sonin.mn
Манай монголын ард түмэн эртний уламжлалаараа өвөг дээдсээ ихэд хүндэтгэн тэднийхээ үг сургаалийг эрхэмлэн үзэж, төрд халамжлан зөвлөгч нар ажиллуулж байсан түүхтэй.
 
Социалист нийгмийн үед ч ахмадуудын эрх ашгийг хамгаалсан төв, орон нутгийн байгууллага ажиллуулж ирсэн уламжлалтай. Гэтэл ардчилал нэрийн дор гарч ирсэн янз бүрийн нам, улс төрийн хүчин ахмадуудыг талцуулан хувааж, бүр чөлөөт холбоо гэсэн  нэр өгөөд нэг хэсэг ахмадуудын толгойг нь эргүүлж байх юм.
 
Монголын Ахмадын холбоо гэж олон мянган ахмадуудын эрх ашгийг хамгаалсан байгууллага чинь яагаад чөлөөт бус болчихоод байгаа юм бэ? Чөлөөт ахмадын холбоо гэдэг нэрийг Улаанбаатарт хэдэн жилийн өмнө болсон цуглаан дээр Г.Баасан гэдэг “авгай” анх хэлж ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар ярьж, настан буурлуудын төлөө “ёстой л үхэтлээ” тэмцэх юм ярьж гарч ирээд сүүлийн хэдэн жил чимээ аниргүй болохоор нь сураг тавибал орон сууцаар шагнуулж, бүр Ерөнхий сайдын зөвлөх болж “томроод”  ахмадуудын тухай ярихаа больсон гэж дуулдсан.
 
Гэтэл гэнэт сэрж манай аймагт ирж  чөлөөт ахмадын холбооны салбар байгуулж, нэг “залууг” удирд гэж тамга тэмдэг гардуулсан дуулдлаа.
 
Ахмадын байгууллага гэдэг чинь улсаас тогтоосон хуультай, өөрийн дүрэм журамтай, байгууллага болохоос хэн нэгэн янз бүрийн нэр цол өгөөд, ахмадуудыг талцуулан хувааж өөртөө татаад байж болмооргүй юм.
 
Ахмадуудад нийтлэг нэг л эрх ашиг, зорилго байхад залуу хөгшнөөрөө, үзэл бодлоороо, яс үндэс, баян хоосноороо хуваагдаад баймааргүй байна. Ахмадын байгууллагыг удирдана гэдэг тэтгэвэрийн хэдэн хөгшний нэр данс хөтлөөд, элдэв гомдол гаргасныг сонсох төдий суухын нэр биш.
 
Төрийн ба бус байгууллагуудын анхаарлыг тэдний зүгт хандуулдаг, хэлсэн ярьсан санал бодлыг нь хэрэгтэй газарт нь сонсгодог, ахмадуудын зөвлөгөө сургамжийг төрийн дээд байгууллагаас эхлээд хүүхэд  багачуудад хүргэдэг, хороо зөвлөлүүдээ удирддаг гэх мэт олон үүрэгтэй. А
 
хмадуудынхаа эрүүл мэндийг хамгаалуулдаг,хувь хүний ураг удмаас эхлээд байгууллага аймгийн түүхийг судалдаг, сэргээж өвлүүлдэг, гэрээслэл сургаалиа хойч үедээ дамжуулдаг энэ бүхэнд манай ахмадын байгууллагууд их анхаарч санаачилж ажилладаг, төрийн, төрийн бус байгууллагууд залуучууд түүнийг сонсдог хэрэгжүүлдэг байх ёстой.
 
Ахмадын байгууллага гэдэг чинь ажил зохион байгуулах ур чадвартай, ахмад хүнд тохиолддог жаргал зовлонг биерээ мэдэрсэн, түүх соёлоо мэддэг судалж, дамжуулдаг байх ёстой учир эдгээр шаардлагыг хангасан хүнийг олон ахмадууд өөрсдөө дотроосоо олж сонгох ёстойгоос бус  хэн нэг хүний дураар томилдог  байж таарахгүй гэж бодож явдгаа  илэрхийлж байна.
 
Ахмад настан С.Батсүх
 
Эх сурвалж: "Монгол говь" сонин