Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн нэгтгэл, ангиудын захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга нарын мэдээлэл, олон арга зүйн цугларалт 4 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд явагдаж байна. Цугларалтад оролцогчдоос нэгэн офицерыг та бүхэндээ онцлон хүргэх гэж байна. Тэр бол “Эх орны тэнгэр цэлмэг, эрхэм зенитчдийн сум нь мэргэн байг” гэсэн уриатай мянга мянган зенитчин дайчдын нэг Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, спортын мастер, дэд хурандаа Үнэнбөхийн Уянгасайхан.
Багш аав, ээжийгээ дагаж Архангай аймгийн сумдыг тойрон амьдарч, өсөж өндийсөн тэрээр цэргийн албыг сонгож, цэргийн сургуулийн хашаагаар орсон нь 2000 он. Тэрнээс хойш цэргийн тангараг дор ажиллаж, насныхаа хань ижлийг ч энэ л салбараас сонгож, жинхэнэ утгаараа уусна гэдэг шиг л амьдарчээ.
Түүнийг ярилцлагынхаа хойморт урьж, хөөрөлдөж эхлэхэд та бидний төдийлөн мэддэггүй нэгэн чадвар “нуугдсан” нь нэгэн цагт чөлөөт бөхийн шилдэг тамирчны нэг байв. Аав А.Үнэнбөх нь насаараа биеийн тамирын багш, чөлөөт бөхийн дасгалжуулагчаар ажилласан буурал байсан агаад аавыгаа дагаад биеийн тамирын зааланд өнжиж, уран мэхээс нь суралцаж, сум, аймаг, улсын чанартай тэмцээнүүдэд амжилт үзүүлж, хүртсэн медалийн тоо их санж. Зарим амжилтаас нь дурдахад сурагч байхдаа Азийн хүүхдийн их наадам, олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, сонсогч байхдаа 2000 онд Өсвөрийн улсын аваргаас алт, 2005 онд залуухан дэслэгч явахдаа Залуучуудын болон Насанд хүрэгчдийн аваргаас хошой мөнгөн медаль тус тус хүртжээ.
Түүнээс хойш ажлын ачааллаас хамааран дасгал сургуулилт хийх нь нь багасаж, тамирчны замналаа бодох уу, цэргийн албаа сонгох уу гэдэг хоёр салаа зам дээр ирсэн гэнэ. Аав нь “Миний хүүд цэргийн алба нь тохирно. Манай гэрт тэргүүндээ төрийнхөө соёмбыг залсан эр цэрэг байгаасай гэж хүсэж байна” гэсэн нь зенитчин дайчин хэмээх алдрын эзэн болох зам мөрийг нь засаж өгчээ.
Дэд хурандаа 2000-2004 онд ЦНДС-д зенитийн артиллерийн командын офицер мэргэжлээр суралцаж, ажлын гараагаа Зэвсэгт хүчний 186 дугаар ангиас салааны захирагчаас эхлүүлж, Агаарын довтолгооноос хамгаалахын даргын туслах хүртэл дэвшин ажиллажээ. Түүний дараа Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалд офицер, 2021 оноос тус албан тушаалд дэвшсэн бөгөөд энэ хугацаанд Канад Улсын Хуурай замын цэргийн Команд штабын коллеж, тактик-команд штабын дамжаа, ҮБХИС-ийн Бакалаврын дамжаа, АНУ-ын Агаарын цэргийн команд штабын коллеж, Оператив-тактик, команд штаб мэргэжлээр тус тус суралцжээ. Өдгөө ҮБХИС-ийн докторантад суралцаж, өөрийн мэргэжлээрээ судалгаа шинжилгээний ажил хийж яваа юм байна.
Тэрээр Зэвсэгт хүчний 326 дугаар ангид захирагчийн нэгдүгээр орлогч, штабын даргаар томилогдсоноосоо хойш удирдлага, баг хамт олонтойгоо хамтран зенитчдийн бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн нэлээдгүй олон бүтээлч ажил өрнүүлж, дээд байгууллагуудаас сайшаал, урмын үгийг хүртсэн нь саяхан. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнгөрсөн 3 дугаар сард тус ангид ажиллахдаа бэлэн байдлыг дээшлүүлэх, бэлтгэлжилтийг хангах хүрээнд хөдөлгөөнт удирдлагын байрыг орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн төхөөрөмжлөхөөс эхлээд инноваци шингэсэн олон бүтээлч ажил өрнүүлсэн зенитчдээрээ бахархаж буйгаа уламжилж, бүх талаар дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн нь хэвлэлийн хуудаснаа зурайн үлджээ.
.jpg)
“Таныг зенитчин хэмээх мэргэжлээрээ бахархаж явдгийг тань мэднэ. Ангийнхаа залуу офицер, ахлагч нартаа ч бас захиж хэлдэг биз” гэсэн асуултад “Тэгэлгүй яах вэ. Зэвсэгт хүчин хэмээх энэ их том айлд бид хариуцсан ажил албаа л сайн гүйцэтгэх ёстой. Зенитчин ч ялгаагүй, мужаан ч ялгаагүй, уулчин ч ялгаагүй, цэргийн цагдаа ч ялгаагүй. Тэр утгаар нь залуу гэлтгүй ангийнхаа бие бүрэлдэхүүнд мэргэжилдээ гаршиж, эзэн нь болж гялалзахыг захидаг юм. Зенитчин хэмээх эгэлгүй энэ сайхан мэргэжлийг эзэмшсэн л бол тавигдах шаардлагыг нь бүрэн дүүрэн хангах ёстойг хатуу сануулж, биелэлтийг нь шалгадаг” гээд цэргийн сургуульд тохой нийлүүлэн хамт суралцсан онжавуудынхаа тухай дурслаа.
2004 онд ҮБХИС-ийг зенитийн артиллерийн командын офицер мэргэжлээр 12-уулаа төгссөнөөс олонх нь Зэвсэгт хүчиндээ алба хааж байгаа гэнэ. Ажил, амьдрал дээр үргэлж ойр дотно явж, нэгийнхээ жаргал, зовлонг нь хуваалцаж, хамаатнаас дутахгүй нөхөрлөж явдаг ажээ. ХЗЦК-ын Цэргийг агаарын довтолгооноос хамгаалахын дарга, хурандаа П.Мөнх-Эрдэнэ, офицер, дэд хурандаа Н.Мөнгөн, ҮАБЗ-ийн Ажлын албаны дотоод аюулгүй байдлын шинжээч, дэд хурандаа Ц.Батбаяр, Агаарын цэргийн командлалын Сургалт бэлтгэлийн хэлтсийн ахлах офицер, дэд хурандаа О.Амарсанаа, нийслэлийн Хан-Уул дүүрэг болон Завхан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Б.Баасанхүү, дэд хурандаа Н.Төмөр-Очир, ҮБХИС-ийн багш дэд хурандаа Т.Сүхбаатар, өдгөө ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагчийн сургалт бэлтгэл хариуцсан орлогч, дэд хурандаа П.Энхтайван гээд олон офицерыг нэрлэж байв. Онжавууд нь өдгөө завгүй офицерууд хэдий ч анх цэргийн сургуулийн хашаагаар орж ирсэн шигээ зан ааль нь хэвээрээ, нэгнээ “дэглэж” шоолдог нь янзаараа гэв. Хэнийгээ ч бүх цаг үедээ хаяж үзээгүй, цөөхөн хэдий ч амь нэгтэй гэж тэр нэмж онцолно лээ.
.jpg)
Спортын мастер маань эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Гэргий С.Пагамдуламтай Зэвсэгт хүчний 186 дугаар ангид салааны захирагч байхдаа гэр бүл нэгтгэн, өдгөө гурван хүүхдийн аав, ээж болжээ. Түүний эхнэр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Хангалт үйлчилгээний тасгийн даргаар ажилладаг, дэд хурандаа цолтой мөрдэс гоё бүсгүй. Том охин У.Есөнчимэг, дунд хүү У.Есөн-Эрдэнэ нар сургуулийн сурагч бол бага хүү У.Есөнтэй таван настай. Том охин нь 9 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цагт мэндэлсэн учир есийн тоог бэлэгдэж, хүүхдүүддээ Есөн гэдэг нэр хайрлажээ.
Хайртай гэр бүлээсээ гадна ярих дуртай сэдвийн нэг нь яахын аргагүй аав А.Үнэнбөх, ээж С.Эрдэнэчимэг нар нь байлаа. Аав нь хэдийн бурхан болсон ч гэсэн түүний нийтийн биеийн тамирын төлөө Архангай аймгийн сумдыг дамжиж амьдарсан цаг хугацааг нь дурсаж, үйл хэргээр нь үргэлж бахархаж явдаг гэлээ.
Багаас нь “Миний хүү Ү.Уянгасайхан эцгийнхээ залгамжийг авч тамирчин эсвэл цэрэг бол. Охин Ү.Туулсайхан сэтгүүлч, бага хүү Ү.Батсайхан цагдаа болно оо” гэж өхөөрдөж өсгөсөн бөгөөд яг л аавынхаа хэлсэн замналаар хүүхдүүд нь энэ мэргэжлийн эзэд болжээ. Дэд хурандаагийн ижий С.Эрдэнэчимэг гуай мөн л насаараа боловсролын салбарт ажилласан түүх, газар зүйн багш. Өдгөө гурван хүүхдүүдийнхээ дунд амьдарч яваа гэнэ.
“Ээжийг авах гэж бас хөөрхөн өрсөлдөөн болно шүү дээ. Зун болохоор агаар салхинд байх хэрэгтэй гээд Эрдэнэт хот руу дүү охины руу явуулчихдаг юм. Бусад үед бага дүүтэйгээ ээжийгээ булаацалдах нь холгүй юм болно. Яг одоо бол ээж минь манайд байгаа. Насаараа багш байсан болохоор ач, зээ нарынхаа хичээл сурлагад их анхаарна.
“Та ядарчихна, наад хэд чинь өөрсдөө сурна биз. Даалгаварт нь битгий санаа зовоорой” гэхээр хүүхдийн хүмүүжлийг багад нь олгох ёстой гээд байдаг юм. Нээрээ, ээж минь өглөө бүр “Хүүгийнхээ өнөөдрийн ажилд нь амжилт хүсье. Урам зориг, эрч хүчтэй байгаарай. Бусдыг бодож шийдвэр гаргаж байгаарай” гэсэн утгатай чат захидлыг ирүүлдэг. Өглөө гэрээс гарахад “Миний хүүхдүүд ажилдаа явлаа юу” гэчхээд л өрөөндөө ороод бичдэг бололтой юм. Ажил дээр ирэнгүүт л явуулна. Ээжээсээ өглөө бүр урам зоригтой, хайр шингэсэн захидал авахаар тэр өдрөө эрч хүчтэй, өөдрөг гэж жигтэйхэн. Ээжийн захиагүй өдөр гэж надад үгүй. Мэдээж хорвоогийн жам хатуу, нэг л өдөр ээжийн захидалгүй болох вий гэж төсөөлж бодохоор хүнд санагддаг” гэж хэмээн аавыгаа санасан хэмжээндээ ачилж амжаагүй ч, ээжийгээ хайрлаж, түүнийгээ нөхөх сөн гэж хичээдгээ өгүүлж байлаа.
.jpg)
Тэрээр “Ажил хөдөлмөртөө чин сэтгэлээ зориулдаг хэн бүхнийг хүндэлдэг. Махран зүтгэж байгааг нь харахад л сайхан. Тийм хүмүүстэй хамтран ажиллахад ч урамтай. Хоёрдугаарт шударга зан чанарт дуртай. Аав ээжийнхээ захиасыг бодсон ч тэр, ажил амьдралынхаа туршлагыг харсан ч тэр аль болох шударга байхыг эрмэлздэг” гээд залуухан дэслэгч явсан цаг үеэс нь дэмжиж ажилласан үе үеийн цэргийн дарга, хамт олон, онжав, найз нөхөд, хамтран зүтгэгч нартаа “Хуурай замын цэрэг” сониноор дамжуулан ажлын амжилт хүслээ.
Ахмад Д.БОЛОР
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0