sonin.mn

БЕРЛИН, 2025 оны тавдугаар сарын 7 /BBC/. Германы Бундестаг буюу парламент консервативчуудын удирдагч Фридрих Мерцийг хоёр дахь удаагийн санал хураалтаар шинэ Канцлераар томилжээ. 


Cанал хураалтын дүнгээр Ф.Мерц 325 гишүүний дэмжлэг авсан нь түүнийг Канцлераар томилоход шаардлагатай 316 саналын босгыг давжээ. Харин 289 депутат эсэргүүцсэн санал өгч, нэг депутат санал өгөхөөс түдгэлзсэн бол гурван санал хүчингүйд тооцогдсон байна. 


Баруун төвийн үзэл баримтлалтай Христийн Ардчилсан холбоо/Христийн нийгмийн холбоо (ХАХ/ХНХ) эвсэл болон зүүн төвийн үзэлт Социал Демократ нам (СДН) нийлээд 328 гишүүнтэй байна. Мягмар гарагт дахин санал хураалт явуулахгүй гэж “Frankfurter Allgemeine”, “Bild” сонинууд мэдээлж байсан боловч ХАХ/ХНХ, СДН, Ногоон нам болон зүүний намууд мөн өдөр дахин санал хураалт явуулахаар тохиролцжээ. Санал хураалтын дараа Ф.Мерц Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайертай уулзаж, Ерөнхийлөгч түүнийг ХАХ/ХНХ эвслийн тэргүүний хувиар албан ёсоор шинэ Канцлераар томилсон байна. Одоо эхлээд Ф.Мерц, дараа нь шинэ засгийн газрын сайд нар тангараг өргөх ёстой юм.


Ф.Мерц эхний санал хураалтаар парламентын гишүүдээс авах шаардлагатай 316 саналаас 310-ыг нь авсан бол 307 депутат түүнийг Канцлераар томилохыг эсэргүүцсэн санал өгсөн байна.


Дайны дараах Германы түүхэнд урьд өмнө ямар ч Канцлер Бундестаг дахь эхний санал хураалтаар албан тушаалдаа томилогдож чадаагүй тохиолдол гарч байгаагүй юм.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг