sonin.mn
ВАШИНГТОН. /FOX news/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ намар гэхэд тус улсын химийн зэвсгийн нөөцийг бүрэн устгана гэж мэдэгдлээ.
"Бид намар гэхэд химийн зэвсгийн нөөцийг устгах ажлыг дуусгах шатандаа явж байгаа бөгөөд энэ бол зэвсэг хураах салбарт чухал үйл явдал юм" гэж Ж.Байден Химийн зэвсгийг хориглох тухай конвенцын хэрэгжилтийг хянан хэлэлцэх бага хурлын өмнө хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
 
 
 
АНУ нь дэлхий даяар үйлдвэрлэх, ашиглах, нөөцлөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд Химийн зэвсгийг хориглох байгууллагын хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжихээр төлөвлөж байгааг Ерөнхийлөгч цохон тэмдэглэсэн байна. 
 
 
 
"Бусад улс орнуудыг Конвенцод нэгдэхийг уриалахын тулд бид бүгд  хамтран ажиллах хэрэгтэй" гэж тэрбээр онцолжээ.
Химийн зэвсгийг хориглох тухай конвенцын хэрэгжилтийг хянан хэлэлцэх тавдугаар бага хурал Хааг хотод тавдугаар сарын 15-19-нд болно. 
Химийн зэвсгийг хориглох тухай конвенц 1997 оны дөрөвдүгээр сарын 29-нд хүчин төгөлдөр болсон. Үүнээс хойш химийн зэвсэг эзэмшигч орнууд зэвсгийнхээ нөөцийн 98 орчим хувийг устгасан байна. 
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг