үн төрөлхтний түүхэнд өрнөсөн технологийн хувьсгал бүр хүний чадавхыг гадаад орчинд өргөжүүлэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ “хүн гэж хэн бэ” гэсэн ойлголтыг шинээр тодорхойлж ирсэн. Харин хиймэл оюун ухаан үүнээс ч гүнзгий өөрчлөлтийг авчирч байна. Тэр бодит байдлыг зөвхөн тэмдэглэн бүртгэхээ больж, урьдчилан төсөөлж эхэллээ. Мөн өнөөгийн ертөнцийг тайлбарлаад зогсохгүй, хараахан бий болоогүй ирээдүйн боломжит хувилбаруудыг урьдчилан эрэмбэлж байна. Энэ утгаараа урьдчилан таамаглах үйл явц нь ирээдүйд юу тохиож болохыг дүрслэх төдий бус, харин цаашдын өрнөлийг бодитоор хэлбэржүүлэх хүч болон хувирч байна.
Хиймэл оюун ухаанаас үүдэн гарч буй гол асуулт нь машин хүн шиг сэтгэж чадах эсэхэд бус, харин түүний гаргасан дүгнэлт ямар хэмжээний эрх мэдэлтэй болж эхэлж байгаад оршино. Тэрхүү эрх мэдлийг хэн олгож байна вэ? Хэн түүнд хариуцлага тооцох вэ? Эцэст нь энэ бүхэн хүн төрөлхтөнд ямар ирээдүйг бий болгох вэ?
2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон Хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний уулзалтын үеэр Хятад улс хиймэл оюун ухааны засаглалын талаарх үзэл баримтлалаа дэвшүүлсэн юм. Үүнд хүн төвтэй хөгжлийн үзэл санааг баримтлан, хиймэл оюун ухааныг сайн сайхны төлөө хөгжүүлж, хамтын хөгжил цэцэглэлт, нийтлэг аюулгүй байдлыг хангах чухал хөдөлгөгч хүч болгохын зэрэгцээ шударга, тэгш эрхтэй дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын тогтолцоог хамтран байгуулахыг уриалжээ.
Энэхүү үзэл баримтлал нь зөвхөн технологийн чадавхын ялгааг бус, технологийн хөгжлийн хурд болон засаглалын талаарх нийтлэг ойлголт бүрэлдэх хурд хоорондын зөрүүг анхааралдаа авч буйг харуулж байна. Технологийн дэвшил нийтлэг зөвшилцөл бүрдэхээс түрүүлсээр байвал түүнийг зохицуулах дүрэм гарахаас өмнө технологийн хүч нийгэмд нэвтэрч болзошгүй. Иймээс хиймэл оюун ухааны засаглал нь эрсдэлийг хянах төдий асуудал бус, технологийн шинэчлэл болон дүрэмд суурилсан дэг журмын хооронд зохистой тэнцвэр тогтоох үйл явц юм.
CGTN-ээс дэлхийн хэмжээнд явуулсан цахим санал асуулгаар оролцогчдын 85.4 хувь нь хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил дэлхийн аюулгүй байдал, засаглалд шинэ сорилт учруулж байна гэж үзжээ. Мөн 92.6 хувь нь хуурамч дүрс, бичлэг болон хиймэл оюун ухаанаар бүтээсэн ташаа мэдээлэл нийгмийн итгэлцлийн суурийг ганхуулж болзошгүйд санаа зовниж буйгаа илэрхийлсэн бол 87.8 хувь нь технологийн саад хориг, “дижитал хана” дэлхийн шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг хэсэгчлэн бутаргаж болзошгүй хэмээн болгоомжилжээ.
Эдгээр дүнгээс харахад хиймэл оюун ухаанаас үүдэлтэй сорилт технологийн хүрээнээс хэдийн хальсан байна. Тиймээс дэлхийн засаглалыг бэхжүүлж, олон улсын нийтлэг ойлголтыг бүрдүүлэх нь хиймэл оюун ухааны эрин үеийн улс орнуудын нийтлэг шаардлага болжээ.
Санал асуулгад оролцогчдын 82.6 хувь нь засаглалын тогтолцоог шударга, хүртээмжтэй байлгахын тулд хөгжиж буй орнууд болон Глобал Өмнөдийн орнууд хиймэл оюун ухааны засаглалын дүрэм боловсруулахад илүү их үүрэг оролцоотой байх ёстой гэж үзсэн байна. Харин 87.5 хувь нь технологи тэгш бус байдлын шинэ эх үүсвэр болохоос сэргийлж, олон улсын хамтын нийгэмлэг хүртээмжтэй, хүн бүрд үр өгөөжтэй хиймэл оюун ухааны хөгжлийг хамтран дэмжихийг хүсжээ.
Эдгээр үр дүн нь хиймэл оюун ухааны засаглалын талаарх дэлхийн олон нийтийн нийтлэг хүлээлтийг илэрхийлээд зогсохгүй, технологийн монопол бус нээлттэй байдал, хамтын ажиллагаа, зохицуулалтын саад бус хүртээмж, үр өгөөжийг хамтдаа хүртэх зарчим хиймэл оюун ухааны засаглалын ирээдүйг тодорхойлох ёстой гэсэн олон улсын нийтлэг ойлголт бэхжиж буйг харуулж байна.
Өөрийн соёл иргэншлийг зөвхөн бусдын бүтээсэн хиймэл оюун ухааны загвараар орчуулж, хураангуйлж, тайлбарлуулдаг л юм бол нийгэм оюун ухааны эрин үед жинхэнэ утгаараа хараахан бий болоогүй гэсэн үг. Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын үнэхээр шударга тогтолцоо нь улс орон, соёл иргэншил бүрийн хөгжлийн зам, үнэт зүйлсийн ялгаатай байдлыг хүндэтгэх ёстой.
Ингэснээр соёл иргэншил бүр өөрийн үзэл баримтлалын тогтолцоогоор дамжуулан ертөнцийг танин мэдэх, өөрийн нөхцөл, зарчимд нийцүүлэн ухаалаг системийг сургах, хиймэл оюун ухааны ирээдүйг тодорхойлоход оролцох эрхээ хадгална. Янз бүрийн соёл иргэншлийн үнэт зүйл, сэтгэлгээний хэлбэр нь алгоритмын арилгах ёстой “илүүдэл шуугиан” бус, харин тодорхой бус ирээдүйг туулахад хүн төрөлхтөнд зайлшгүй шаардлагатай, орлуулшгүй оюуны эх сурвалж юм.
Дэлхийн хиймэл оюун ухааны засаглалын зорилго нь ертөнцийг тайлбарлах цорын ганц “зөв” загвар тогтоох бус, харин аль нэг ойлголт бусдыгаа давамгайлахаас сэргийлэхэд оршино.
Засаглал бол инновацын дайсан биш, харин түүний хоёр дахь бүтээл юм. Эхний бүтээл нь лабораторид бий болж, машин тодорхой чадавх эзэмшинэ. Харин хоёр дахь нь институц, ёс зүйн хэм хэмжээ, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд бий болж, технологид зорилго, хязгаар, хариуцлага оноодог.
Засаглалгүй оюун ухаан бол ердөө л хүч. Харин нийтлэг үнэт зүйлээр чиглүүлсэн оюун ухаан л технологийг нийтийн сайн сайхны төлөөх бодит хүчин болгож чадна.
Хиймэл оюун ухааны эрин үед түүний засаглал нь хамтын хөгжил цэцэглэлт, нийтлэг аюулгүй байдал төдий биш юм. Энэ нь хүн төрөлхтөн ирээдүйгээ хамтдаа бүтээх чадавхтай холбоотой асуудал юм. Шударга хиймэл оюун ухааны дэг журам нь технологийн дэвшлийн үр өгөөжийг хүн бүрд тэгш хүртээхээс гадна улс орон, соёл иргэншил бүр дүрэм тогтоох, хиймэл оюун ухааны хөгжлийн чиглэлийг тодорхойлох эрхтэй байх ёстой.
Ирээдүй гэдэг нь загвараас урьдчилан гаргасан бэлэн хариулт бус, харин хүн төрөлхтөн хамтран бичиж буй, хүн бүр засварлан сайжруулах боломжтой дуусаагүй эх ноорог байх учиртай.
Машин сэтгэж эхэлсэн нь технологийн түүхэн дэх чухал үйл явдал юм. Харин хүн төрөлхтөн хариуцлагаа хамтдаа үүрч, сонголт хийх эрх чөлөөгөө хадгалж чадах нь соёл иргэншлийн жинхэнэ дэвшлийг илтгэнэ.
Цинхуа их сургуулийн Сэтгүүл зүй, харилцаа холбооны сургууль болон Хиймэл оюун ухааны сургуулийн профессор Шэнь Ян
Лхагва - 07 сарын 22,
2026
Сэтгэгдэл0