sonin.mn
ЛОНДОН./BBC/. Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Засгийн газрыг эмхлэн байгуулахыг Төрийн удирдлага, орон нутгийн удирдлагын сайд Ана Брнабич-д даалгажээ. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг парламент дэмжсэн тохиолдолд В.Брнабич Сербийн Засгийн газрын Ерөнхий сайдаар томилогдсон анхны эмэгтэй хүн, мөн өөрийгөө ижил хүйстэн гэдгийг ил тодоор зарласан засгийн газрын тэргүүн болох юм.
 
Ердөө хэдхэн жилийн өмнө хуучинсаг үзэлтэй энэ улсад ийм зүйл болно гэж төсөөлөхийн ч аргагүй байсан билээ. Харин одоо Европын Холбоонд элсэнэ гэж найдаж буй Серб улсын хувьд аливаад хүлээцтэй хандах хандлага төлөвшиж байгаагийн нотолгоо нь энэ болж байгаа юм. Европын орнуудын удирдагчдын дотор Ана Брнабичаас гадна өөрийгөө ижил хүйстэн гэдгийг нуудаггүй Ирландын Засгийн газрын тэргүүн Лео Варадкар, Люксембургийн Ерөнхий сайд Ксавье Беттель нарын зэрэг хүмүүс байдаг.
 
"Ерөнхий сайдаар ажиллахад шаардагдах ур чадвар, хувийн зан чанарууд Ана Брнабич-д бий гэдэгт би итгэлтэй байна. Тэрбээр энэ ажлыг хийж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн Вучич мэдэгджээ. Харин Брначичийн бэлгийн чиг баримжааны талаар юу ч хэлсэнгүй. 
 
“Хэрвээ парламент намайг батлах юм бол би Засгийн газрыг бүрэн хариуцлагатайгаар удирдаж, төрийн энэ хариуцлагатай албыг чин шударгаар гүйцэтгэх болно” гэж Брнабич мэдэгджээ.
 
Өдгөө 41 настай А.Брнабич Мичиганы Нортвудын их сургуулийг дүүргэж, дараа нь Их Британийн Халлын  их сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. А.Брнабич 2016 оны 8 дугаар сард Сербийн Засгийн газрын Төрийн удирдлага, орон нутгийн удирдлагын сайдаар томилогдсон байна.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг