sonin.mn
Жил бүр бүх нийтээр мод тарьдаг өдөр бий. Хот тохижилтын байгууллагууд ч яахав. Энэ өдрийг ашиглаад өөрсдийгөө сурталчлах гэсэн хүмүүс ч байдаг. Ямар ч зорилготой байсан буянтай л ажил. Гэхдээ зөвхөн буян бодоод байх бус арай жаахан албадлагын чанартай болгож болмоор байгаа юм. 
 
Нийслэлийн гэр хороололд багадаа л 150 мянган өрх бий. Тэднийг хашаандаа тус бүр нь нэг мод тарьдаг болговол ямар вэ. Ингэвэл төдий тооны мод нэмэгдээд л явчихна. Энэ хэрээр орчин ч сайжирна. Өнөө нийслэл татвартай болох эсэх тухай яриа гарсан. 
 
Хэрвээ татвартай болчихвол мод тарьсан хүмүүсийг тодорхой хувиар чөлөөлдөг байж болно шүү дээ. Зуны дэлгэр цаг ирлээ. Нар шарсан аагим өдрүүд, бороо намирсан бүрхэг тэнгэр ээлжлэн сайхан байна. Одоо хотын төвийн гудамжуудын модод нахиа, цэцэгсээ дэлгэчихсэн хичнээн гоё байна вэ. 
 
Үүн дээр нэмээд айл бүр нь мод тарьвал хачин сайхан харагдана. Ер нь тэгээд хашаа хатгаж газартай ойр амьдарч байгаа үед мод тарихгүй байж болдог ч юм уу даа. Дэлхий нийтээрээ эко амьдралыг дээдэлдэг болсон өнөө үед энэ бидний нэрийн хуудас болж ч мэднэ. 
 
Жуулчид айл бүр нь аньсны буттай хотод очихоор ирж болно шүү дээ. Нүүдэлчин соёл иргэншилтэй, байгаль эхдээ хайртай хүмүүсийн хойч үе амьдардаг тэнүүн уудам нутгийн нийслэл хот ногоон болох боломж байна.
 
Ж.Энх
Эх сурвалж: "Нийслэл таймс" сонин