sonin.mn
Тавгийн идээний гол хэсэг нь ул боов юм, хэвийн боов ч гэдэг. Таваг засахдаа идээний боовыг 3,5,7,9 гэх мэтээр сондгой үеэр жаргал зовлонг ээлжилж, жаргалаар эхлээд жаргалаар дуусгахаар тохируулж өрдөг. Есөөс дээш үеэр идээ өрөхгүй. Гурван үе тавгийн идээг 20-30 насны залуу гэр бүл, таван үеийг бол 30-50 насны гэх зэргээр хэвийн боовны давхарлах үеийн тоо нь өсч явсаар 70-аас дээш настан есөн үе идээ тавих учиртай. Дээр нь өрөм, бусад цагаан идээ, ёотон зэргээр өнгө цайруулан чимдэг.
 
Сар шинийн бас нэг гол идээ, шүүсний нэг бол хонины ууц юм. Монголчууд зөвхөн халуун хошуут хонин сүргийнхээ дундаас хүч тарга сайтайг нь сонгож ууц тавьдаг. Гүн хүндэтгэлийн энэхүү идээ шүүсийг голдуу төрийн хүндэтгэл, шашны цэнгүүн болон олон нийтийг хамарсан томоохон ёслолын үед л хэрэглэдэг байжээ. Ууцыг бүхлээр тавихад дээд голд нь толгой, дээд хаа талд зургаан өндөр хавирга, доод сүүл талд нь хонготой шагайт чөмөг, цээжин талд нь сээр, хүзүүг амьд хонинд байдаг байршил дарааллаар нь өрж, байрлуулна. 
 
Ингэхдээ толгой талыг нь гэрийн хоймор зүгт чиглүүлнэ. Далны маяа, хавирганы бураа талыг харцага буюу их бие өөд харуулан өрдөг. Үхрийн өвчүү чанаж тавьдаг бол өехийд нь дал, дөрвөн өндөр хавирга, шаант богтос зэргийг тавьж болно.
 
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин