sonin.mn
5-р сарын 18-нд буюу өчигдөр ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны Тамгын Газрын Дарга Ян Жечи, АНУ-ын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нар утсаар ярьжээ. 
 Тэд Украин, Солонгосын хойгийн асуудал зэрэг олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцсон байна.
 
Энэ үеэр Ян Жечи нилээн хатуу байр суурь илэрхийлсэн болохыг Хятадын Олон Улсын Радио мэдээлсэн нь анхаарал татлаа.
 
Тодруулбал тэрээр: "тодорхой цаг хугацаанд АНУ Хятадын дотоод асуудалд бүдүүлгээр гар дүрсэн цуврал үйл ажиллагаа явуулсан бөгөөд манай ашиг сонирхлыг хөндсөн үг яриа, буруу үйлдэл олонтаа гаргасан. Үүнийг Хятад улс эрс эсэргүүцэн, хүчтэй хариу арга хэмжээ авах болно. Америкийн тал яриа үйлдлээ нэгтгэж, холбогдох амлалтаа бодитоор хэрэгжүүлэн, Хятадын талтай санал зөрөлдөөнөө эвээр зохицуулж, илүү бүтээлч ажил хийж, хоёр орны харилцааг эрүүл, тогтвортой хөгжлийн зөв замд оруулахыг зөвлөж байна.
 
Тайвань нь Хятад Америкийн харилцааны хамгийн чухал, эмзэг, гол асуудал болно. Сүүлийн үед Америкийн талын Тайванийн асуудлаарх бодит үйл ажиллагаа нь албан мэдэгдлээсээ тэс өөр байх боллоо. Америкийн тал нэг Хятадын зарчмыг баримталж, хоёр оны хамтарсан гурван тунхаглалын холбогдох заалтыг даган мөрдөхийг шаардаж байна. Үгүй бол Хятад улс өөрийн бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхлоо хамгаалахын тулд эрс хариу арга хэмжээ авах болно" гэжээ. 
 
Г.Бямба