2015 оны улсын төсөв хэлэлцэхтэй давхцан бүтцийн өөрчлөлт нэрээр Засгийн газар бүрэлдэхүүнээ өөрчилсөн. Засгийн газрын тэргүүнээ ч огцруулав. Нэмэгдэхүүний байрыг сольсноор нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй гэгч болох вий.

Ер нь өнөөгийн төр барьж буй эрхмүүд хэн нь хэнийгээ хэлэх вэ гэгч болжээ. УИХ-ын өнгөрсөн Баасан гарагийн чуулган дээр гишүүн Ц.Нямдорж “Өмнөх Засгийн газрыг иргэний нийгмийнхэн МАНАН гэдэг байсан.

Харин энэ засгийн газар Түнэр харанхуй байна..."гэв. УИХ дээр төсөв хэлэлцэхэд мэргэжлийн хүмүүс л ойлгодог байх гэмээр тун бүрхэг зүйл ярьж биө биесээ ёжилж суух юм. Харин төсөв хэлэлцэж буй байдалд мэргэжлийн хүн ямар дүгнэлт хийж байна вэ? Энэ удаа Сангийн яам, татварын алба, ТЕГ-т олон жил ажиллаж байсан Ш.Цэрэндоржийн байр суурийг уншигчиддаа хүргэж байна.


Эдийн засаг улс төрөөс 100 хувь хамаарч байна

Чингис бондын 1.5 тэрбум доллар, Самуурай бондын 600-аад сая долларыг 2014 оны төсөвт суулгаагүйгээс төсвийн байдал худлаа гарч байна. Төсвийн алдагдал 2.0 хувь байх ёстой. Гэтэл үүнийг оруулж тооцохоор 7.0 болчих гээд  байхаар нь төсвийн гадуур гаргачихсан.

Эдийн засаг улс төрийн нөхцөл байдлаас 100 хувь хамаарч байна. Төсөв ярихаар Оюутолгойн гэрээ гээд байдаг. Өөрсдөө хамтарч гэрээгээ байгуулчихаад ямар нэг далд гарын удирдлага байна гээд хүмүүсийн тархийг угаагаад ард түмнийг залхааж байна.

Улс орны амьдралыг авч явах бодитой тоо ярихын оронд цэцэн цэлмэг болж харагдах гэсэн яриагаа УИХ-ын гишүүд больмоор байна. Намрын ургац хураалтаар яав. Төмөр зам, эдийн засгийн идэвхжлийн 100 хоног гээд. Төр засаг зөв бодлого явуулж байгаа бол ард түмний амьдралд мэдрэгдэх ёстой.

Одоогийн улс төрчдийн дүртөрхбидэндойлгомжтой. Ардчилал нэрийн дор популизм хийж байгааг ард түмэн өнгөрсөн 23 жилийн хугацаанд харлаа. Ард түмнийхээ төлөө ажиллах ёстой УИХ-ын гишүүд албан тушаалын наймаа хийдэг, худлаа ярьж бие биедээ ая тал засдагаа болиоч ээ. Гэтэл 20 жилийн хугацаанд сэв хийтэл боссон улс байна шүү дээ.

Гадаадын хөрөнгө оруулалт буурсан гээд гасалж гангинаад гашуудал зарлах гээд байна. Оюутолгойн хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнхийг эзэлж байсан.        

Газрын дээр, доор барих зүйлээ бариад бүтээн байгуулалт хийгээд дуусахаар хөрөнгө оруулалт нь бууна биз дээ. Энэ шалтгааныг яагаад үнэн бодитой хэлдэггүй юм. Хөрөнгө оруулалтын үр ашгийг яагаад ярихгүй байна.

Валютын ханшаар хэсэг бүлэг хүмүүс, арилжааны банкууд тоглож байна. Монгол банк ч өөрөө энэ тоглолтод орчихсон. Үүнийг иргэд мэдэж л байгаа. Товчхондоо валютын ханш унасан, хөрөнгө оруулалт буурсан гэдэг эзэн биегүй зүйл рүү бүх буруугаа чихэж ард түмнээ басамжилж байна.

Зөв зүйл ярьдаг улс төрчдөө дэмжиж дуу хоолойгоо гаргамаар байна

Гэхдээ үүний учрыг хэлж чадах хүмүүс байгаа. Улс төрийн үзэл, намчирхсан байдлаас тэдний үгийг сонсохгүй байна.

Төрийн албанд хэлтсийн дарга нь АН-ын гишүүн бол орлогч дарга нь МАН-ийнх ч гэх шиг. Ухаалаг төр гэг Монгол улсын Ерөнхийлөгч зөв зүйл ярьж байна. Давхар дээлээ тайлах тухай ярихад УИХ, Засгийн газар яав. Энэ бүхнийг ард түмэн шүүж харж л байгаа.

Эцсийн эцэст ходоод чинь өлсөж байгаа бол улс төрчдийн худлаа амлалтад битгий хууртаач ээ гэдгийг хэлмээр байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол орноо яаж хөгжүүлэх вэ гэсэн сайхан ном гаргасан. Оюутолгойн талаар тодорхой тоо баримтаар болохгүй бүтэхгүйг нь ярьж байна.

Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн саяхан Өглөөний сонинд өгсөн ярилцлагадаа “Оюутолгойн гэрээг байгуулсан хүмүүсийг шийтгэх ёстой” гэсэн байсан. Энэ мэт бодитой зүйл ярьж байгаа хүмүүсээ дэмжиж дуу хоолойгоо гаргамаар байна.

Монгол улсын хуулийн дагуу төлөх ёстой татвараа Оюутолгой төлөхгүй байна. Үүнийгээ авч төсвийн алдагдлаа нөхөх талаар яагаад эрх баригчид ярихгүй байна.

Ядарсан иргэн НӨАТ төлж байхад алт олборлогчид НӨАТ төлөхгүй байна

2007 онд татварын хуульд өөрчлөлт оруулж улс төрчид, мөнгөтэй хүмүүст найр тавьсан. Үүнийгээ залруулах ёстой. Өөрөөр хэлбэл, бизнесийн таатай орчин бий болгож байна гээд татварын нэг шатлалтай болгосон нь баян, хөрөнгө мөнгөтэйг нь урамшуулсан, жижиг дундад нь ямар ч нөлөө үзүүлээгүй болсон.

3.0 тэрбумын ашгийн 10 хувь 300.0 сая төгрөгийн татвар төлөөд 2.7 тэрбум нь үлдэх, 300.0 мянган төгрөгийн цалинтай хүн 10 хувиа өгөөд 270.0 мянган төгрөгөөр амьдрах хоёрын хооронд тэнгэр газар шиг зөрүү байгаа биз.

Үүнийг  өөрчилж орлогын албан татварын дөрвөн шатлалтай байсныг сэргээмээр байна. 3.0 тэрбумаас дээш татвар төлөгч нь нийт татвар төлөгчдийн 0.3 хувь орчим буюу 40 гаруй компани байгаа.

Мөн НӨАТ-ын хууль Монголдтохирохгүй. Ядарсан иргэн талх авахдаа НӨАТ-тай талх аваад нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна. 1000 төгрөгний талхны 100 төгрөг нь НӨАТ болж байгаа.

Гэтэл дахин бий болгохгүй алт эрдэнэсийг хуу хамчихаад ямар ч татвар төлөхгүй авч байгааг нь НӨАТ-аас чөлөөлж байна. Төрийн түшээд үүнийгээ хараач ээ. Төсвийн алдагдал нөхөх нөөц чинь энд байна шүү дээ.

Хуулийг хогийн тантан болгохоо больё

2007 онд татварын өршөөлийн хуулиар бага ч гэсэн татвар төлдгийг нь хохироогоод татвар төлдөггүйчүүд нь хожсон. 460.0-аад тэрбум төгрөгийн татварыг тэглэж байсан. Одоо дахиад татварын өршөөл үзүүлнэ гэсэн яриа гарч байна. Хэн нь өршөөгдөөд байгаа юм бэ гэдгийг ил тод болгомоор байна.

Хавтгайрсан хөнгөлөлт, чөлөөлөлт бүү хийгээч ээ. Хөрөнгөтэй нь гаднаас юм оруулах гээд бэлдчихдэг юм шиг байгаа юм.

Гурилын баланс алдагдлаа гээд гаалийн татвараас чөлөөлсөн хууль батлагдахад л маргааш нь хилээр гурил нь орж ирж байх жишээтэй. Энэ намар гэхэд л үр тариагаа хурааж авч байхад гаднаас үр тариа оруулж ирж байна.

Өөрсдөө болохгүй, бүтэхгүй зүйл хийчихээд түүнийгээ хуульчилна гэж дайрдаг болж. Энэ нь өөрсдийгөө хариуцлагаас мултлах гэсэн л арга. Болохгүй бүтэхгуй зүйлээ хуульд өөрчлөлт оруулж хуулийг хогийн тантан мэт болгож байна.

Төсвийн алдагдал хэдэн тэрбумд хүрлээ гэж ярьж байна. Хэн хариуцлага апдаад ийм байдалд орсон юм. Ард түмний тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэгдээгүй.

Эцэст нь чанга хатуу санхүү мөнгөний бодлоготой байя, үнэ тариф татварын уялдаатай бодлого зохицуулалт ус агаар мэт дутагдаж байна гэдгийг хэлэх гэсэн юм.

Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин