
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 12 /ABC News/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаа “Boeing 747-8” загварын тансаг зэрэглэлийн онгоцыг Катарын хааны гэр бүлээс бэлэг болгон хүлээн авах гэж байгаа тухай “ABC News” сувгаар эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ.
Уг онгоцыг Д.Трамп албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа “Air Force One” буюу төрийн тэргүүний нисэх онгоц болгон ашиглах төлөвтэй байна.
Түүний бүрэн эрхийн хугацаа дуусмагц онгоцыг өмчлөх эрхийг өөрийнх нь нэрэмжит Ерөнхийлөгчийн номын санд шилжүүлэх ажээ.
Д.Трамп ирэх долоо хоногт Катар улсад айлчлах үеэр энэхүү онгоцны талаар албан ёсоор зарлах төлөвтэй байна гэж эх сурвалжууд мэдээлжээ. Гэхдээ онгоцыг айлчлалын үеэр хүлээлгэн өгөхгүй юм.
Цагаан ордны тэргүүн Д.Трамп энэ оны хоёрдугаар сард Флоридагийн Уэст-Палм-Бич олон улсын нисэх онгоцны буудалд түр саатахдаа “нисдэг ордон” хэмээн нэрлэгддэг уг онгоцыг өөрийн биеэр үзжээ.
Бэлэг дурсгал ба АНУ-ын авилгатай тэмцэх тухай хууль
Цагаан ордны хуульч Дэвид Уоррингтон, мөн Хууль зүйн яамны мэргэжилтнүүдийн мэдэгдэж буйгаар, онгоцыг Батлан хамгаалах яаманд бүртгүүлж, бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө Д.Трампын номын санд хүлээлгэн өгсөн тохиолдолд авлигатай тэмцэх хуулийг зөрчихгүй ажээ.
“Гадаадын засгийн газруудаас ирүүлсэн аливаа бэлгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу хүлээн авдаг" гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Кэролайн Ливитт мэдэгжээ.
Катарын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мажид бен Мухаммед аль-Ансари энэ талаар мэдэгдэхдээ, уг онгоцыг төрийн тэргүүний нисэх онгоцны хувиар "түр хугацаанд ашиглах" асуудлыг Катарын Батлан хамгаалах яам болон Пентагон хамтран судалж байна хэмээн онцолсон байна.
Зарим эх сурвалжийн хэлснээр, 13 жил ашиглаж буй уг онгоцыг нисэх онгоцонд тавигддаг бүх шаардлагад нийцүүлэн өөрчлөхийн тулд эхлээд АНУ-ын Агаарын цэргийн хүчний мэдэлд шилжүүлэх ажээ.
Үүний дараа “Boeing 747-8”-ыг Трампын нэрэмжит Ерөнхийлөгчийн номын санд бүртгүүлнэ. Энэ үйл явц 2029 оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө болох төлөвтэй байгаа бөгөөд бүх зардлыг АНУ-ын Агаарын цэргийн хүчин хариуцна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0