Хэдэн жуулчин өчигдөр тун одтой байлаа. Учир нь талбай дээр үзэсгэлэн худалдаа болоод бөөгийн жагсаал зэрэг болж өнгөрсөн юм. Зураг аваад л дагаад л зөвхөн Монголд харж болох зүйлтэй учирсандаа туйлын баяртай байгаа нь илт. Өөрийн орныхондоо хөгжил дэвшил, хүй балрын шүтлэг соёл нь хосолсон сонирхолтой газар очсоноо гайхуулах байх л даа. 
 
Энэ дүр зургийг тойроод олон л зүйл боллоо. Тазрын хэвлий дэх байгалийн баялгийг ашиглаваас өчиг үгүй цаазалсугай. Чингис хаан" гэсэн самбар барьчихсан байх. Манай орны түүх бичлэг бүрхэг нь үнэн л дээ. Гэхдээ бүрхэг байлаа гээд бүх зүйлийг гаргаж ирээд байх нь зохимжгүй. Тэртээ XII зуунд байгалийн хэвлий дэх баялгийн талаар тийм өргөн үг хэлж үлдээхээр ноцтой байсан баймааргүй юм.
 
Төв талбай дээр жагсагчид тамхи татацгаагаад л байсныг хяналтын байгууллагынханд дуулгая. Ингэхэд жагсаал хийж байгаа хүн тамхи татвал торгодоггүй. Нөгөө талаар жагсаал хийж байгаа болохоор ядахнаа улсынхаа төв талбайг хүндлэх сэтгэл гаргахгүй байсан ч болдог мэт. Ер нь тэгээд комбайнтай, өлгийтэй нялхастай, бөөтэй, салаавчтай гээд төрөл бүрийн сонин содон жагсаал манай оронд болдог болжээ. 
 
Үүнийг нь өнөө үгээ хүргэх гээд байгаа хүмүүс нь ч тоодоггүй бололтой. Гурил үйлдвэрлэгчид “Ерөнхий сайд, та нар жагсвал жагс. Та нараас айхгүй" гэж хэлсэн гээд нэлээд гомдолтой л яваад байсан. Утга биш хэлбэрийн жагсаал болоод хэдхэн хүн оролцоод байхаар ер нь хэн айх вэ дээ.
 
Жагсаал гэдэг ард түмний хүсэл тэмүүлэл байдаг. Тэнд хүмүүс сэтгэлийнхээ дуудлагаар очдог. Тэгэж баймааж эрх баригчдыг цочоодог. Сүүлийн үеийн жагсаалаас анзаараад байхад сүсэг бишрэлийн тал руу хэтэрхий хэвийсэн хүмүүс дээр нэмэгдээд ордноос нэг эмэгтэй гишүүн гарч ирээд ажлынхаа байр руу хашгирдаг болоод байгаа. 
 
Болж буй үйл явдалд ухаалаг дүгнэлт барих биш өсөрхсөн, атаархсан, мухар сүсэглэсэн хүмүүс үг хэлээд байгаагаас иргэд нийтээрээ нэгдэхгүй байгаа юм. Санаа бодлыг нь ойлгож байгаа ч манлайлаад байгаа хүмүүстэй нь адилхан болохгүйн тулд очихгүй байгаа юм шүү дээ.
 
Ж.Энх
Эх сурвалж: "Нийслэл таймс"