугай үүнтэй холбоотой сонсголыг УИХ зохион байгууллаа.


Мэдээж Эпштейны хэрэг бол олон улсын хэмжээнд анхаарал татсан, насанд хүрээгүй хүүхдүүдийн бэлгийн мөлжлөг, эрх мэдэл, хөрөнгө мөнгөний нөлөөлөлтэй холбоотой ноцтой асуудал. Энэ хэргийг шалгаж, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой гэдэгтэй маргах зүйлгүй. Хэрэв Монгол Улсын иргэн, албан тушаалтан уг хэрэгт холбогдсон гэх бодитой баримт, мэдээлэл байгаа бол эрх бүхий байгууллагууд шалгах нь зүйн хэрэг.


Гэхдээ энд нэг асуулт гарч ирнэ. Монголын төр, парламентын анхаарлыг өнөөдөр хамгийн түрүүнд татах ёстой асуудал үнэхээр энэ мөн үү?

Монголчуудын өдөр тутмын амьдралыг харвал огт өөр дүр зураг харагдана. Өрхийн орлого хүрэлцэхгүй, иргэд банкны зээл, лизингийн төлбөрт дарагдаж, залуус орон сууцтай болох боломжоо хайж, ахмадууд тэтгэврийн мөнгөөрөө амьдралаа залгуулах гэж хичээж байна. Аж ахуйн нэгжүүд татвар, зээлийн хүү, үйл ажиллагааны зардлын дарамтад орж, жижиг бизнес эрхлэгчид хаалгаа барих уу, үргэлжлүүлэн ажиллах уу гэдэг сонголтын өмнө тулгарсаар байна.

Нийслэлийн замын түгжрэл, утаа, хөрсний бохирдол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, боловсролын чанар гээд шийдлээ хүлээсэн асуудлуудыг тоочоод барахгүй.

Гэтэл энэ бүхний хажуугаар дэлхийн нөгөө өнцөгт олон жилийн өмнө дэгдсэн дуулианыг Монголын улс төрийн хэлэлцүүлгийн гол сэдэв болгох гэж оролдож байгаа нь үнэхээр хачирхалтай.

Монголын парламент бол дэлхийн бүх дуулианыг хэлэлцдэг клуб биш. Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалж, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэгтэй төрийн эрх барих дээд байгууллага.


УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг хязгааргүй цаг хугацаа, хүссэн сэдвээрээ шуугиан дэгдээх боломж гэсэн үг биш. Тэдний ажиллах цаг, зохион байгуулж буй сонсгол, зарцуулж буй төсөв, ашиглаж буй төрийн нөөцийн цаана татвар төлөгчдийн мөнгө бий.


Иймээс парламентын хэлэлцэх асуудал бүр нийгмийн бодит хэрэгцээ, нийтийн эрх ашигтай холбогдож байх учиртай.

Харамсалтай нь манай улс төрд нэг буруу жишиг улам бүр газар авч байна. Бодит асуудлыг шийдвэрлэхээс илүүтэй олны анхаарал татсан сэдвээр мэдэгдэл хийх, хэвлэлийн бага хурал зарлах, сонсгол санаачлах, нийгмийн сүлжээнд шуугиан тарихыг улс төрийн ажил гэж ойлгодог болжээ.

Нэг хэсэг нь сенсаац хөөж, нөгөө хэсэг нь түүнийг нь шүүмжилж, гурав дахь хэсэг нь талцан маргалдана. Ингэсээр хэдэн өдөр, заримдаа хэдэн долоо хоног өнгөрнө. Харин энэ хугацаанд иргэдийн амьдралд тулгамдсан асуудлууд хэвээр үлдэнэ.

Хамгийн харамсалтай нь иймэрхүү шуугианд зөвхөн улс төрчид бус, нийгэм бүхэлдээ татагдан ордог явдал юм. Бидний амьдралд шууд нөлөөлөх төсвийн зарцуулалт, татварын бодлого, эдийн засгийн өсөлт, эрүүл мэндийн тогтолцооны асуудлаас илүүтэй хэн нэгний хувийн амьдрал, олон улсын дуулиан, улс төрийн хэрүүл маргаан олны анхаарлыг татах нь элбэг.

Үүний цаана Монголын нийгэмд бий болсон нэг ноцтой үзэгдэл харагдана. Бид асуудлыг шийдвэрлэхээс илүүтэй асуудлын тухай маргах дуртай болжээ. Үр дүн шаардахаас илүүтэй шуугиан сонирхдог, бодлогын хэлэлцүүлгээс илүүтэй сенсаацад татагддаг хандлага газар авч байна.


Хэрэв Эпштейны хэрэг Монгол Улстай холбоотой, шалгах шаардлагатай тодорхой баримт байгаа бол түүнийг олон нийтэд танилцуулж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэх хэрэгтэй.


Харин ийм үндэслэлгүй атлаа зөвхөн олон улсын дуулианыг дотоодын улс төрийн сенсаац болгох гэж байгаа бол энэ нь төрийн ажлын эрэмбэ алдагдсаны илрэл болно.

Монгол Улс жижиг эдийн засагтай, шийдвэрлэх асуудал ихтэй, хөгжлийн боломжоо бүрэн ашиглаж чадаагүй орон. Бидэнд үрэх илүүдэл мөнгө, дэмий өнгөрөөх цаг хугацаа, хий хоосон маргаанд зориулах төрийн нөөц байхгүй.

Улс орны хөгжлийг урагшлуулахын тулд улс төрчид нь бодлого ярьж, парламент нь үр дүн шаарддаг, иргэд нь төрөөс бодит ажил нэхдэг болох ёстой.

Гэтэл өнөөгийн байдлыг харахад Монгол Улсад шийдвэрлэх асуудал үлдээгүй, монголчууд хийх ч ажилгүй, санаа зовох ч зүйлгүй болсон мэт сэтгэгдэл төрөхөөр байна.

“Эпштейны сонсгол”-ын тухай шуугиан бидэнд нэг зүйлийг тодорхой харууллаа. Монголчуудын амьдралд тулгамдсан асуудал дууссандаа биш, харин улс төр, нийгмийн анхаарал бодит асуудлаасаа хэтэрхий амархан сарнидаг болжээ.

Уг нь Монголын төрд дэлхийн дуулианыг хэлэлцэхээс өмнө Монголын иргэдийн амьдралыг өөд татах ажил хангалттай олон бий.



С.Сарнай