sonin.mn
Эртний Торгоны замын дагуух Самарканд, Бухар, Хива зэрэг хотуудаараа алдартай, олон мянган жилийн турш соёл иргэншлүүдийн уулзвар дээр, Төв Азийн зам харилцааны уулзвар дээр оршсоор ирсэн өнө эртний түүхтэй улс гэдгээр нь Узбекистан орныг дэлхий дахин мэднэ.  
 
Саяхныг хүртэл дэлхий дээрх хамгийн хаалттай орнуудын нэг байсан Төв Азийн энэ улсад сүүлийн хэдэн жилийн дотор томоохон дэвшилтэт өөрчлөлтүүд гарснаар гадаад харилцаа нь өргөжиж, эдийн засаг нь эрчимтэй тэлсээр байна.
 
 
Гэтэл сайн зүйлд саад мундахгүйн жишээгээр эрчимтэй хөгжлийн гараан дээр ирээд буй Узбекистан улс уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж, цөлжилт, усны хомсдол, ган гачиг зэрэг ноцтой асуудлуудтай тулгарчээ. 
 
 
Уулын мөсөн голууд хурдацтай хайлж байгаагийн улмаас усны хомсдол үүссэн нь хүн амын тоо өсөн нэмэгдэж буй энэ үед хүнсний хомсдолд хүргэх эрсдэлтэй. Тухайлбал, сүүлийн 40 жилийн дотор Аралын тэнгисийн нийт талбайн 57 хувь нь хатан ширгэж, усных нь 80 хувь нь ууршиж алга болсон нь дээрх асуудлыг улам хүндрүүллээ. Экологийн хувьд хамгийн тааламжгүй бүс нутаг гэгдэх Сурхандари мужид гэхэд жилдээ 19-20 удаа 20-25 м/с-ийн хурдтай хүчтэй элсэн шуурга шуурч, үржил шимтэй хөрсийг доройтуулж, цөлжилт үүсгэж, ургацын хэмжээг эрс бууруулж байна. 
 
 
Эдгээр сорилт бэрхшээлийг даван туулахын тулд Узбекистан улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 2022-2026 он хүртэлх 5 жилийн хугацаанд 1 тэрбум мод тарих зорилго бүхий “Яшил макон” (Ногоон орон зай) гэдэг нэртэй үндэсний хэмжээний төслийг хэрэгжүүлж эхэлснийг 2021 оны 11 дүгээр сард зарлан мэдэгджээ. Үүний дараахан “Гавшгай хөдөлмөрийн 40 өдөр” арга хэмжээний хүрээнд улс даяар 85 сая суулгац тарьжээ.
 
“2022-2026 онд Шинэ Узбекистаныг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-нд хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлыг онцгойлон тусгасан байдаг. “Ногоон орон зай” төслийн хүрээнд жил бүр 200 сая ширхэг мод тарьж ургуулах бөгөөд хаврын эхээр 125 сая, намрын сүүлчээр 75 сая ширхэг суулгацыг тарихаар төлөвлөжээ. Мөн Узбекистаны хотуудын ногоон байгууламжийн эзлэх талбай 8 хувь байгааг 30 хувьд хүргэж нэмэгдүүлэх том зорилтыг дэвшүүлсэн байна.
 
Тухайлбал, тэрбум мод тарихаар төлөвлөж буй узбекчүүд шинэ нийслэл болох “Шинэ Ташкент” хотынхоо суурийг өнгөрсөн бямба гарагт тавьж, Ерөнхийлөгч Ш.Мирзиёев ёслолд оролцжээ. Эндхийн 6 мянган га газарт 1 сая хүн амьдрахад шаардлагатай дэд бүтэц бий болж, “Ташкентын ногоон бүс” төслийн хүрээнд 420 га талбай бүхий Төв цэцэрлэгт хүрээлэнд 200 мянган ширхэг мод тарьснаар жинхэнэ эко хот сүндэрлэн босно. Үүний зэрэгцээ хуучин Ташкент хотыг 2023-2027 онд ногооруулах ерөнхий төлөвлөгөөг хотын иргэдийн хурал болох Кенгашийн гишүүд өнгөрсөн онд баталжээ.  
 
Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Шинэ Ташкент хотын төв цэцэрлэгт хүрээлэнд 
 
Мод тарихдаа тухайн бүс нутгийн цаг уурын нөхцөл байдал, хөрсний бүтэц, үржил шимийг сайтар судалж байна. Суулгацуудыг услахдаа дуслаар услах технологийг ашиглах тул ялам мод, бор бургас, яшил мод, заг мод, хятад яшил мод зэрэг ус чийг бага шаарддаг гоёлын ба жимсний моднуудыг сонгожээ. Хурдан ургаж, сүүдэр сайн үүсгэдэг өтгөн саглагар каштан буюу туулайн бөөр мод, тоос шорооноос агаарыг сайтар цэвэрлэдэг сирень буюу голт борын мод, авто замын дагуу тарьдаг яшил модыг сонгох нь түгээмэл байна. Иргэдэд жимсний ба гоёлын модны 10 сая ширхэг суулгацыг үнэ төлбөргүй олгохоор шийдвэрлэжээ.
 
Мөн экологийн хөдөлгөөнт харуулуудыг бүх бүс нутаг, хотод ажиллуулна. Түүнчлэн Авто замын асуудал эрхэлсэн хороо олон улсын ба улсын чанартай замуудын дагуу мод тарьж, хамгаалалтын зурвас бий болгоно. Үүний сацуу 2022 оны 1 дүгээр сараас эхлэн Узбекистанд мод бэлтгэхийг хугацаагүйгээр хориглосон бөгөөд уг шийдвэрийг зөрчсөн тохиолдолд оноох торгуулийн хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн байна. Улсын ойн санд бүртгэгдээгүй ховор төрлийн мод, бут сөөгийг огтлох зөвшөөрлийг олгохгүй.
 
 
Түүнчлэн узбекчүүд 2025 оны эцэс гэхэд Аралын тэнгисийн хатаж ширгэсэн ёроолын 1,5 сая га газарт заг мод тарих хөтөлбөрийг Казахстан улстай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нисэх онгоц ба нисдэг тэрэгнээс үр цацаж, заг модыг тарьдаг аргыг хэрэглэх ажээ.
 
 
Гэхдээ ЗХУ-ын үед хөвөнгийн ургацын хэмжээг өсгөн мэдээлдэг байсан зохисгүй явдлыг давтан гаргуулж болохгүй гэдгийг Ерөнхийлөгч Мирзеев удаа дараа анхааруулан хэлж байгаа юм. Гэсэн хэдий ч Төрийн өмчийн хорооны хийсэн шалгалтаар, тарьсан модны тоог 6,2 сая ширхгээр өсгөн мэдээлсэн, 3,4 сая ширхэг модыг  усалгааны систем огт байхгүй газарт суулгасан байсныг илрүүлжээ. Усалгаа, арчилгаа дутагдсаны улмаас 2,4 сая ширхэг мод хатаж үхсэн байна.
 
 
НҮБ-ын дэмжлэг 
 
Узбекистан дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчийн газар “Яшил макон” төслийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд иж бүрэн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэхэд Засгийн газарт туслах үүднээс инновац, технологийн салбарын шинжээчдээс бүрдсэн салбар хоорондын бүлгийг байгуулжээ. Хотууд ба хөдөө орон нутгийг ногооруулах ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, Сурхандари мужид байнга болдог элсэн ба шороон шуурганы эрсдэл, нөлөөллийг багасгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр туслахаар болов.   
 
"Яшил макон" – энэ бол зөвхөн олон сая мод суулгах төдийгүй тэдгээрийг яг хэрэгтэй газарт нь тарьж, зөв арчлан тордох төсөл юм гэж НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгч Матильда Димовска хэллээ. Иж бүрэн арчилгаа хийхгүй бол, мод тарих менежментийг зөв хэрэгжүүлэхгүй бол тарьсан моддын хувь заяа хэрхэх нь тодорхойгүй болох тул суулгац тарих ажлын ТЭЗҮ-г боловсруулах нь зүйтэй.
 
Өнгөрсөн оны 6 дугаар сард Узбекистаны Экологи, хүрээлэн буй орчны хамгаалах Улсын хороо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Европын эдийн засгийн комисс хамтран “Яшил макон санаачилгыг дэмжихэд чиглэсэн мастер-төлөвлөлт ба санхүүгийн инновацийн шийдэл” гэдэг төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ бүх арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд энэ онд НҮБ-аас 900 мянган доллар хандивлахаар шийдвэрлэжээ.
 
"Ногоон орон зай" ба "Тэрбум мод" 
 
Узбекистан улс газар нутгийн хэмжээгээр дэлхийд 56 дугаарт ордог /450 мянган хавтгай дөрвөлжин км/ бөгөөд ой мод багатай орнуудын нэг юм. Ойн сан бүхий газар нь нийт нутаг дэвсгэрийн 19 хувийг эзэлдэг бол 5,3 хувь нь ойгоор бүрхэгдсэн газар ажээ. Харьцуулбаас, Монгол Улсын хувьд сүүлийн хоёр үзүүлэлт 11,8 хувь, 7,8 хувь байгаа нь ерөнхийдөө ойролцоо гэсэн үг.
 
 
Гадаад харилцааны сайд Г.Батцэцэг энэ сарын эхээр Узбекистан улсад айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилгыг Узбекистаны “Ногоон орон зай” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх талаар ярилцаж, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хоёр талын болон олон улсын түвшинд хамтран ажиллахаар тохиролцлоо.
 
Монгол, Узбекистан хоёр улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавруудтай тэмцэхэд хувь нэмрээ оруулж байгаагийн тод жишээ бол “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн ба “Ногоон орон зай” төсөл юм. Газрын хөрсийг эрүүлжүүлэх, хөрсний эвдрэлээс урьдчилан сэргийлэх, ой бүхий газрын хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд байгаль цаг уурын нөхцөл байдал төстэй, эх газрын эрс тэс хуурай уур амьсгалтай хоёр орны хувьд экологи, ойн аж ахуйн салбарт хамтран ажиллаж, туршлага солилцох нь илүү үр өгөөжтэй байх болно. 
 
 
Б.Адъяахүү