sonin.mn
“Морьтон дайчид” гэдгээрээ алдаршсан Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Н.Бумбаяр, салааны ахлагч, сургагч ахлагч Б.Ганбаяр, байлдагч Г.Өнөболд нар жижүүр, харуулын үүрэг гүйцэтгэх үедээ бусдын амь насыг аварсан баатарлаг үйлс байгууллаа.
 
Энэ талаар дэслэгч Н.Бумбаяр “4 дүгээр сарын 29-ний шөнө 01 цагийн үед цагийн манаачаар үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Г.Өнөболд ангийн байрлалаас 200 метрийн зайд автомашин осолдсон юм шиг байна. Гэрэл нь асаатай байна” гэж мэдэгдсэний дагуу яаралтай очиж шалгахад хоёр эрэгтэй хүн ухаангүй, зам тээврийн томоохон осол гарсан байдалтай байсан.
 
Тэгэхээр нь машинаас нь зөөлхөн өргөж гаргаад цусыг нь тогтоож, анхан шатны тусламж үзүүлсэн. Мөн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумынхаа эмнэлэг, цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдсэн. Одоо хоёр иргэн ухаан орж, биеийн байдал нь дээрдэж байгаа тухай сумын эмч нараас ангийн удирдлагад хэлсэн байна лээ. Яаралтай арга хэмжээг цаг алдалгүй авсан дайчдадаа баярлалаа гэдгийг заавал хэлээрэй гэж дамжуулсан байсан.
 
Осолд өртсөн хоёр иргэн нь Дэлгэрхаан сумын малчид” гэсэн мэдээллийг өглөө.
 
Зам тээврийн ноцтой осолд өртсөн иргэдэд цаг алдалгүй тусламж үзүүлж, амь насыг нь аварсан дайчдын тухай танилцуулахад дэслэгч Н.Бумбаяр нь Ховд аймгийн Манхан сумынх. 2011-2017 онд “Тэмүүжин-Өрлөг” дунд сургуулийг Г.Наранчимэг багшийн удирдлагад, 2017-2022 онд ҮБХИС-ийн ЦНДС-ийн Ерөнхий цэргийн командын офицер мэргэжлээр дэд хурандаа Л.Сэрж-Очир багшийн удирдлагад тус тус суралцаж төгссөн. 2022 оноос Зэвсэгт хүчний 232 дугаар ангиас салааны захирагчаар ажлын гараагаа эхлүүлсэн залуу офицер юм.
 
Сургагч ахлагч Б.Ганбаяр нь 2000 онд ҮБХИС-ийн Ахлагч бэлтгэх төвийг дүүргэж, ажлын гараагаа Зэвсэгт хүчний 150 дугаар ангиас буудагчаар эхлүүлсэн нэгэн. Үүний дараа ҮБХИС-ийн Ахлагчийн сургуульд дамжааны багш, Зэвсэгт хүчний 032 дугаар ангид салааны ахлагчаас ажиллагааны ахлагч болтлоо дэвшин ажиллаж, 2022 оноос Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнхаа эгнээнд нэгджээ. Зэвсэгт хүчинд 24 дэх жилдээ алба хааж байгаа тэрээр Хэнтий аймгийн Биндэр сумынх бөгөөд цэрэгжлийн спортын шилдэг тамирчдын нэг.
 
Цагийн манаачаар үүрэг гүйцэтгэхдээ сонор сэрэмжтэй байж, аюул ослын талаар яаралтай мэдээлэл хүргэсэн байлдагч Г.Өнөболд Төв аймгийн Зуунмод сумынх. Хугацаат цэргийн албанд татагдан ирэхээс өмнө СУИС-д кино телевизийн зураглаач мэргэжлээр суралцаж байсан, гуравдугаар дамжааны оюутан. Оюутныхаа хугацаанд олон киноны арын албанд ажилласан туршлагатай гэнэ. “Богд хаан II” уран сайхны киноноос эхлээд олон бүтээлд туслахаар ажилласнаа онцолж байв. Тэрээр аав Э.Ганболд, ээж С.Дэлгэржаргал, ах эгч, дүү нартаа албандаа сайн яваагаа уламжилж, морьтон дайчин болсондоо бахархаж явдгаа илэрхийллээ. Цэргийн албаа нэр төртэй хаасныхаа дараа мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцаж, тайз, дэлгэцийн олон олон бүтээлийг зураглах нь түүний ойрын зорилго ажээ.
 
 
Ахмад Д.БОЛОР
Эх Сурвалж: "Монцамэ" агентлаг