sonin.mn
ТОКИО. /Kyodo/. Өнөө өглөө Японы зүүн нутгийн Чиба муж, Токио хотын орчимд 5.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн ч цунамийн түгшүүр зарлаагүй гэж тус улсын Цаг уурын агентлаг мэдээллээ.
 
Чиба мужид хоёр эмэгтэй хөнгөн бэртсэн бол Токиод хэн нэгэн гэмтэж бэртсэн талаар мэдээлэл одоогоор алга байна. Газар хөдлөлтийн улмаас “East Japan Railway” компанийн Чиба мужаар дамжин өнгөрдөг зарим үйлчилгээг түр зогсоож, хойшлуулахад хүрчээ.
 
Японд газар хөдлөлтийн эрчмийг долоон шатлалаар үнэлдэг бөгөөд орон нутгийн цагаар 04:16 цагийн орчимд газар хөдлөх үед Чиба мужийн Кисаразү хотод таваас дээш, Кимизү хотод таваас доош, Токиогийн Чиёда, Шинагава дүүрэгт дөрөвдүгээр түвшний чичирхийлэл мэдрэгджээ. Цаг уурын агентлагийн тодорхойлолтоор, таваас дээш түвшний чичирхийлэл мэдрэгдэх үед олон хүнд алхаж явахад хүндрэлтэй болдог байна.
 
Чиба мужид 2012 оны гуравдугаар сараас хойш анх удаагаа таваас дээш шатлалд багтах газар хөдлөлт болсон гэж тус агентлаг мэдээлжээ. Өнөө өглөө болсон газар хөдлөлтийн голомт Чиба мужийн өмнөд хэсэгт 40 орчим км-ийн гүнд байжээ. Мэргэжилтнүүд эхэндээ 5.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж мэдээлж байсан ч хожим нь 5.2 магнитуд болгосон байна. Цаг уурын агентлагаас ойрын долоо хоногт дахин газар хөдөлж болзошгүйг анхааруулжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг