sonin.mn
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв барина хэмээн авсан газарт хувийн өргөө болох Шонхор таур оффисын барилга барьсан УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд нэр бүхий иргэд шаардлага хүргүүлж, баримт дэлгэлээ.
 
Тэдний нэг болох иргэн Б.Амгаланбаатар: "Хүүхдийн паркыг бүгд мэднэ. Улаанбаатар хотын залуучуудын амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх том бүс. “А” зэрэглэлийн, бүр дээд зэрэглэлийн бүс. 2005 онд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” нийслэлийн өмчит газар байсан. Тухайн үедээ 358,000 метр квадрат газрыг олгосон байдаг. 2015 онд 314,000 болж газрын хэмжээ нь багассан байдаг. 10 жилийн хугацаанд 44,000 метр квадрат газар улстөрийн нөлөө бүхий хүмүүс болон дарга нарт, мөн хувийн хэвшлийн өмчлөлд олгогдсон байдаг. Үүний нэг жишээ нь “Шонхор Тауэр” буюу одоо “Централ Тауэр” болсон барилга юм. Уг газрыг анхны зориулалтаар нь ашиглахгүй байгаа талаар уг мэдээллийг хийж байна.
 
“Шонхор Тауэр” бол Ардчилсан намын төв байр. Эзэмшигч нь УИХ-ын гишүүн, НХХ-ийн сайд, АН-ын дарга асан С.Эрдэнэ гэдэг хүн байдаг. Энэ барилгын газрыг анх “Төгс эрдэм сан” гэдэг 1998 онд байгуулагдсан ТББ-ын нэр дээр 2010 онд 330 метр квадрат газрыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих” гэдэг зориулалтаар авсан байдаг. Тухайн үед Улаанбаатар хотын даргаар М.Энхболд, газрын албаны даргаар нь Ц.Сандуй ажиллаж байсан.
 
Энэ ТББ яагаад С.Эрдэнэ гэдэг хүнтэй холбогдчихов гэхээр Б.Цэнд-Аюуш, Н.Нинжбадгар, Э.Содгэрэл гээд төрсөн охин нь болон гэр бүлийн хүн нь хамтдаа анх “Төгс эрдэм сан” ТББ-ыг үүсгэн байгуулсан байдаг юм. Ингээд 2010 онд барилгын ажлыг эхлүүлээд, 2014 онд ашиглалтанд оруулахдаа газрын алба руу ахин хүсэлт илгээгээд, уг хүсэлтдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат, зам, гарц зэргийг хийх шаардлагатай байна гэдэг үндэслэлээр 2015 онд 601 метр квадрат болгож, газрын хэмжээгээ нэмсэн байдаг. Тухайн үед С.Эрдэнэ нь улстөрийн өндөр албан тушаал хашиж байсан учраас эрх мэдлээ ашиглаж газрын хэмжээгээ томруулсан байна гэдэг зүй тогтол ажиглагдаж байгаа юм. Тийм учраас уг газрыг анхны зориулалтынх нь дагуу ашиглаач ээ гэж хүсэж байна.
 
Барилга ашиглалтанд ороод 7 жилийн хугацаа өнгөрөхөд энэ барилга дотор хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан нэг ч үйл ажиллагаа явагдаагүй байна. Зөвхөн бизнесийн зориулалтаар, С.Эрдэнийн гэр бүлийн санхүүг дэмжих зориулалттай, орлого олдог нэг эх үүсвэр нь болсон учраас хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан зориулалтынх нь дагуу ашиглаач ээ гэдэг шаардлагыг Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазарт хүргүүлж байгаа.
 
Мөн 7 жилийн хугацаанд уг байгууллагын дансаар орж гарсан бүх санхүүгийн гүйлгээнд нь татварын шалгалт оруулна. Уг шалгалтаар маш олон зөрчил илрэх байх гэж бодож байна. С.Эрдэнэ гэдэг хүнийг улстөрийн албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр АТГ-д шалгуулах хүсэлтээ өгөх болно. Олны дунд байсан хардлагыг баримтаар нь дэлгэж гаргаж ирлээ. Эдгээр баримтыг олох гэж нэлээн хугацаа орсон учраас одоо уг асуудлыг ярьж байгаа юм. Цаашдаа уг барилгын тодорхой хэсгийг тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан зориулалтаар нь ашиглуулахын төлөө цуцалтгүй тэмцэх болно. Энэ асуудлаар надтай тусгай хэрэгцээт иргэд холбогдож байгаа. Нийгмийн тодорхой хэсгийг эзэлж байгаа ийм хүмүүсийн нэрийг барьж бизнес хийж байгаа энэ гэр бүл үнэхээр гутамшигтай байна. Энэ маягаар бизнес хийдэг олон хүмүүс энэ үйл явдлыг харж тэр бизнесээ болиосой, нийгэм жигшээсэй гэж хүсч байна. " гэв.
 
 
 
 
 
 
М.Чойжал