sonin.mn
Есдүгээр ангийн сурагч байхаасаа эхлээд 14 жил тасралтгүй өдөр бүр бэлтгэл хийж, зорьсон зорилгынхоо төлөө залуу насаа тэр чигт нь зориулж, монгол хүний яс, цусанд бат оршсоор ирсэн хүчирхэг, дайчин чанарыг гайхуулж яваа нэгэн хүнийг “Зууны мэдээ” сонины энэ удаагийн “Амьдралын тойрог” буланд урьж оролцуулсан юм.
Холимог тулааны мэргэжлийн тамирчдын хамгийн том босго буюу баргийн эр зүтгээд хүрдэггүй өндөр оргил болох “UFC”-д Монгол Улсаас анх удаа хөл тавьсан нэг шавилхан залуу бий. Тэр бол Данаагийн Батгэрэл. Улсынхаа дал­бааг тив, дэлхийн томоо­хон тэмцээнүүдэд ялал­тын уухайтай хамт най­ман удаа мандуулж, холи­мог тулааны спортын мэргэж­лийн холбоод дундаас чансаа­гаараа хол тэргүүлдэг, нэр хүндтэй, номер нэг “UFC” холбоонд элсэж, гэрээ байгуулсан анхны бөгөөд цор ганц монгол тамирчин.
 
Тэрээр гэрээний дагуу хуваарилсан дөрвөн тулааныхаа хоёр дахийг нь гуравдугаар сарын 7-нд Лас Вегас хотноо хийхээр ирэх долоо хоногт АНУ-ыг зорих гэж байна.
 
Дэлхийн өнцөг булан бүрээс шилдгүүдийг нь эгнээндээ нэгтгэсэн “UFC”-гийн тулаанууд долоо хоног бүр зохион байгуулагддаг бол тус холбоонд элсэж, гэрээ байгуулж чадсан тамирчдад тэр бүр олдоод байдаггүй, ховорхон болдог, хамгийн их шуугиан тарьдаг тоотой тулаан буюу бүсний төлөөх  том тэмцээнд Д.Батгэрэл тулалдах гэж байгаа юм. Энэ нь түүний чансаа дэлхийд хэр өндөрт бичигдэж байгааг төвөггүй илэрхийлнэ.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат, “UFC” холбоо, “Team Tungaa”, “One team” клубын тамирчин Д.Батгэрэл Монголын MGL, MFC, олон улсын RUFF Baikal FC, Legend FC холбоонд хүч сорьсон туршлагатай. Мэргэжлийн дэвжээнд 20 орчим тулаан хийснээс дэлхийн чансааны найман тэмцээнд тулалдаж зургаад нь ялалт байгуулсан байдаг. Түүний энэ амжилт холимог тулааны мэргэжлийн спортод анхдагчдын нэг, “Legend FC”, “One championship” холбооны аварга, тив, дэлхийд “Чингисийн цавчилт” хочоороо алдартай Ж.Нарантунгалаг багштай нь салшгүй холбоотой.
 
Сахилгагүй жаалын хэрсүү ухаан
 
 
Батгэрэлийн хүүхэд нас цэргийн амьдрал дунд өнгөрчээ. Аав Данаа нь Чоно голын хилийн цэргийн 0146 дугаар ангийн офицер, ээж Ариунаа нь мөн тэр ангид ажилладаг. Багаасаа цэргийнхэнтэй хамт алхаж, гүйж өссөн болохоор хөдөл­гөөнтэй гэж жиг­тэй­хэн хүүхэд байж. Сургуульд орохоосоо өмнө үеийнхэнтэйгээ юм л бол зодолдчихдог, тэрүүхэн хавьдаа бас атаман нь. Дээрээ хоёр ахтай. Хамаатны хүүхдүүд нь ихэнх нь хөвгүүд. Хоёр насны зайтай дэрсхэн өссөн жаалууд багаасаа л ноцолдож, барилдаж өсчээ. Хоёр ах нь сургуульд ороод сурлагаараа манлайлж, онц сурдаг байсан бол Батгэрэл хичээл номондоо нэг их гавьсангүй, заал хавиар бөмбөг хөөцөлдсөөр. “Чи спортоор хоол олж идэхгүй хичээлээ хий, яв” гэж багш нартаа олон удаа загнуулсан гэнэ.
 
 
Долоон настай байхдаа аавыгаа алдаж, ээж нь гурван хүүгээ хүний дайтай өсгөсөн байна. Батгэрэл болон хоёр ахынх нь тууштай, тэмцдэг зан чанар нь ээжийнх нь ганцаараа зүтгэсэн энэ он жилүүдээс хөвгүүдэд өвлөгдөж, амьдралын төлөө, зорилгынхоо төлөө тэмцэхийн мөн чанарыг ухааруулжээ.
 
 
Тэрээр наймдугаар ангиа төгсөөд хотод эмээ, хоёр ах дээрээ иржээ. Хичээлийн ха­жуу­гаар спортоор хичээл­лэх хүсэл нь зүгээр суул­гахгүй байсан тул Спортын төв ордныг зорьсон гэдэг. Чөлөөт бөх, жүдогийн заалууд руу шагайж, харна. Нэг л таалагдахгүй, сонирхлыг нь татахгүй. Тэгж явсаар боксын танхим руу ортол Ж.Нарантунгалаг багш нь кикбоксын хичээл орж байж. Хөл, гараараа зэрэг дайрч болдог ямар гоё спорт вэ гэж ангайж зогссоор тэр ангид элсэн орсон гэдэг. Кикбоксоор гараагаа эхлээд холимог тулааны спортууд болох бөхийн бүх төрөл, зодооны бүх төрлөөр хичээллэж эхэлсэн байна.
Монголд холимог тулааны спорт арваад жилийн өмнөөс хөгжиж  эхэлж, сүүлийн хоёроос гурван жилд эрчимтэй хөгжиж байгаа гэдэг. Батгэрэлийн энэ эхлэл Монголын холимог тулааны спортын хөгжилтэй яах аргагүй холбогдож ирсэн нь энэ. Тэрээр улсдаа болсон олон тэмцээнд амжилт гаргаж явсаар олон улсын дэвжээн дэх анхны тулаанаа 2011 онд “Legend FC” холбооны тэмцээнд Макаод хийжээ. Тэр тэмцээнд багш Ж.Нарантунгалаг нь тус холбооны 70 кг-д аварга болж, Батгэрэл каратегийн хар бүстэй Хонгконгийн тамирчныг ялсан байна.
Олон улсын мэр­гэжлийн дэвжээнд анхны ялалтаа байгуулсан тэр тулаан түүнд маш их урам зориг өгчээ. Аавынхаа нэрээр дуудуулж, Монгол Улсынхаа далбааг нөмрөн дэвжээнд гарах тэр мөчөөс эхлээд өмнөө тавьсан зорилго нь илүү томорч, энэ спортын оргил руу тэмүүлэх ёстойгоо ойлгов.
 
Өнөөдрийн мөнгөөр маргаашийнхаа мөрөөдлийг солиогүй
 
 
Бусад холбоодын тэмцээнүүдэд маш амжилттай оролцож, уран, дайчин тоглолтоороо дэлхийд хэдийнэ танигдсан байсан түүнд 2015 онд “UFC” холбооноос шинэ залуу, ирээдүйтэй тамирчдыг хайж олж, хөгжүүлэн од болгох зорилготой зургаан сарын хөгжлийн хөтөлбөрт хамрагдах урилга ирүүлжээ. Тэр хөтөлбөрт хамрагдсан тамирчдаас шилж шалгаруулаад гэрээ байгуулдаг байна.
Батгэрэлийн тоглол­туу­дыг онцолж хараад Оросын менежерээр дамжуулан хэлүүлж урьсан нь тэр байж. Ингээд АНУ-руу хөтөлбөрт явах гэсэн боловч виз нь гардаггүй. Гурав дахь удаагаа татгалзсан хариу сонсохдоо уураа барьж дийлэлгүй консулынхныг сандаргаад авсан паянтай. Ингээд ийм сайхан боломж олдож байхад нэг ч гэсэн монгол хүн явах хэрэгтэй гээд холимог тулааны тамирчид болох Б.Дамланпүрэв, Р.Отгон­тулга нарыг санал болгоод явуулахаар болжээ.
Харин дээд холбооных нь зүгээс “Чамайг анх­наа­саа сонгосон тул визэндээ хэд ч хамаагүй ороод хүрээд ир. Ирэхээр чинь эндээс бүх зардлыг нь төлнө” гэсэн байна. Ингээд визнийхээ ангил­лыг солиулаад дахин ортол харин амархан гэгч нь гарчихаж. Монголын гурван тамирчин “UFC”-гийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдахаар Америкийг зорьсон нь ийм түүхтэй.
 
Америкт очоод теле­визээр л хардаг амьд домгууд бэлтгэл хийж байгаа зааланд ороод хэсэгтээ шоконд орж зогссоноо тэр хэлээд инээлээ. Дасгалжуулагч, алдарт тулаанч Грэйк Жэксон монгол залуусыг маш найрсгаар хүлээж авчээ. Учир нь тэр америк дасгалжуулагч Чингис хааны байлдан дагуулалт, байлдааны тактикийг хоббигоороо судалдаг хүн байж.
Зургаан сарын ху­га­цаанд олон улсын шил­дэг тамирчидтай бэлтгэл хийж, нэлээд туршлага хуримтлуулаад байтал хөтөлбөрийг нь цуцалчихсан аж. Учир нь тухайн үед “UFC” холбоо гэнэт зарагдахаар болчихжээ.
Ингээд гурван тамир­чин нутагтаа буцаж ирсэн байна. Хөтөлбөрт хамрагдаад буцсан 2015 оноос хойш олон улсын мэргэжлийн чансааны өөр холбоодоос Батгэрэлд хэд хэдэн санал иржээ. Гэвч нэгэнт зорьсон “UFC”-дээ орох хүсэл, зорилго нь байсаар байсан тул өнөөдрийн мөнгөнөөс маргаашийнхаа том мөрөөдлийг солимооргүй байсан тул урт хугацааны ямар нэг гэрээ хийлгүй хүлээгээд байсан гэнэ. Хэрэв тэр саналуудыг хүлээгээд авчихвал тохиромжтой цаг хугацаа нь ирэхэд зорьсон газартаа хүрэх боломжгүй болчих гээд байж.
 
Энэ хугацаанд оролц­сон тэмцээнүүдийнхээ бичлэгийг “UFC” руу байнга илгээж байв. Сүүлийн тулаануудынхаа ихэнхийг эхний үед хүнд цохилтоор ялж байсан нь, мөн “Legend FC” холбоонд хүч сорьж байхдаа Шинэ Зеландын тамирчин Кай Кара Францыг ялсан нь түүнийг гэрээ хийхэд нөлөөлжээ. Батгэрэлд ялагдсан Франц “UFC”-д элсэнгүүтээ шуугиан тарьж, тухайн жилдээ шилдэг 10-т багтсан амжилтыг үзүүлсэн байна.
Ингээд өнгөрсөн зун буюу наймдугаар сард анхны монгол тулаанч Данаагийн Батгэрэл албан ёсоор дэлхийн номер нэг холимог тулааны мэргэжлийн холбоо “UFC”-д хөл тавьж гэрээгээ байгуулжээ.
 
 
Гал гарсан тулаа­нуудаар үзэгчдийг татдаг, тэмцээний тасалбар нь гарсан өдөртөө дуусдаг, дэлхийн хамгийн алдартай, нэр хүндтэй, чансаа өндөр тамирчидтай “UFC” холбоотой гэрээ байгуулаад хоёр дахь тулаанаа одоо хийх гэж байгаа. Тамирчид нь ямар тулааныг хэзээ, хаана хийхийг хэн ч мэддэггүй бөгөөд холбооны зүгээс бүх хуваарилалтыг хийж мэдэгддэг аж. Тухайн тамирчны рейтинг болон өмнөх тулаануудад оролцсон байдал гээд олон зүйл нөлөөлдөг байна. Батгэрэл одоо оролцох тэмцээндээ Аргентиний тамирчинтай тулалдана. Бүсний төлөө тулаан нь тогтмол болдоггүй бөгөөд хамгийн үзүүштэй тэмцээн аж.
Цөөхөн болдог чухал ту­лаанд монгол тамирчныг оролцуулах болсон нь учиртай. Батгэрэл уг холбоотой гэрээ байгуулснаасаа ердөө 14-хөн хоногийн дараа Хятадын Шинжин хотод болсон тулаанд орохоор хуваарилагдсан. Өнгөрсөн наймдугаар сарын 31-нд болсон тэмцээнд Өвөрмонголын тулаанч, өөрийн сайн найз Алтанхилтэй учраа таарч тулалдсан. Гурван раундын турш ширүүхэн зодолдсон ч эцсийн мөчид Алтанхил ялалтыг авсан байдаг. Гэхдээ хоёр монгол тамирчны тулаан энэ үдшийн хамгийн үзүүштэй, сонирхолтой тулаанаар шалгарч шилдэг тоглолтын шагнал тус бүр 50 мянган ам.долларыг гарджээ. Энэ нь Батгэрэлийн рейтингийг өсгөж гуравдугаар сард Лас Вегаст болох чухал тулаанд оролцоход нөлөөлсөн байна.
 
Эрэлхэг, дайчин монгол залуус
 
 
Батгэрэлийн тухай ярихад түүний өвөрмонгол найз Алтанхилийн тухай зайлшгүй дурдаж таарна. 2012 онд Хятадын RUFF холбооны тэмцээний үеэр хятад хэл мэдэхгүй түүнийг олж уулзаад тусалж зөвлөж танилцсанаас хойш хамтдаа бэлтгэл хийдэг, Хятадад тэмцээнд оролцохдоо гэрт нь хүртэл байрладаг байсан сайн найз нь. Алтанхил бол чөлөөт суурьтай барилдааны талдаа сайн бол Батгэрэл босоо зодоондоо илүү сайн, найздаа зааж өгдөг, бэлтгэлд нь тусалдаг гэнэ.
 
 
Хятадын Шинжинд болсон тэмцээнд нэг оноолт үлдсэн байсанд хоёр найзыг хооронд нь тулалдуулж таарчээ. Батгэрэл тэр оноолтоос татгалзах арга байсангүй. Хэрэв татгалзвал гэрээ­гээ цуцлахад хүрнэ. Мэр­гэжлийн чансааны том тулаанд дор хаяж хоёр сар бэлтгэл хийж байж ордог байхад Батгэрэлийн хувьд “UFC”-гийн анхны тулгамдсан тулаан нь тэр болжээ.
 
“Найзтайгаа тулалдаж байхад юу бодогдож байсан бэ” гэж түүнээс асуухад “Шийдчихсэн хүнд бол нэг их зүйл бодогдохгүй л дээ. Угаасаа тулааны өмнө сэтгэлзүйгээ сайтар бэлдэж ордог. Гэхдээ найзтайгаа тулалдаж байхдаа нэг цохилт хийчихээд яалт ч үгүй нэг гацсан. Найз маань надад олон тусалж байсан. Тэр тухай бодол гэнэт орж ирдэг юм билээ. Энэ гэхдээ өрөвдсөн сэтгэл биш шүү. Түүнээс болж ялагдсан гэсэн үг биш. Бас ийм гал гарсан тулаан хийж байгаа юм чинь бид хоёрт тэр 50 мянган ам.долларын шагналыг өгчихөөсэй гэсэн бодол хүртэл орж ирсэн гээд бод доо” гээд инээв.
Ямартай ч Батгэрэл, Алтанхил хоёр “UFC”-гийн тайзнаа монгол хүний цусны дайчин, эрэмгий чанарыг бахархалтайгаар гайхуулан тоглоод шилдэг шагналыг нь авч чадсан бай­даг. Батгэрэлийн хувьд өн­гөр­сөн жилүүдэд үргэлж гялалзаж, гялт­ганаж явсангүй. 2013 онд хүнд гэмтэл авч жил гаран хугацаанд спортоосоо хөндийрөх үед нь тойрон хүрээлж байсан зарим нөхөд нь холджээ. Өөрөө үүнийгээ хүмүүсийг илүү таньж, ялгаж авахад тусалсан цаг хугацаа байсан гэж тодотгож байв.
 
Өөртөө эрдэж, яаруу алхам хийгээд алдаж байсан дурсамжаа ч тэрээр нуусангүй. Монголд болсон кикбоксын тулааны үеэр хөмсөг задартал цохиулаад ялагдаж байсан түүхтэй. Тэр тулаан дээр энэ ялалтын дараа Японд очиж тоглох байсан тэмцээний тухай л бодоод байж. Хэтэрхий сайн бэлтгэл хийгээд сэргэх цаг хугацааг биендээ өгөөгүйгээс алдаа гаргасан байна. Цаадахыг нь бодоод наадахыг нь тоогоогүй нь түүнд том сургамж болжээ.
 
 
“Ямар ч зүйлд эрсдэл байдаг. Нэгэнт өөрөө дурлаад явж байгаа болохоор тэгчих болов уу, ингэчих болов уу гэсэн айдас байх ёсгүй. Угаасаа байдаггүй” гэж ярьж байгаа энэ залуугийн баруун гар нь бага зэрэг гэмтэлтэй явж байсан юм. “Атгаж болохгүй байгаа. Удахгүй зүгээр болчихно” гэж хээвнэг ярих.
 
 
Холимог тулааны төрөл нь хэдий спорт ч гэлээ маш шуугиантай бизнес тул тамирчид нь бүх хүчээ, хамаг юмаа л гаргаж тулалдаж таарна. Батгэрэлийн эмээ, ээж хоёр нь тэмцээнийг нь шууд явж байвал үздэггүй. Хэрэв ялчихлаа гэвэл нөхөж үздэг гэсэн.
Гадны тамирчид зөвхөн ганцаараа бэлтгэл хийдэггүй. Тэдний ард мэргэжлийн бүтэн баг ажилладаг. Эрүүл мэнд, сэтгэл зүй гээд бүх талаар бэлтгэлийг нь хангаж өгдөг. Гэтэл Монголд энэ спорт залуухан хөгжиж эхэлж байгаа тул тэр болгон мэргэжлийн бэлэн баг байхгүй. Манай залуучууд зөвхөн бор зүрхээрээ л зүтгэдгийн жишээ юм даа гэж энэ зуур бодож суулаа. “UFC” холбоо олон улсын допингийн эсрэг агентлагтай хамтарч ажилладаг тул тамирчиддаа маш хатуу хяналтыг тавьдаг аж. Байсхийгээд л шээс, цусны шинжилгээ авна. Дэлхийн хаана ч байсан, хэзээ ч хамаагүй гэнэтийн шалгалт ирэх магадлалтай. Өнгөрсөн наймдугаар сараас хойш Батгэрэл хоёр удаа тэр гэнэтийн шалгалтад оржээ. Ханиад хүрлээ гэхэд цэр суллаж, уушиг тэлэх үйлчилгээтэй эм ууж болохгүй. Ууж байгаа эм, идэж байгаа хүнснийхээ орц найрлагыг нь сайн харах шаардлагатай. Боди­билдингийн тамирчид шиг нэмэлт тэжээл хэрэглэхийг зөвшөөрөхгүй болохоор хоол хүнснээсээ л эрдэс, бодис, шим тэжээлээ ава­хаас аргагүй. Гадаадад бол тамирчны ард ажил­ладаг баг нь энэ бүгдийг зохицуулж байдаг аж. Нэг тамирчны ард 4-5 багш болон эрүүл мэндийн зөвлөх сэтгэлзүйч ажил­лаж амралт, бэлтгэлийг нь хуваарилж бэлтгэдэг байна. Батгэрэл ирэх долоо хоногт Америкт очоод гуравдугаар сар хүртэл ийм мэргэжлийн багтай хамтарч бэлтгэл хийх юм билээ.
 
Эрхзүйч мэргэжилтэй, жонглёрчин тулаанч
 
Холимог тулааны та­мир­чин гэхээр зөвхөн зодол­доод л байдаг гэж ойлгож болохгүй. Түү­ний амжилт өөрийнх нь хичээл зүтгэлтэй яалт ч үгүй холбоотой. Баруун, зүүн тархиа зэрэг хөгжүүлэхийн тулд баруун гараараа юм хийдэг мөртлөө албаар зүүн гараараа бичиж, хооллодог гэнэ. Бас циркийн бэлтгэл байнга хийдэг. Ялангуяа, сайн жонглёрчин. Оюун ухааны академид суралцаж олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилт гаргаж байсан туршлагатай. Мөн шатар тоглох дуртай. Зөвхөн бэлтгэл хийхээс гадна оюун ухааны энэ дасгалууд нь түүнд тулааны үед хурдан сэтгэх, хийгүй зөв хөдлөх чадварыг суулгаж өгдөг гэнэ.
Тэр уг нь эрхзүйч мэр­гэжил­тэй. Гэхдээ сургуу­лиа төгсөөд мэргэжлээрээ ажилласан удаа байхгүй. Монголд байхдаа өдөрт 2-3 удаа бэлтгэл хийж, завсар зайгаар нь оюун ухааны дасгалуудаа хийнэ. Заримдаа чөлөөт цагаараа playstation-ээр холимог тулааны тоглоом тоглодог. “Sony” компанийнхан түү­ний тулааны бичлэгийг би­чиж авсан гэнэ. Магадгүй дэлхийн алдартай тулаанч­дын дүрүүд дээр монгол залуу Батгэрэл гэсэн шинэ тулаанчийн дүр удахгүй нэмэгдэх биз.
 
“Яагаад ч юм ми­ний бодсон, ярьсан зүйл биелээд байх шиг санагддаг юм. Би анх хилийн дээс алхахдаа Хятад явахгүй ээ, шууд Наран улс руу явна гэж найзууддаа тоглоод ярьдаг байлаа. Гэтэл анхны гадаад томилолт маань багшийгаа дагаад Япон руу явж байсан. Америкт бэлтгэл хийж байхдаа бас найзуудтайгаа “UFC”-д орчихоод ингэнэ тэгнэ гээд ярьдаг байв. Нэг удаа найзтайгаа Reebok-ийн дэлгүүр ортол хямдарчихсан байсан юм. Намайг хувцас авахгүй юм уу гэхээр нь холбоонд орохоор угаасаа Reebok-оор хангана шүү дээ гээд аваагүй. Тэгээд л мөн биелсэн дээ. Одоо бүх хувцас Reebok” гэж ярих энэ залуугийн амьдралын алтан зарчим нь “Эзэн хичээвэл заяа хичээнэ”. Энэ шугамнаасаа хазайлгүй, зорь­сондоо хүртэл тэм­цэх эр зориг түүнд байна. Тэр тэмцээний дэвжээн дээрхээсээ тэс өөр юм билээ. Энгийн, даруухан, бас нэрэлхүү. Тийм ч болохоороо өдийг хүртэл ивээн тэтгэгч нарт харагдаагүй, реклам сурталчилгаанд орж гараад байдаггүй чимээгүйхэн явсаар ирсэн биз. Бас зорьсон зорилгодоо хүрэхийн тулд тууштай хөдөлмөрлөж, гэр бүлийн амьдралаа ч хойш нь тавьсаар ирсэн гэсэн.
Удахгүй бид “UFC”-гийн анхны монгол аваргын тухай сайхан мэдээг дуулах нь лавтай.
 
 
Б.Солонго
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин