sonin.mn

Олон улсын шатрын их мастер А.Энхтуул гаднын академийн дасгалжуулагч боллоо. Энэ талаар тэрбээр “Шанхай хотын олон улсын шатрын академийн эцсийн шатны ажлын ярилцлагад тэнцэж, тус академийн ахлах түвшний дасгалжуулагч боллоо. Бүтэн жилийн ажил амжилттай болж, өчигдөр ийнхүү шалгарлаа” хэмээн цахим хуудастаа бичжээ. 

 

Их мастер А.Энхтуул өнгөрсөн тавдугаар сард Дэлхийн шатрын холбооноос цаг үеийн нөхцөл байдалд тохируулан онлайнаар зохион байгуулсан дасгалжуулагчийн семинарт оролцсон. Хоёр үе шаттай бичгийн болон ярилцлагад тэрбээр 80 орчим цол горилогчдоос шалгалтын хариугаар дөрөвдүгээр байрт (эмэгтэйчүүдээс 1-т) шалгарч, тэнцсэн билээ.

 

Үүний дүнд шатрын их мастер маань Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч хэмээх нэр хүндтэй цолыг хүртсэн юм. Өдгөө А.Энхтуул хүүхэд, залууст зориулан зохион байгуулж буй шатрын сургалтыг удирдан явуулж байгаа ажээ.

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин