ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тавдугаар сарын 1-7-нд Европт хийх цуврал айлчлалынхаа хүрээнд ОХУ-д айлчилна. Энэ тухай Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ешихидэ Суга мэдээллээ.
“Ерөнхий сайд Шинзо Абэ тавдугаар сарын 1-7-ны хооронд Их Британи, Герман зэрэг Европын таван оронд, мөн ОХУ-д айлчилна” гэж Суга онцлон дурджээ.
Абэ ОХУ-д айлчлах үеэрээ Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж, хоёр талын харилцааны бүхий л асуудлыг цогцоор нь тухайлбал, найрамдлын гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэх бодолтой байна.
“Найрамдлын гэрээ байгуулах асуудлыг оруулаад Япон-Оросын харилцааг цогцоор нь хэлэлцэнэ” гэж Ешихидэ Суга цохон тэмдэглэжээ. Түүний хэлснээр, хоёр орны удирдагчид мөн олон улсын зарим асуудлыг хөндөх аж.
Шинзо Абэтэй тавдугаар сарын 6-нд Сочи хотод уулзана гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өмнө нь мэдэгдэж байсан билээ. Энэ уулзалт нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0