sonin.mn
"1941-1945 оны Аугаа Эх орны дайны сургамж, ач холбогдол" сэдэвт Олон улсын дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг "Амар" зочид буудлын хурлын танхимд боллоо. Ярилцлага, хэлэлцүүлгийг "Цэргийн улс төр, соёл хүмүүжлийн ажилтны Нэгдсэн эвлэл" ТББ, Ахмад дайчдын "Улаан одхон" сонины зөвлөлөөс ОХУ-ын Буриад улсын Хүүхэд залуучуудын эх оронч хүмүүжлийн "Юнармия" олон нийтийн байгууллагатай хамтран зохион байгуулсан юм.
 
Нэгдсэн эвлэлийн тэргүүн, бэлтгэл хурандаа Б.Жуваа нээж хэлсэн үгэндээ "Эх орны дайны ялалтад Монголын ард түмний оруулсан хувь нэмэр багагүй. Тийм учраас хүн төрөлхтнийг фашизмын боолчлолоос авран хамгаалсан энэ дайны ялалт бидэнд үнэ цэнтэй хэвээр байх болно" гэв.
"Юнармия" байгууллагын тэргүүн, чөлөөнд байгаа дэд хурандаа Владимир Ефремов "Энэ удаагийн 2 дахь бага хурлын үеэр хоёр орны ард түмний дайны жилүүдийн хамтын ажиллагааг хөндөн ярьж түүх судалгааны шинэ баримтуудыг нийтийн хүртээл болгоно гэдэгт итгэл дүүрэн байгаа" гэж ярив.
 
"Орос, Монголын хамтын ажиллагаа Эх орны дайны жилүүдэд" гэсэн илтгэлийг хурандаа Цыремпилов Цырен тавьж хэлэлцүүлсэн. Москвагийн дэргэд болсон тулалдааны үеэр орос дайчид монголоос ирүүлсэн хагас нэхий дээлийг өмсөж, монгол морьд фронтын хүнд бэрх замыг туулж Берлин хүрсэн тухай сонирхолтой сэдвийг хөндлөө.
 
Дараа нь доктор, дэд профессор, бэлтгэл дэд хурандаа Л.Баяр "Монголын ард түмний тусламж дайны жилүүдэд (тоон үзүүлэлтээр)" илтгэлийг хэлэлцүүлэв. Бэлэглэлийн цуваануудад хүнд хэрэгцээтэй бүхэн багтсан бөгөөд тулалдаан түр амсхийхэд дайчдын татах тамхи хүртэл байсан тухай тоо баримт дурдан ярьсан.
Мөн Халхын голд дайны талбарт эрэн хайх ажиллагаа явуулж, сураггүй болсон монгол орос дайчдыг эрэн сурвалжлах, ёс төртэй нутаглуулах зэрэг ажлыг зохион байгуулсан талаар Улаан Үд дэх “Россия” телевизийн сэтгүүлч Жаров баримтат кино үзүүлж тайлбар өгсөн юм.
 
"Монгол Улс Дэлхийн 2 дугаар дайнд" номын орчуулагч, түүхч, бэлтгэл дэд хурандаа С.Өлзийдүүрэн товч мэдээлэл хийсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Инженерийн цэргийн холбооны тэргүүн, чөлөөнд байгаа дэд хурандаа Ё.Ариунболд хэлсэн үгэндээ "Намайг сонсогч байхад Калининградын Цэргийн инженерийн дээд сургуульд дайнд оролцсон ахмад багш нар хичээл зааж, туршлагаа өвлүүлдэг байж билээ. Бид тийм эх орончдоор хичээл ном заалгасан хүмүүс" хэмээн ярьсан. Мөн хурандаа Цыремпилов Цырен дайнд мордсон өвөг, дээдсийнхээ тухай, тэдний бахархам түүхийг сонсож өсч хүмүүжсэн талаар дурсамжаа хуваалцав.
Хурлын үеэр Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, бэлтгэл дэд хурандаа Д.Лувсанням, хошууч Р.Батболд нар уран бүтээлээсээ сонирхуулж "Три танкиста" зэрэг дууг баян хуур хөгжимтэй дуулж, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ирсэн ахлах дэслэгч Саяна эх орны сэдэвт шүлэг уншиж сонирхууллаа.
Хоёр орны эрдэмтэд, судлаачид бэлэг дурсгалын зүйл солилцож ирэх жилийн 5 дугаар сарын 9-ний баяраар бага хурлын ажиллагааг үргэлжлүүлэн явуулах талаар талууд харилцан тохиролцсоноор дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг амжилттай өндөрлөв.
 
Бэлтгэл хурандаа Г.НЯМДОРЖ