sonin.mn
Тэртээх 1939 оны Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчин Цэрэнгийн Чимэдцэрэн (мэнд байгаа цорын ганц ахмад дайчин) ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс (БНБурУ)-ын урилгаар Улаан-Үд хотод зочилж, Аугаа их Эх орны дайны ялалтын 78 жилийн ойн баярын ёслолд хүндэт зочноор оролцжээ. Дайны үед Дорнод аймгийн Баяндун сумаас 13-16 насны буриад бүсгүйчүүл өөрсдийн санаачилгаар цэргийн хээрийн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсны нэг нь тэр үеийн 15, эдүгээ 99 настай Чимэдцэрэн гуай юм.
 
Энэхүү зочлох айлчлалыг БНБурУ-ын Засгийн газрын гишүүн, Монгол Улстай харилцан ажиллах асуудал эрхэлсэн сайд Д.Ш.Чирипов санал болгож, тус улсын Засгийн газар дэмжсэнээр хэрэгжсэн бөгөөд зочныг Дайны ахмад дайчдын сувилалд үнэ төлбөргүй буулгажээ.
 
Ахмад дайчин Ц.Чимэдцэрэнг БНБурУ-ын Тэргүүн, Засгийн газрын дарга А.С.Цыденов хүлээн авч хүндэтгэл үзүүлэн БНБурУ-ын гавьяаны медалиар шагнасан байна. Хүндэтгэлийн ёслолд Монгол Улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрын тэргүүн Д.Нямцэрэн, Дайнд оролцогчдын байгууллагаас Г.Лүндэн оролцов.
 
Хүндэт зочин Аугаа их Эх орны дайны Ялалтын 78 жилийн ойн баярын цуглаан болон Ялалтын цогцолбор, ЗХУ-ын маршал К.К.Рокоссовскийн хөшөөнд цэцэг өргөх ёслолд оролцож, Улаан- Үдэд болсон Цэргийн ёслолын жагсаал үзэн сонирхжээ. Мөн Бүх Оросын “Боевое братство” байгууллага, Афганистаны болон цэргийн тусгай ажиллагааны ахмад дайчдын байгууллагын удирдлага ахмад дайчинд хүндэтгэл үзүүлж, “Байлдаанд явсан чацуутнууд” цогцолборын хөшөө дурсгалуудтай танилцуулсан байна.
 
Монголын “УРГ’У” студийнхэн бүтээж 2022 оны "Алтаргана” наадмаас алтан медаль хүртсэн “Дайнд мордсон бүсгүйчүүд” хэмээх Чимэдцэрэн гуай болон түүний үеийнхний тухай баримтат киног Буриадын төв номын санд оюутнууд, ахмад дайчдын төлөөлөлд үзүүлэн хэлэлцүүлэг өрнүүлж, үзэгчид сэтгэгдлээ, ахмад дайчид дурсамжаа хуваалцсан аж. Халхын голын байлдааны ахмад дайчин Ц.Чимэдцэрэнг ОХУ- ын БНБурУ-д өндөр хүндэтгэлтэй хүлээж авсан нь Монгол Улс, ОХУ- ын Буриад Улсын ахмадын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр улсын дайн, байлдаан, цэргийн ажиллагааны ахмад дайчдын байгууллагуудын хоорондын харилцааг идэвхжүүлэх, хамтран ажиллахад ач холбогдолтой юм.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин