sonin.mn

Канад улс АНУ-ын технологийн компаниудад чиглүүлэн дижитал үйлчилгээний татвар хэрэгжүүлэхээр байгаа тул АНУ Канадтай хийх худалдааны бүх хэлэлцээгээ нэн даруй зогсоохоор шийдлээ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп 6-р сарын 27-ны өдөр олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэв.

АНУ-тай хийх худалдаанд хэрэгжүүлэх гаалийн татварын хувь хэмжээгээ АНУ 7 хоногийн дотор Канадад мэдэгдэнэ гэж Д.Трамп хэлжээ.


Канадын Сангийн сайд Франсуа-Филипп Шампань хэлэхдээ: "Технологийн компаниудад дижитал үйлчилгээний татвар ногдуулах төлөвлөгөөг хойшлуулахгүй, дижитал үйлчилгээний татварыг 6-р сарын 30-наас эхлэн мөрдөж эхэлнэ. Төлөвлөгөөний дагуу, технологийн компаниуд Канадын хэрэглэгчдэд дижитал үйлчилгээ үзүүлэх юм уу эсвэл Канадын хэрэглэгчдийн мэдээллийг борлуулсан орлогод Канадын засгийн газар 3 хувийн татвар ногдуулж, түүнчлэн холбогдох компаниудын 2022 он хүртлэх орлогыг хамруулах болно" гэсэн байна.


Эдүгээ АНУ нь Канад болон бусад худалдааны түншүүдтэй Д.Трампын тогтоосон хугацаанаас өмнө тохиролцоонд хүрэхийн тулд хэлэлцээ хийж байна. Дижитал үйлчилгээний татвар ногдуулах Канадын төлөвлөгөөг АНУ эсэргүүцсээр ирсэн бөгөөд түүнийг зогсоохын тулд дарамт шахалт үзүүлэхийг зорьж байна.


4-р сарын 2-нд Д.Трамп "харилцан тэгш гаалийн татвар" гэгчийг ногдуулна гэж зарласны улмаас АНУ-ын санхүүгийн зах зээлд огцом уналт үүссэн. Олон талын дарамт шахалтаар, Д.Трамп 4-р сарын 9-нд зарим худалдааны түншүүдэд өндөр хэмжээний "харилцан тэгш гаалийн татвар" ногдуулахаа 90 хоногоор түр хойшлуулж, харин 10 хувийн "суурь гаалийн татвар"-ыг хэвээр үлдээнэ гэдгээ мэдэгдэж, түүнчлэн АНУ-ын худалдааны түншүүдийг 7-р сарын 8-наас өмнө АНУ-тай хэлэлцээгээ дуусгах шаардлагатай гэж сүрдүүлсэн юм.


Г.Бямба