sonin.mn
БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, маршал Г.К.Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Нямсүрэнгийн Баттамир саяхан аав болжээ. Цээж дүүрэн баярт мэдээтэй, хөл нь газар хүрэхгүй хөөрч яваа байлдагч Дорнод аймгийн Баяндун сумын харьяат бол түүний хань Ц.Уранболор тус аймгийн Цагаан-Овоо сумынх. Тангаргийн баяраар ангийнхаа соёлын төвийн тайзан дээр дуулж байхдаа эхнэрээ, охиноо олж харсан агшин хамгийн мартагдашгүй мөч гэж ярилцлагынхаа эхэнд хуваалцав. Охиндоо Дангина гэдэг нэр хайрласан, аав, ээжийнх нь аль аль талаасаа буриад зон олон учир тийнхүү нэрлэжээ. 
 
Тэрээр 2018-2022 онд Хөдөө Аж ахуйн Их сургуульд малын их эмч мэргэжлээр суралцаж төгссөн, төгсөөд нутагтаа аав, ээждээ тусалж байгаад цэргийн албанд татагджээ. Халагдаж очоод ч аав Н.Нямсүрэн, ээж Д.Одсүрэн нартайгаа айлсан бууж, мал маллах ачааг нь үүрч, айлын отгон хүүгийн ёсоор эцэг, эхийнхээ нөмөр, нөөлөг нь болж явна гэнэ. Малын эмч мэргэжлээ амьдрал дээрээ улам туршлагажуулах нь түүний зорилгын нэг. 
 
Байлдагч Н.Баттамир нь олон төрлийн авьяастай залуу байна. Сагсан бөмбөг, волейбол тоглодог, төрөл бүрийн дуу тэр дундаа зохиолын дууг сайхан дуулчихдаг гэнэ. Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчдын дунд явагдсан спорт өдөрлөгт онжавуудтайгаа хамтдаа тэргүүлж, бас цэргийн тангаргийн баяраар ая дууны мэндчилгээ өргөж зогсохдоо охиноо олж харсан нь тэр ажээ. Цэрэгт сумаасаа 10-уулаа ирсэн, олонх нь дүү нар бөгөөд өөрийгөө онжавууд дотроо магад “хөгшин” цэрэгт тооцогдох байх гэж инээгээд “Цэргийн албанд ирснээр зан төлөвшил, хувийн зохион байгуулалт орчноо дагаад өөрчлөгдөж байна. Олон найз нөхөдтэй болж, тэдний адил үлгэрлэл, манлайлагч байхыг хичээх нь өөрийгөө хөгжүүлэх хөшүүрэг нь болов.
 
Цэргийн тангараг өргөхөөс өмнө өндөр ачаалалтай байсан бол түүнээс хойш цагийн хуваарийн дагуу явагдаад, бүгд жигдэрчихдэг юм байна” гэлээ. Түүний гэргий Ц.Уранболортой цахимаар холбогдож сэтгэгдлийг нь хуваалцахад “Манай хань цэргийн албанд хүсэн мөрөөдсөөр байгаад явсан. Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн цог золбоо дүүрэн гүйж явааг нь хараад хараад бахархсан шүү. Үнэхээр л эр хүн бүрийн хаах ёстой алба юм байна гэдгийг Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хашаанаас мэдэрсэн. Үргэлж шинийг суралцах хүсэл тэмүүлэл дүүрэн байдаг болохоор цэргийн албанаас их зүйлийг сурч мэднэ гэдэгт нь итгэлтэй байна. Охин бид хоёр аавыгаа цэргээс ирэхэд нь бахархал дүүрэн угтах болно оо” гэсэн юм.
 
Ахмад Д.Болор
Эх сурвалж: "Соёмбо" сонин