sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл хамтран зохион байгуулсан “Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн” өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж өндөрлөлөө.
 
ЗӨВЛӨГӨӨНИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“Залуу бизнес эрхлэгчид ээ,
Монгол-Солонгосын бүтээлч хүмүүс Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.
БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй Монгол Солонгосын эдийн засаг, бизнесийн харилцааг хэрхэн тэлэх, хөгжүүлэх талаар ярилцаж байсан санаануудаас маань өнөөдөр нэг нь хэрэгжих алхмаа эхлүүлж Залуу энтрепренёруудын уулзалт Улаанбаатарт болж, зөвлөлдөж байгаад би баяртай байна.
Хоёр орны уламжлалт харилцааг шинэ шатанд гаргах, шинэ эрч хүчийг авчирахад залуус маш их зүйлийг хийж чадна гэдэгт би итгэдэг. Аливаа шинэчлэл өөрчлөлтийг шинэ хүмүүс л хийдэг. Залуус бол шинэчлэлийн хөдөлгөгч хүч нь байдаг.
 
Эрчимтэйгээр өөрчлөгдөж буй дэлхийн хөгжлөөс хоцрогдон хойш сууж буй Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэх, орчин цагийн хэмнэлд оруулахад Монгол-Солонгосын залуу энтрепренёрууд өөрсдийн хувь нэмрийг оруулах цаг тулж иржээ. Хараад, шүүмжлээд суух нь залуу хүмүүст дэндүү хангалтгүй байдаг. Та нар өөрчлөхгүй бол юмс өөрөө аяндаа өөрчлөгдөнө гэж байхгүйг ойлгох хэрэгтэй.
 
Тийм учраас залуу хүнд зайлшгүй байдаг чухал чанар болох өөрчлөлт, эрс шинэчлэлтэд тэмүүлэх чанараа улс орныхоо хөгжлийн төлөө, үндэстнийхээ сайн сайхны төлөө ашиглаарай гэж та бүхнээс хүсье” гэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 онд ОХУ-ын Владивосток хотноо БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзахдаа хоёр улсын иргэдийн харилцаа өндөр түвшинд хүрч, солонгос хэлээр ярьдаг 100 мянга гаруй монгол хүн байгаагаас гадна тухайн улсад ажиллаж, амьдардаг 40 гаруй мянган хүн байгаа нь хамтарч ажиллахад боловсон хүчний асуудал тулгарахгүй талаар ярилцаж, санал солилцсон талаараа танилцуулсан юм. Улмаар талууд экспортод чиглэсэн бизнес хамтарч хийх боломжийг нэмэгдүүлэхийн тулд энэ удаагийн зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа гэлээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт ямар бодлого баримталж байгаа талаараа “Залуу энтрепренёруудын анхдугаар зөвлөгөөн”-д танилцуулж, зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүсэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн залуу бизнес эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан энэхүү зөвлөгөөнд Монгол, БНСУ-ын залуу бизнес эрхлэгчид оролцож, илтгэл тавин, илтгэлийнхээ хүрээнд ярилцсан юм.
 
Зөвлөгөөнд:
 
 “Kakao Mobility” компанийн Гүйцэтгэх захирал John Joohwan Jung
“Tmon” компанийн үүсгэн байгуулагч, тэргүүн Daniel Hyunsung Shin
БНСУ-ын Хөдөө, орон нутгийн хөгжлийн хэлтсийн Хамгаалалттай газар тариалан, цэцэрлэгжүүлэлтийн судалгааны төвийн тэргүүн Kang Jin Lee
БНСУ-ын Хөрөнгө оруулагчдын түншлэлийн гүйцэтгэх захирал Jonghyun Kim,
“Талын эзэн” компанийн үүсгэн байгуулагч Сандагдоржийн Сайханбаяр
“Ногоон хөгжил, аялал жуулчлалын нэгдсэн бодлого” төслийн зохицуулагч Сугирдоржийн Очир-Эрдэнэ
“Karvuon” компанийн үүсгэн байгуулагч Бат-Оршихийн Манлай
“Тэнгэр Капитал” үнэт цаасны компанийн дэд захирал Баасандаваагийн Дөлгөөн нар үндсэн илтгэгчээр оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.