Наадмын бөхийн сэтгэгдэл, бас бус юмны тухай
Монголын ард түмэн сайхан наадлаа. Ажаад байхад түүхэн том ойн жилд ингэж сэтгэл ханамжтай дүүрэн сайхан нааддаг юм байна. Хангай аваргыг түрүүлдэг жил бас ингэж наадсан санагдана. Түүнээс өмнөх 1024 бөх барилдаж Санжаадамба, Мөнхбат, Сумьяабазар түрүүлсэн том ойн жилүүдэд ч ийм л байсан даа. Тэгэхлээр ингэж хэдэн жилд нэг тохиодог тэгш том ойнуудаар 1024 бөх барилдаж байх нь зөв юм байна. Гэтэл 1024 бөх барилдана, барилдахгүй гэж энэ хаваржингаа шуугисан. Урьд нь болоод л ирсэн юмыг яах гэж ингэж хэл ам болгон олныг талцуулаад байгаа юм бол? гэж бодогдож л байлаа.
Монгол бөхөд залуу нас, амь амьдралаа зориулан зүтгэж яваа мянга мянган залуус бий. Тэд дээшээ явж улсын цолонд хүрч “тоот бөхийн тоонд орж, торгон зодогноос атгалцахыг” хүсдэг. Гэтэл монгол бөх хөгжиж, өдөр бүрийн байнгын бэлтгэлтэй болсон энэ цагт хэн бяртай эртэй, барилдаанч авьяастай нь л тэр их хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлнэ.
Аймаг цэргийн цол ханачихаад улсын цолонд зүтгэж байгаа олон залуус бий. 512 бөх барилддаг жилүүдэд тэдний цөөхөн нь улсын цолонд хүрч, ихэнх нь “хойтон жилийн наадам хол байна даа” гээд нулимстай үлддэг. Нэг үгээр хэлэхэд улсын цолонд дөхсөн залуус бие сэтгэлээрээ тэсэрч барилдаж чадалгүй, багтарч үлддэг.
Иймд хэдэн жилд нэг удаа ингэж боломж олгон 1024 бөх барилдаж байх нь зөв юм аа. Энэ нь нөгөөтэйгүүр Монгол бөхийг шинэ цусаар сэлбэн, Монгол бөхийн эгнээг шинэ цолтнуудаар тэлж, уламжлал шинэчлэлийг хослуулсан бодлого барьж явах нь чухал билээ. Цолны даваанд уначихаад хүүтэйгээ зэрэгцэж зогсоод уйлж байсан цэргийн арслан Жамбалдорж олон жилийн дараа улсын цолны босго алхсан нь “цолны даваа хатуудаа хатуу, хүсэхэд хясна” гэдгийн жишээ боловч, нөгөө талаар Монгол бөхөд байнга “цус сэлбэж байх ёстой”-г хэлээд байна аа.
Бас монгол бөхөд ёс зүй, жудаг мөс байсаар байгааг Батсуурь аварга, арслангийн даваанд тахим буулгаж үзэгчдийг огшоосон, бөхчүүл улайм цайм нутгархаж, элдэв хор найруулсангүй, ам авалт аядуу тогтуун болсон зэргээс харагдлаа.
Зурагт үзэж суусан маньд ингэж л бодогдсон. Дэлгэцээс далд, хөшигний цаана юу болсныг хэн мэдлээ. Оюунболдыг дээшээ явж барилдан, давчихаад гараа гозолзуулан гүйхэд нь “Мань хүн ингээд 9 давж мэднэ шүү. Тэгвэл аваад алдсан аварга цолоо авна даа” гэж бодогдож л байлаа. Шөвгөрөөд туг тойрч явахдаа өөрийн эрхгүй мэлмэрүүлж байна лээ. Өөрийнх нь буруу голлох ч, өнгөрсөн хэдэн жилд юу юу ч болов доо. “Хүний олон хүнээ барихгүй” гэж монголчууд ярьдаг. Гэхдээ барьж идэх шахсан даа. Хүнийг бүдэрсэн дээр нь түлхэх муухай.
Доопинг гэдэг мангаа үг бол уг нь “дүпин” гэсэн хятад үг. Хор, хорын ерөндөг гэсэн утгатай. Аливаа юм хэмжээндээ байвал эм болдог, хэмжээнээсээ хэтрэхээрээ хор болдог. Хорыг ерөндөгөөр тайлдаг учиртай. Хэдэн мянган жилийн өмнөөс хятад хүн олж нээж, сайн муу алив юманд хэрэглэж ирсэн байдаг. Энэ наадмаар хэрэглэсэн, хэрэглээгүйг нь дахиад л шалгана. Элдэв юм бүү сонсогдоосой билээ, ийм сайхан наадмыг бүү гутаагаасай билээ гэж залбирнам.
“Насны бөх, ясны бөх” гэж байдаг гэж ярьдаг. Пүрэвдагва арслан бол ясны бөх юм аа. Наадмаар барилдуулахгүй байх шийдвэр гарахад нь “Барилдуулаасай. Залуу нас эргэж ирэхгүй” гэж өмөөрч л суулаа.
Олон жил жигд сайн барилдаж байна. Тээр жил аймгийн цолтой байхдаа наадмын өмнөхөн бэлтгэлд гарчихаад зурагтаар ярьж байсныг нь мартдаггүй юм, тэгэхэд ч ийм л цэнхэр зодог шуудагтай байсан залуухан хүү: -Өө тэгээд харгүй сайхан барилдаж улсын цолонд зүтгэнэ ээ гэж хэвлүүхэн том ярьж суусан. Ийм том амбицтай байж л зорьсондоо хүрнэ дээ гэж бодогдож байж билээ. Өнөөдөр өндөр цолонд хүрч, дэвжээ ахлаад явж байна. Харин үе үе цочир ааш гаргаж, түүнээсээ болж нүүрээ улалзуулан бөхийн өргөөнд ч, наадмын дэвжээнд ч нахилзаж зогсох нь имиж нь болчих вий дээ.
Бөх сонирхогч жирийн үзэгчийн хувиар өөрт төрсөн сэтгэгдлээ үргэлжлүүлье. Наадмын бөх чухам “загатнасан газар маажина” гэдэг шиг л санаснаар боллоо. Ганцхан би ч биш, бүх монголчууд тэгж л хүсч хүлээж байсан биз ээ. Алтанцоож, Амгаланбаатар, Батсуурь, Жамбалдорж, Мөнхбаатар, Гончигсүрэн гээд таамаглаж, харж байсан хүүхдүүд бараг бүгд улсын цолонд хүрлээ. “Цолонд ойрхон бөхчүүд” гээд хэвлэлээр гарах бүрт нь “Одоо л цолонд хүрэхгүй бол оройтлоо. Нас нь явчихлаа...” гэж сэтгэгдэл бичсээр байсан. Олон жил аймгийн цолон дээр гацсан залуус улсын цолонд хүрч чадалгүй мултарсан нь цөөнгүй.
Цэдэнсодномыг дээшээ хүрч барилдаасай гэж харж байлаа, Даш харцагыг заан болчихоосой гэж хүсч байлаа, Алтай нутгийнхаа хэдэн залуусаас цолонд хүрээсэй гэж горьдож суулаа, байдаггүй ээ. Бөх гэж өөр юм байдаг юм байлгүй. Уг нь адилхан л бие хаатай, ижилхэн л монгол хүүхдүүд сэн.
Хэдэн жилийн өмнө Ганбаатар, Бат-Эрдэнэ хоёр гарди, Соронзонболд заан, Амартүвшин харцага, Лхагвадорж начин болж, Мөөеө аварга “Бөх эргэж байна” хэмээн ээлжит содон үгээ хэлж байхад нь баярлаж л суусан. Бөх эргэсээн, эргэсэн. Увсаас Завхан, Ховд тал руугаа эргэсэн. Харин Алтай руу шүргээд л зогсчээ.
Ноднин Увсын найз маань залгаж байна: -Юу хийж байна? –Өө бөх харж байна. –Танай Алтайд харах бөх байдаг юм уу?... Ингэж хэлэхэд нь ёстой үг гараагүй. Тэгээд ч нутгархах өвчин багасч байна. Ховдын бөхийг Төв аймгийн угшилтай Дархан аварга дасгалжуулж, Хөвсгөлийн арслан Сэлэнгийн бөхийг дэмжиж, бүгдээрээ нийлээд бөхийн асарт сууж наадлаа. Басу аварга зангаргаа харуулан түрүү, үзүүрт хүрч чадахаар байсан ч тэгсэнгүй, “Би харих болоогүй шүү!” гэж өөрийгөө харуулаад жудаг заан Бат-Өлзийд тахимаа өгсөнд наадамчин олон талархалтай байгаа.
Хүмүүс Басугийн талаар элдэв юм ярьж, бичдэг. Сайн муу холилдсон хорвоо, Батсуурь аварга бидэн шиг л зан ааштай. Бид өөрсдөө яадаг билээ дээ.
2018 оны 8 дугаар сард Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилж, би айлчлалыг хэрэгжүүлэхэд оролцон, орчуулга хийж, арын албанд явсан юм. Ван И бол өнөөдөр ч дэлхийн их гүрний гадаад харилцааг атгаж байгаа том хүн шүү дээ. Албан ёсны арга хэмжээнүүд өндөрлөөд, бид орон нутагт Увсад зочилсон юм. Улаангомд буусан чинь тэр жилийн наадамд түрүүлсэн Басу аварга, Бүрэнтөгс арслан(тэр үед аварга олоогүй байсан) хоёр нисэх дээр таарлаа. Нутагтаа очиж аварга цолоо мялаалгаад хот руу буцах гэж байж. Ван И-г дагалдаж явсан манай сайд дарга нар тэр хоёрыг цаашаа аваад явлаа. Цаашаа гэдэг нь Үүрэг нуурыг хэлж байна. Тэнд нэг хонуулж Монголын үзэсгэлэнт байгалийг үзүүлэх гэсэн хэрэг.
Аймгийн Засаг дарга Батсайхан Ван И сайдад хурдан удмын адуу бэлэглэж, Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар хоёул морь унан давхицгаав. Хятад хүн гэхэд морь дажгүй унадаг ажээ. Орой нь найрлан суулаа. Найрын ид дундуур Цогтбаатар сайд аварга, арслан хоёрыг тулганы дэргэд ирүүлэн танилцуулав. Басуг энэ жилийн наадамд түрүүлсэн Монголын аварга, Японд сурч байсан, сумо, жүдод барилдаж байсан гэж. Тэгсэн чинь Ван И сайд японоор дуу алдан хундагаа бариад хоймроос босоод ирлээ. Японоор мэргэжсэн, Японд Элчин сайдаар сууж байсан хүн л дээ. Тэгээд үүдэнд зогсч байсан аваргын дэргэд очоод хоёул японоор ярьж гарлаа Найрын том өргөөнд цугласан хүмүүс бүгд эхлээд чимээгүй болж, удалгүй дуу алдан шагшицгааж билээ. Наадам өндөрлөж, найр хавтгайрна гэгч л болсон доо. Аварга, арслантай авахуулсан тэр үеийн зурагнууд одоо ч утсанд минь бий. Үг олдож, үхэр холдлоо...
За тэгээд, Орхонбаярыг түрүүлээсэй гэж хүсч байсаан. Бат-Өлзийг том цолонд хүрээсэй гэж харж байсаан. Өмнөх амжилтаар нь арслан цолыг нь өгөөсэй гэж харж байсан. Гэхдээ нэхэж биш нөхөж, гуйж биш гуядаж авсан нь бахархалтай. Батмагнай арслан Бат-Өлзийтэй барилдаж байхдаа дорхноо цуцчихсан. Харваас илт байлаа. Эхлээд бодож суулаа: Энэ хүртэл бие амар, хөлс хүч бараг гаргалгүй учраа бөхөө даваад ирсэн нь нэг талаар хол тасарсныг нь харуулж байгаа хэрэг, нөгөө талаар удаан барилдаж бие нь чангараагүйгээс боллоо гэж. Сүүлд нь бодоод байхад мань хүний бэлтгэл таараагүй байна, бэлтгэл ханаагүй, дутуудаж гэж харж байна. Тэгэхэд Бат-Өлзийг хар. Дархан аварга Сүхбатаар бэлтгэлээ хангуулж, заалгаж зөвлүүлэн, бие болоод сэтгэлээ бэлджээ.
Хонгор нутгийнхан бэлтэй л дээ, харин тэдэнд дутуу юм нь энэ байжээ.
Орхонбаяр бол Солонгост олон улсын шоу тэмцээнд оролцож, дэлхийн дэвжээ, их спорт ямар байдгийг, ялалт амжилтанд хүрэхийн тулд яаж эцэст нь тултал, яаж эцсийнхээ хүчийг шавхан шатаан зүтгэдгийн үр шимийг үзсэн хүн. “Түүгээрээ л яваасай!” гэж харж байлаа, хүссэнээр боллоо. Сүхбат аваргыг ид гарч ирж байхад нь Баярсайхан заан “Сүхбат бол бөхийг туйлын зорилго болгосон хүн” гэж хэлж байсныг санаж байна. Тэгэх л ёстой шүү дээ. Хүн аливаа юманд зүтгэвэл туйлын зорилго болгож, амь амьдрал, нас ясаа зориулан зүтгэж гэмээнэ, сая амжилтанд хүрдэгийг Сүхбат аварга яруу тод харуулсан, өнөөдөр Орхонбаяр харууллаа.
Наадмаас өмнө сошиалаар гараад л байсан: “Орхонбаяр 9 давж үзүүрлэвэл цол нэмэхгүй” гэж. Гайхаж хачирхаж байлаа. Яагаад цол нэмэхгүй гэж? 9 давсан бөх арслан авдаг, дахиад 9 давбал аварга болдог. Гэтэл яагаад ганц Орхонбаярт цол нэмэхгүй гэж? Тэгээд сүүлийн даваануудын үеэр бодогдож байлаа: Хэрэв Орхонбаяр 9 давж үзүүрлэвэл Ерөнхийлөгч аварга цол өгөх байх аа. Тээр жил Сумьяабазарыг 10 давж түрүүлэхэд нь Цэнгэлдэхэд байсан үзэгчид бүгд уухайлан хашгиралдсаар байж арслан цолны зарлигийг аварга цолоор засуулан өгүүлж байсан. Тэгж магадгүй гэж бодож суусан.
Гэвч Орхонбаяр олон улсын зиндаанд хүрсэн хүчтэн гэдгээ харуулж, бас гуйж биш, гуядаж аваргаллаа. Бүр Даян аварга шүү.
Өрсөлдөгчийг нь хар. Лхагвагэрэл заан. Одоо гарди. Тэр бол дэлхийн зиндааны хүчтэн. Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтан. Орхонбаярыг дэмжихээр ирсэн өнөөх гадаадынханд орчуулагч нь: “Энэ барилдаж байгаа бөх нь ийм ийм хүн” гэж хэлж л байсан байх. Өөрөөр хэлвэл, олон улс, тив, дэлхийн зиндаанд хүрсэн монголчууд наадаж байна аа гэдгийг. Дэлхийн зиндааны хүчтэнг давсан гэхээр л Орхонбаяр дэлхийн түвшинд хүрснээ харуулж байгаа нь тэр ээ.
Монгол хүн зөвхөн өнөөдөр л ийм болсон юм биш ээ. Урьд нь ч ийм л байсан. Хоёр Мөнхийн үед манай бөхчүүд дэлхийн чихийг дэлдийлгэж, нүдийг нь бүлтийлгэж байсан гэдэг. Ёстой л аваргалж, азаргалж явсан. Миний аав спортын эмч хүн байсан. 1972 оны Мюнхений олимпод тамирчидтайгаа хамт оролцсон юм. Баянмөнх аварга монгол гутал, зодог шуудагтайгаа, нөмрөг нөмөрч Монголын далбааг барин олимпийн цэнгэлдэх хүрээлэнд алхан явж. Аав маань ирээд ярьж байсан юм: Барууны хэвлэлд “Чингисийн Монгол ээтэн хошуутай гутлаараа газар доргитол алхан орж ирлээ. Тэртээх түүхийн гүнд ийм л байсан буй заа” гэж бичиж байсан шүү гэж.
Одоогоос найман зууны тэртээд 1220 онд Хятадын Өмнөд Сүн улсын элч Жао Хун гэгч Чингис хааны байгуулсан Их Монгол Улсад элчлэн ирж буцаад бичсэн аян замын тэмдэглэлдээ: “Монголын цэнгэл нь наадам болой” гэж бичсэн байдаг. Тийм ээ, Монголын цэнгэл нь наадам авай. Энэ бол агуу их түүх, агуу их соёл, агуу их имиж, агуу их дархлаа билээ. Өнөө цагт дээр нь нэмж бас “агуу их Зөөлөн хүч” гэж хэлмээр байна. Монгол үндэстний имиж нь Нүүдлийн соёл иргэншил, Нүүдлийн соёл иргэншлийн оргил нь Монгол наадам мөн. Тиймээс манай төр засаг Зөөлөн хүчний бодлогоо улам анхааран сурталчилж дэлхийд хүргэн таниулах буй заа.
Найман зууны тэртээх дэлгэр зуны цагт монгол түмэн ингэж л нааддаг байжээ. Тэгвэл бүр хоёр мянганы тэртээх Хүн гүрний үед, түүнээс ч өмнө нүүдэлчин ард түмнүүдийн дунд наадам, бөхийн барилдаан, сур харваан, морь уралдаан байсныг түүх, археологи өгүүлдэг.
Хүлэг морио модноос уяад хав дөрвөлжин барилцан авч барилдаж байгаа дүрслэлтэй хүрэл цутгамал олдвор бүсний арал ч үүнийг гэрчилнэ. Тийм л учраас их зохиолч Д.Нацагдорж :
Үзэсгэлэнт уул, тунгалаг ус зуны цагт тэгш, Эрийн гурван наадам монголын манлай баясгалан. Хүүхэд багачуудын гийнгоолох дуу хөндий талд яруу, Хурдан морины яралзан ирэх нь хүн бүхний бахдал
хэмээн шүлэглэсэн нь чухам мянган тэртээх их ёсыг үзүүлсэн эртний судар бичгүүдийг шүүн үзэж олж мэдсэн бичгийн хүмүний үг буюу. Бас тийм л учраас тэрээр “Эрүүл явбал хойтон жилийн улсын наадам үзнэ” гэж хэлсэн буй заа. Өнөөдөр энэ үг жинхэнэ монгол утга агуулгатай сайхан бэлгэдэлт үг болжээ.
Я.Ганбаатар.
Пүрэв - 07 сарын 16,
2026

Сэтгэгдэл2
ХАМГИЙН БАЯН ТЭРГҮҮЛЭГЧ ОРОН АНУ БОЛОХООР 50 ЖИЛД НЭГ УДАА Л ТЭМДЭГЛЭЖ БНА ! ЖИЛ БОЛГОН УЛС МУЖ БАЙГУУЛЛАГЫН ОЙГОО ТЭМДЭГЛЭЭД БАЙДАГГҮЙ ! МАНАЙХ БҮР ХИЧНЭЭН ХУВЬСГАЛЫН ХИЧНЭЭН УДАА УЛСАА БАЙГУУЛААД БАЙСАН ОЙ ТЭМДЭГЛЭЭД БАЙДГЫН ЁСТОЙ ОЙЛГОМЖГҮЙ БҮҮ МЭД 802 ЖИЛ, 103 ЖИЛИЙН ОЙ ГЭЭД ШОУДАЖ НӨГӨӨ ЯДУУ ТӨСӨВӨӨРӨӨ АЛЖ ӨГӨХ ЮМАА ! ЯДАЖ 10, 20, ЖИЛ ДЭЭР НЬ НЭГ ЁСОЛДОГ БХЙРААР БОЛГОМООР ЮМАА ! ҮҮНИЙГЭЭ ДАГААД УДАХГҮЙ ТҮЦ НҮҮД БАЙГУУЛАГСАНЫ 3 ЖИЛИЙН ОЙ ГЭЖ ИРЭЭД ЭХЭЛЭХЭД ЕРӨӨСӨӨ ГАЙХАХААРГҮЙ БОЛЖЭЭ !
Ажиллаж хөдөлмөрлөхийг биш наадаж шоудахыг урьтал болгодог үхэр монголчууд шүү дээ