sonin.mn

КИЕВ, 2025 оны тавдугаар сарын 7 /DW/. Украин, Орос улсууд өчигдөр буюу мягмар гарагт олзлогдсон цэргүүдээ солилцжээ. Талууд тус бүр 205 цэргийг сулласан байна.


"Мариупольд болон фронтын бүх шугамын дагуу хамгаалах тулалдаанд оролцож байсан цэргүүдээ үндсэндээ бүгдийг нь буцааж авлаа” гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Telegram” сувгаар мэдэгджээ. 


Түүний хэлснээр, цэргүүдийг солилцоход АНЭУ зуучилсан байна. “Бид өдөр бүр хүмүүсийнхээ төлөө тэмцэж байна. Бид нэг ч хүнийг орхихгүй, бүх хүнийг эргүүлэн авчрахын тулд бүхнийг хийх болно" гэж тэрбээр бичжээ. Дайн эхэлснээс хойш Украины тал 4 757 хүнээ буцаан авсан байна. Оросын Батлан хамгаалахын яам мөн 205 цэргээ буцааж авсан гэж мэдэгдсэн байна. Суллагдсан цэргүүд одоогоор Беларусийн нутагт байгаа бөгөөд "тэдэнд шаардлагатай сэтгэл зүйн болон эмнэлгийн тусламж үзүүлсний дараа эх оронд нь хүргэнэ" гэж тус яам Telegram сувагт бичжээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг