Хуанлийн хуудас эргэж 2023 он айлчлан ирлээ. Хийж бүтээхийн эрч хүч ундарч, нэгэн оны зорилго зорилтоо тодорхойлж, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн эрхэм танд амжилт хүсэхийн ялдамд өвлийн өвгөний ерөөлийн сайхан үгээр сэтгэлийн хадаг өргөхөөр шийдэж, нэгэн хүндэт хүнийг зочин хоймортоо урилаа. ҮБХИС-ийн “Хүндэт Өвлийн өвгөн” чөлөөнд байгаа дэд хурандаа Хүүхэний ДАГДАН бидний урилгыг уриалгахан хүлээн авсан юм.
Шинэ жилээр хамгийн завгүй хүн магадгүй өвлийн өвгөн байдаг болов уу. Ер нь өвлийн өвөө маань хуучин оноо хэрхэн үдэж, шинэ оноо яаж угтдаг юм бол оо, ингэж яриагаа эхлэх үү дээ...
-Өвлийн өвгөний буянт ажлыг ид хийж байх үедээ өдөрт арав гаруй байгууллага, хамт олныд зочилдог байлаа. Ер нь дунджаар л гурав дөрвөн байгууллагаар ордог байсан. Харин сүүлийн үед ачаалал багассан. Одоо ч хороо хорин, төрийн бус байгууллага, зарим сургууль, албан газар, үр хүүхдүүд, ач зээ нарынхаараа орж, бэлэг тараах буянтай ажлаа хийсээр л орж байна даа. Харин хэзээнээсээ шинэ он гарах мөчид гэртээ, халуун ам бүлээрээ байхыг эрмэлздэг. Он солигдох мөчид Монгол Улсын төрийн тэргүүнийхээ үгийг сонордож, оргилуун дарсаа буудуулдаг. Одоо ялангуяа шавь маань үг хэлдэг болсон болохоор бахархалтай сайхан, сэтгэлд бүр их дотно байдаг даа. 1978 оноос хойш гэж тооцвол 44 дэх жилдээ өвлийн өвгөн хэмээх эрхэм алдрыг үүрч, буянтай үйлсийг эрхэлж явна.
Анх ер нь яаж яваад өвлийн өвгөн болчхов оо?
-Би ер нь багаасаа урлаг, уран сайхны сонирхолтой нөхөр л дөө. Тухайн үед Цэргийн ерөнхий сургуулийн курсийн даргын албан тушаалтай төдийгүй сургуулийнхаа уран сайханч, бас ч үгүй хэд хэдэн жүжигт тоглоод амжчихсан 33 настай, ахмад цолтой залуу явлаа. 1978 оны шинэ жилээр манайхан өвлийн өвгөн болохыг санал болгосон. Тэгээд хамгийн анх Цэргийн ерөнхий сургуулийн болон салбар сургуулиудын шинэ жилээр эхэлсэн дээ. Надаас өмнө н.Цэрэндаш багш, Р.Гаваа генерал гээд мундгууд өвлийн өвгөн болдог байлаа.
Г.Гомбосүрэн гуайг тавь гаруй жил өвлийн өвгөн хийсний дараа Хасар Жагаа хадаг барьж, өвлийн өвгөнийг үргэлжлүүлэн явах эрх авсан юм гэдэг. Харин та тэр мундгуудаасаа залгамжлан аваа юу?
-Би тэгж хүнээс энэ ажлыг хүлээж авсан зүйл үгүй ээ. Анхны ганц хоёр жил өвгөний хуучин хувцас, сахал үс хэрэглэж байлаа. Сүүлдээ сарлагийн савгаар өөрийн гэсэн сахал, үс хийсэн нь энэ. Анхандаа ч цав цагаан байсан. Он цаг явахын хэрээр шарлаад байх юм. Ингэсээр сахал, үс маань хар болж, би өөрөө цагаан толгойтой болох нь дээ./инээв/ Дээл бол нэлээн хэд сольсон.
Энэ олон жилийн хугацаанд юу эс тохиолдох билээ. Сэтгэлд хамгийн тодхон шинэ жилийн сонин сайхнаасаа хуваалцаач...
-Яагаад ч юм манайхан 1990, 1991 онд шинэ жилээ алгассан юм. Тэгээд 1992 онд маш өргөн хийсэн. Өдөрт л арваад шинэ жил, дээр нь сургуулийн маань хүүхэдтэй айл бүр өвлийн өвгөний захиалга өгч, маш ачаалалтай ажилласан санагддаг. Яг он солигдохын өмнө гурван шөнө, дөрвөн өдөр явж айлуудаа дуусгаж байсан шүү. Монголын үндэсний телевизийн “Өглөө” хөтөлбөрөөр уригдан орж байлаа. Тэр жил өвлийн өвгөн би шинэ оноо дагуулаад хоёул сургуулийн хаалгаар морьтой давхин орж ирээд, жагсаалын талбайд асаасан түүдэг галын дунд буугаад мэндчилгээний үгээ хэлж байлаа. Одоо ч догдлон дурсах сайхан үйл явдал болсон. Сургуулийн захирал маань шинэ жилдээ зориулан Морин тойруулгаас хоёр морь авчруулж байлаа шүү дээ.
Таныг анх өвлийн өвгөн болсон цагаас өнөөдрийг хүртэл манайхны шинэ жилээ тэмдэглэх арга, хэв маягт хэр өөрчлөлт орсон бол?
-Шинэ жил гэдэг бүх нийтийн баяр юм даа. Анх сургуулийн шинэ жилд жижүүр, невалаас бусад бүх хүн төдийгүй тэдний гэр бүлийнхэн оролцдог, их өргөн дэлгэр болдог байлаа. Мөн нэг жил П.Н.Шастины нэрэмжит Гуравдугаар төв эмнэлгийн дэргэд байдаг нэг томоохон Соёлын төвд хүчний байгууллагынхны шинэ жил болсон. Өчүүхэн ч чөлөө завсаргүй үргэлжлэх байгууллагуудын шинэ жилд өвлийн өвгөн болон цэргийн хөгжмийнхөн харин ч нэг үйлчилсэн дээ. Зарим нь өвлийн өвгөнтэй бүжиглэнэ гэнэ. Надтай бүжиглэсэн нэгнээ нөгөөдүүл нь “Өвлийн өвгөнтэй бүжиглэсэн чи энэ жил азтай, одтой байх нь” гэж хөгжилдөөд л...
Энэ олон жилд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон бусад харьяа байгууллага, Зэвсэгт хүчний ангиудын шинэ жилд уригдан оролцсоор ирсэн. Манай бүхий л үйл ажиллагаа нарийн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулагддаг болохоор айхтар их өөрчлөлт болоогүй ээ. Харин хүн л юм болохоор өвлийн өвгөнд андуурах, будилах тохиолдол бас гарна аа.
Өнөөгийн ЗХЖШ-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга хурандаа Д.Номтыг дэд хурандаа байхад нь “Хурандаа Номт миний хүү ирж бэлгээ ав аа” гэж андуурч байлаа. Тэр бэлгээ авахдаа “Амны билгээс ашдын билэг” гээд инээгээд тайзнаас бууж байлаа. Тухайн үед салбарынхан, Зэвсэгт хүчнийхнээ, шавь нараа овог нэр, албан тушаалаар нь анддаггүй байлаа. Одоо ч мартаж байна даа.
Дөч гаруй жил өвлийн өвгөн хийсэн та минь өдгөө далыг гаталж, наяыг дөтөлж яваа ч ажил үйлс өрнүүн л суудаг юм байна. Энэ хоромд хүүхэд ахуй үеэ дурсан санана уу. Хэзээ хамгийн анх өвлийн өвгөнтэй нүүр учрав даа?
-Малчин ардын хүү би чинь есөн нас хүртлээ өвлийн өвгөний талаар ямар ч ойлголтгүй явлаа шүү дээ. Сургуульд ороод шинэ жил болоход цаас хайчилж, нааж гинжин хэлхээ хийгээд л, усан будгаар будаж шунхдаж гоё болгоод л чимэглэл хийдэг байлаа. Тэгж 1956 онд би анх удаа өвлийн өвгөнийг харсан юм даа. Биологийн багш Найдан маань өвлийн өвгөн болсон байсан. Удалгүй өөрөө сургуулийн урлаг, уран сайхны бүхий л ажилд оролцдог болсон. Өнөөгийн Төв аймгийн Хөгжимт драмын театрын зөвлөх УГЗ Ш.Аюуштай би багаасаа их ойр дотно байсан. Гуравдугаар ангид байхаасаа Европын орнуудаар явсан, морин хууртай зургаараа марканд мөнхөрсөн тэр хүүтэй найзалсан минь надад их нөлөөлж, урлаг уран сайхны ажилд их идэвхтэй оролцож эхэлсэн. Тэр үед манай сургууль сумын улаан булан шиг их хөл хөдөлгөөнтэй байдаг байлаа. Анги маань анхны "Соёлч анги" болж, бид сумын иргэдэд заавал сурах арван бүжиг заадаг, концерт, хэсэгчилсэн тоглолт зохион байгуулдаг байв. Би найрал дуунд зогсдог, хөөмийлдөг, бүжиглэдэг хүү байсан. Сургуулиа төгсөөд хотод ирээд олны дунд орж, жаахан ичингүйрээд хэсэг хугацаанд урлаг, уран сайхнаа орхичихсон байснаа цэрэгт ирээд хөгжмийн салаа, авьяаслаг залуусынхаа нөлөөгөөр сэргээсэн.
Цэргийн алба таны авьяасыг сэргээсэн төдийгүй хувь тавиланг тань өөрчилжээ дээ, янз нь...
-Багшийн сургуульд сурч байгаад өөрийн хүсэлтээр гарч, 18 дугаар дунд сургуульд оройгоор аравдугаар ангид сурахын зэрэгцээ шинээр ашиглалтад орсон Талхны үйлдвэрт ажиллаж байгаад 1966 оны 5 дугаар сард цэрэгт татагдсан. Тэгж Багшийн сургуулиа төгсөөгүй ч хожим Цэргийн ерөнхий сургуульд багшилсан. Ер нь багшлах хувь тавилантай л байсан шиг байгаа юм. Олноо “Их үерийн жил” гэгддэг 1966 он миний амьдралын хувьд ч мартагдашгүй, дурсамжтай жил болсон юм. Улсын баяр наадмаар төв талбайд шагайгаар татсан усанд хөл тавиад, парадад алхаж явлаа. Парадад алхсан цэргүүдийг бөх үзүүлнэ гээд Төв цэнгэлдэхэд авчиртал Баянзүрхийн гүүрнээс Энхтайвны гүүр, урд уулын хойд энгэрээр улаанаар эргэсэн үер ороод ирсэн. Манайх яг Дунд голын урд хөвөөнд, яг л усны аман дээр байсан. Тэгээд нэг өдрийн чөлөө аваад гэр рүүгээ очиход ханын толгой шүргэм усанд автчихсан байв. Би ээжийгээ үүрээд, эхнэрээ хөтлөөд усан дундуур явсаар Нэхмэлийн шард байсан хамаатныдаа хоночхоод анги руугаа буцаж, хоногийн чөлөөнөөсөө 15 минут хоцорч ирсэн гээд шийтгүүлж байлаа. Улиастайн гол улаанаар эргээд л, говийн хүн би уснаас айгаад, толгой эргээд л...сүртэй байсан шүү. Маргааш нь манай анги гал тогоогоо ачаалж, хэдэн цэргүүдээ аваад үерийн нүүлгэн шилжүүлэлтэд гарч байлаа.
Манай салааны дарга “Энд манай цэргийнх байгаа” гээд манайх руу хамгийн түрүүнд очиж байлаа. Манайх нүүгээд явчихсан байсан. Тэгээд л тэнд байсан айлуудыг нүүлгэж, Яармагийн дэнжид хүргэж, тэнд суурьшуулсан. Маш их эд хөрөнгө, хүн ард тэр их усанд сүйдсэн дээ.
Амь наана, там цаана зугтаж гарсан улсууд ч бий. Ингэж өнөөгийн Яармагийг бий болгох үйлсэд оролцож явлаа даа. Манайх харин Эмнэлэг гэгээрлийн ордны урд талд нүүж төвхнөсөн байсан. Ээж минь нутагтаа байсан өвчтэй буурай ээжийг асрахаар явж, хань минь ганцаар үлдсэн. 1967 онд тэндээс нүүж Талхны үйлдвэрийнхээ хашаанд бууж суурьшсан. Тэнд хорь гаруй жил болж, дөрвөн хүүхэд маань төрж өссөн.
Ингэж цэрэгт татагдсанаар цэргийн хүн болох эх суурь тавигдсан. Талхны үйлдвэрт ажиллаж байсан болохоор цэрэгт аж ахуйн салаанд хуваарилагдсан. Тэнд их эрх чөлөөтэй байсан даа, долоо хоногийн нэг өдөр гэртээ харьчихна. Тэгсэн дарга маань “Сургуульд сурах хүсэлтэй юу?” гэж асуугаад л миний хувь заяаг чиглүүлчихсэн юм даа. Бас 1966 он шүү дээ.
Цэргийн албанаас Цэргийн ерөнхий сургууль руу орсон байх нь ээ?
-Тийм ээ, манай сургуулийнхан өнөөгийн Эрдэнэтолгой буюу Япон толгойд карантинд гарсан байсан. Ах нарынхаа зааснаар Холбооны ангийг сонгож, удалгүй сурлага, сахилгаараа тоогдож, Эвлэлийн үүрийн дарга болж, түрүүч цол авч жаахан томорсон. /инээв/ Төгсөхдөө ангиасаа дөрвүүлээ дэслэгч, бусад нь бага дэслэгч цолтой төгсөж байлаа.
Таныг Холбооны 124 дүгээр ангийн анхдагчдын нэг гэх юм билээ?
-Сургуулиа төгсөөд Ардын Армийн 124 дүгээр анги дөнгөж байгуулагдаж байхад нь томилогдон очиж байв. Захирагчаасаа авхуулаад бүгд майханд, гал тогооныхон гэрт байрлаж байлаа. Энэ ангийн анхдагч ахмадуудаас одоо н.Гүнчингийнхээ хамт хоёулхнаа л үлдээд байна даа. Ангийнхаа бүтээн байгуулалтад гар бие оролцож, салааны дарга, салбарын захирагч хүртэл дэвшин ажиллаж, Дорноговийн нисэх буудалд анхны салбарыг гардан байгуулж байлаа.
Одоо тэр анги маань Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын төвд тайван цагийн байлдааны жижүүрлэлтийн үүргээ гүйцэтгэж байна. Том хүү төрчихсөн, нялх биетэй эхнэр, өндөр настай ээжтэй байсан учир салбараа байгуулж, төвхнүүлчхээд эргээд 124 дүгээр анги руугаа татагдаж байлаа.
Дараа нь Цэргийн ерөнхий сургуульд курсын даргаар томилогдон ажиллаж, хоёр курс төгсгөсөн бөгөөд шавь нараас маань бригадын генерал Ч.Сосорбарам, хурандаа Ч.Энхтөр, Д.Ганхуяг, эрдэмтэн Д.Дорж нарын арми, Зэвсэгт хүчиндээ нэр төртэй ажилласан, ажиллаж байгаа олон хүн бий. Би өөрөө холбооны чиглэлээр бэлтгэгдсэн анхны төгсөгчдийн нэг. Тэгээд Монгол Улсад анхны цэргийн холбооны мэргэжилтэн бэлтгэх үйлсэд хүчин зүтгэж анхны курсийг төгсгөсөн нь энэ юм. Сүүлд холбооны ангиуддаа мэргэжлийн хичээл орохоос гадна мэргэжлийн бус курсийнхэнд холбооны мэдэгдэхүүн олгодог байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нарын шавь нар маань тэр үед надаар Холбооны бэлтгэлийн хичээл заалгаж байсан. Бүхий л электрон техникийн манлайлал болсон холбооны мэргэжлээрээ муугүй суралцсанаар сайхан л ажиллаж, амьдарлаа даа. Бага охин, хүү хоёр маань мэргэжлийг минь өвлөн, холбооны мэргэжлээр ажиллаж байгаад талархдаг, бас бахархдаг. Шавь нараас маань олон хүн уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, Радио спортын мастер боллоо.
Таныг ҮБХИС-ийн “Хүндэт Өвлийн өвгөн” цол хүртээж өргөмжилжээ. Сонсогдож байгаагүй өвөрмөц цол байна...
-Дөч гаруй жил Өвлийн өвгөний буянтай үйлсээр хүүхэд залууст бэлэг гардуулж, сургуулийн шинэ жилийн сүлд модны наадамд өвлийн өвгөнөөр тасралтгүй орсон зүтгэлийг минь үнэлсэн юм байлгүй дээ. Ер нь би байлдагчаас дэд хурандаа хүртэл цэргийнхээ бүх цолыг Батлан хамгаалахын их сургуулиасаа хүртсэн. Багш хэмээх ажил мэргэжил хэмжээлшгүй ачлал буянтай. Өөрөө хүнд сургахаас гадна сургасан шавь нар маань бусдыг соён гэгээрүүлдэг.
Сайхан шавь нараараа бахархаж явдаг даа. Сургуульдаа багшлахын зэрэгцээ урлаг уран сайхны ажилд чамгүй цаг зарцуулдаг байсан. “Цэргийн нэг өдөр”, “Сахиус уу, сахиул уу”, “Бүү март”, “Тусгай салаа-2” зэрэг кинонуудад тоглож, дэлгэцэд дүрээ мөнхөлсөн дөө.
Бас нэг сайхан дурсамж нь, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт аранзал улаан тугаа хүндэтгэн залж, Улсын баярын парад, Сургууль төгсөгчдийн хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцож, тугийн чиглүүлэгч хэмээх эрхэм хүндтэй үүргийг хашиж явсан. Тэгээд ч зогсохгүй хийморьлог сайхан үеийн минь дурсгал болгож, барьж явсан сэлмийг минь сургуулийн захирал Я.Чойжамц надад гардуулсан нь үнэхээр сайхан мөч байлаа.
Хийморьлог сайхан үе гэснээс Отгонтэнгэр хайрхан өөд авирч байсан сайхан дурсамжаасаа хуваалцаач. Бас л хийморь сэргээсэн явдал биз?
-Тэгэлгүй яах вэ, 1981 оны 8 дугаар сард дөч гарчихсан хойноо Отгонтэнгэр хайрхан өөд авирсан. Манай штабын дарга Цэрэндаш багш маань Олон улсын уулчдын холбооны гишүүн, Монголын уулын спортын анхдагч долоогийн нэг, уулын спортын мастер хүн байсан. Багш маань тэр жил байлдагчаас эхлээд төрөл бүрийн ажил, мэргэжлийн 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэхэд батальоны штабын даргын алба хашиж байсан миний бие багтсан юм. Хотоос Уулын спортын шигшээ баг, БХИС, Төмөр зам зэрэг байгууллагуудын баг, аймаг орон нутгаас олон баг цуглаад байтал гэнэт тарваган тахал гараад гаднаас ирэх ёстой байсан Олон улсын баг ирж чадаагүй. Харин нэгэнт ирснийх гээд монгол уулчид авиралтаа үргэлжлүүлсэн. Багш маань биднийг дасгалжуулсаар ууланд авируулсан. Залуучууд хөнгөхөн алхаад явж өгсөн. Надад жаахан төвөгтэй, бэрхтэй байсан ч өдий ирснийх гээд л зүтгэчихсэн. Түрүүлж гарсан нь дохионы буу тавингуут хачин их зориг ордог юм билээ. Тэгж л 4032 метрийн өндөрт орших Энхтайвны оргилд гарсан даа. Лонхонд бүх хүмүүсийн нэрсийг бичээд оргилын цасанд булсан, одоо байдаг л байх даа. Биднийг хайрхны оройд гарангуут цас орсон нь үнэхээр гайхмаар үзэгдэл болсон. Түүнээс хойш хэд хэдэн удаа уулын оргилд авирсан. Уулын спортын III зэрэгтэй, Радио спортын II зэрэгтэй хүн дээ.
Таны хань Зэвсэгт хүчний хатан ижий А.Доржсүрэн гэдгийг мэдэх юм. Та хоёр маань өөрсдөө батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчиндээ сэтгэл хоёргүй зүтгэсэн төдийгүй үр хүүхдүүдээс нь удам залган цэргийн болсон нь цөөнгүй ажээ...
-Талхны үйлдвэрт нормчноор орж ажиллахдаа ханьтайгаа танилцаж, дотноссоноос хойш тавь гаруй жил болжээ. Бид хоёул нэг хятад багшийн шавь, нэг пийшин дээр ажилладаг, нэг бригадынхан байлаа. Бидний таван хүүхдээс гурав нь Зэвсэгт хүчинд ажиллаж, бүгд л тэтгэвэрт гарлаа даа. Ач хүү маань бас цэргийнх. Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд ч хэдэнтэй явсан. Энэ бүхнийг харгалзан үзээд ханийг минь “Зэвсэгт хүчний хатан ижий”-д өргөмжилсөн болов уу. Түүнээс хойш Хатан ижий нарынхаа бүхий л арга хэмжээ, үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Бүр тэднийхээ “Жагсаалын дарга”-аар томилогдчихсон. Ингээд хөгшин бид хоёрын хувьд Зэвсэгт хүчний хатан ижий нар гэсэн нэгэн сайхан хамт олон бий болсон нь сайхан байдаг даа.
За, ингээд өвлийн өвгөн аавынхаа ерөөлийг сонсоод ярилцлагаа өндөрлөе дөө...
-Айлчлан ирж буй 2023 ондоо монгол түмэн минь, тэр дундаа батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, Холбооны салбар, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн хамт олон, саяхан 90 жилийн түүхэн ойгоо тэмдэглэсэн Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олондоо элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, шинэ ондоо юу санасан есөн хүсэл нь биелж явахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Д. Гүнжилмаа
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл0
Би 1980-1984 онд ЦНДС-ийг холбооны хэрэгслийн-ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Тэр үед хошууч Х. Дагдан манай батальоны штабын дарга, холбооны кафедрын багш байлаа. Би олон удаа хошууч Х. Дагданд дуудагдан, загнуулж явлаа...ккк Хошууч Х. Дагдан манай батальоны 250-иад сонсогчдыг овог, нэрээр нь алдахгүй дууддаг байж билээ.
тавин хоёр онд увсын малчин суманд клубын эрхлэгч данзан цагаан өвгөн арван хоёр амьтны хам оглодог мөн учиртай гурван толгой далан худалч жүжгийг клубын эрхлэгч жингээн данзан тоглож байсан гэж баян мөнх аварга сэтгүүлд бичиж үлдээжээ Монгол улс хөдөөд ямар өндөр соёл хөгжсөнийг харуулна
Хуанли гэдэг битгий хэрэглээ сэтгүүлч минь. Цагалбар эсвэл цаг тооны бичиг за бүүр болохгүй бол календарь гэдэг үг хэрэглэж үз. Хуанли гэдэг үг чинь хятад үг одоо хэрэглээнээс гарч байгаа шүү.
Tegvel buuz tsuivan geh met onchnoon hytad ug MGL helend bna bvgdiig n hasahuu. Tegeed guriland booson mah geed nerleed yavchii.
Сайхан амьдарсан сайхан түүхтэй бууралууд байнаа урт насалж удаан жаргахыг хүсье.
Тэр үед сургуулийн хүүхдүүд "Учиртай гурван толгой" дуулалт жүжгийг сургуульдаа тоглодог байсан бна. Баянмөнх аврага Юндэнд, Дэжинбээ эгч Нансалмаад дуулдаг байсан гэж ярьж байсан. Зөвхөн уран зохиолын хичээлд л ийм их ач холбогдол өгдөг байж. Одоо Монголын уран зохиол бүү хэл, ном уншдаггүй залуу үе ирсэн бна. Энэ бол маш буруу. Уран зохиол ном уншдаг хүний зүрх тархи хоёр зэрэг хөгждөг юм.