sonin.mn
Зэвсэгт хүчний 089 дүгээр ангийн Мэдээллийн аюулгүй байдлын офицер ахлах дэслэгч Г.Ганзултай ярилцлаа. 
 
Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулна уу?       
 
-Миний хувьд Зэвсэгт хүчний 089 дүгээр ангид мэдээллийн аюулгүй байдлын офицер албан тушаалд ажилладаг. Зэвсэгт хүчинд найм дахь жилдээ алба хааж байна. Яг одоогийн байдлаар БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн Мотобуудлагын батальоны Хуягт тээвэрлэгчийн ротод буудагч албан тушаалд үүрэг гүйцэтгэж байна. Нөхөр хоёр хүүгийн хамт амьдардаг.   
 
Батлан хамгаалах салбарт хөл тавьсан түүхээ эргэн дурсана уу?  
 
-Миний аав, ээж цэргийн хүмүүс л дээ. Цэргийн гэр бүлд төрж, хүүхэд байхаасаа аав, ээжийгээ дагаж олон газарт “томилогдож” цэргийн амьдралыг  мэдэрч өссөн юм.
Тийм ч учраас цэргийн хүмүүс их дотно санагддаг. Тэгээд ч амьдралд минь үлгэр жишээ болж ирсэн аав, ээжийнхээ албаараа алхам тутамдаа бахархан омогшиж явдаг тэрхүү мөн чанарыг хараад л цэргийн хүн болохоор  шийдсэн хэрэг.
 
Энхийг сахиулах ажиллагааг хэрхэн төсөөлж байв, төсөөлөл бодит  байдал хоёр зөрүүтэй байсан уу? Ер нь Африкт хөл тавьсан анхны сэтгэгдлээ хуваалцаач... 
 
-Анх удаагаа энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр зэхэж байхдаа ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулиас, ажлын хамт олон, найз нөхдөөсөө их зүйлийг судалж ирсэн болохоор төсөөлөл, бодит байдал нэг их зөрөөгүй. Ер нь сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй ирсэн л дээ. Энхийг сахиулна гэдэг бол энх тайван байдлыг бий болгож байгаа хэрэг тул энэ үйл хэрэгт өөрийнхөө хувь нэмрийг, өөрөөсөө гарч болох бүхий л боломжийг дайчлан үүргээ гүйцэтгэнэ гэж боддог. Эх орноосоо мордож, онгоцонд суухад -38 хэмийн хүйтэн байсан бол Африкт ирэхэд +40 хэмийн халуун угтсан. Хэдий тийм ч монгол хүний дасан зохицох чадвар үнэхээр гаргууд тул маш богино хугацаанд дасан зохицсон. Тиймээс Монгол хүн болж төрснөөрөө бахархаж байна.
 
Ажиллагааны газар оронд ирээд чамгүй хугацаа өнгөрч байна үүрэг гүйцэтгэлтийнхээ талаар, өөрийн үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн онцлогийн тухайд сэтгэгдлээ хуваалцаач?
 
-Өмнө нь 11 ээлжийн цэргийн баг үүрэг гүйцэтгэсэн болохоор ажиллаж амьдрах орчин, ар тал ахуй хангалтын хувьд хүндрэлтэй зүйл огт алга. Манай цэргийн багийн хувьд нэг хамт олон болж төлөвшиж чадсан нь маш сайхан байна. Дарга нар маань яг л аав, ээж шиг минь байж, ах эгч нар маань зөвлөж, үеийн найзууд маань сайн туслагч байж чаддаг болохоор үндсэн үүргээ гүйцэтгэхэд ямар нэгэн асуудал гардаггүй. Манай цэргийн багийн нэг онцлог нь хуягт тээвэрлэгчийн ротод анхны эмэгтэй тасаг үүрэг гүйцэтгэж байгаа нь гэж бодож байна. Тэр тасагт үүрэг гүйцэтгэж буйдаа туйлын бахархалтай байгаа. Бид яг л эрчүүдийнхээ адил үүрэг  гүйцэтгэдэг. Эргүүл, цувааны хамгаалалт, харуулын үүргийг гүйцэтгэж, ийм чадварлаг дайчин аавын хөвгүүд, ээжийн охидоос суралцаж яваадаа баяртай байна. 
 
Энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн оролцооны талаар юу гэж бодож байна?
 
-Энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэйчүүдийн оролцоо улам тэлээсэй гэж боддог. Бид амгалан тайван улс оронд энхийг сахиулахаар ирээгүй, иргэний дайн, омог хоорондын зөрчилтэй газар энхийг сахиулахаар ирсэн. Ийм газар хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх маш ихээр зөрчигдөж байдаг тул  тэдэнтэй хамгийн ойр байж ойлгох ёстой хүмүүс бол эмэгтэйчүүд гэж хардаг. Аль ч улс орны энхийг сахиулагчдын дунд эмэгтэй цэргийн алба хаагч жин дарахуйц хэмжээтэй байх ёстой болов уу. Манай эмэгтэй цэргийн алба хаагчид маш дайчин, шийдэмгий, тэвчээр хатуужилтай гэдгийг ажиллагааны өмнөх бэлтгэл дээр мэдэрсэн. Тийм учраас тэд үеийн нөхдөөсөө шалгарч энхийг сахиулахаар ирдэг юм байна гэж бодогдсон. Манай цэргийн багийн бас нэгэн онцлох зүйл нь бусад цэргийн багуудаас хамгийн олон эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа явдал юм.  
 
Таны хувьд хамгийн их үлгэр жишээ авдаг эмэгтэй хэн бэ? Яагаад?
 
-Миний үлгэр жишээ авдаг эмэгтэй бол ээж маань. Үргэлж миний талд байхаас гадна, маш сайн зөвлөгч, маш сайн найз минь байж чаддаг. Би ямар нэгэн асуудлаа ээжтэйгээ л хамт шийддэг. Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх болсон маань ч ээжтэй минь холбоотой. Надад үргэлж итгэж, ташуур өгдөг болохоор би ээжийнхээ бахархал нь байхын тулд хичээж явна даа.
 
Таны ажил албанд хамгийн их урам зориг өгдөг зүйл юу вэ?
 
-Миний гэр бүл, бас аав ээж минь юм даа. Цэргийн хүн ер нь цаг наргүй ажилтай байдаг шүү дээ. Хээр хөдөө явна, ямар ч цагийн байдалд бэлэн байх ёстой тул гэр бүлдээ цаг зав гаргах нь хангалттай биш гэж хэлж болно. Тиймээс хүүхдүүдийг минь харж, хайрлан халамжилж байдаг аав, ээж хоёртоо баярлалаа гэж хэлмээр байна. Миний аав яг энэ ажиллагааны 1 дүгээр ээлжээр үүрэг гүйцэтгэж байсан юм, тэр үед аавыгаа гаргаж өгч, тосон авч, ааваараа бахархаж байсан сан. Харин 12 жилийн дараа өөрөө ингээд үүрэг гүйцэтгэнэ гэдэг үнэхээр сайхан мэдрэмж юм. Тиймээс аавынхаа алхсан замаар нүүр бардам алхаж яваа охин нь аав, ээжийнхээ бахархал байж, үүргээ нэр төртэй, сайн гүйцэтгээд очно оо гэдгээ уламжилъя.
 
Гэр бүлийн бат бөх харилцаа, үр хүүхдээ сайн өсгөн хүмүүжүүлэхэд юу хамгийн ихээр нөлөөлдөг вэ? 
 
-Миний хань бас цэргийн хүн. Ажил мэргэжлийн хувьд адилхан болохоор бие биеэ маш сайн ойлгож, дэмждэг. Ер нь хосуудын хоорондын итгэлцэл хамгийн чухал гэж боддог юм. Нэг үгээр хэлбэл, гэр бүлийн бат бөх, тогтвортой харилцааны суурь тулгуур нь итгэлцэл. Манайх хоёр хүүтэй, том хүү маань 8, дүү нь 4 настай. Хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд гэр бүлийн хүмүүжил маш чухал бөгөөд аав, ээжүүд өөрсдөө зөв үлгэр дуурайлал, зөв тусгал байх учиртайг хүн бүр мэднэ шүү дээ. Хүүхэд яг л аав, ээжийгээ дуурайдаг болохоор нэг ёсондоо бид өөрийгөө шинээр бүтээж байгаагаас ялгаагүй гэж хардаг. Миний хувьд хүүхдүүддээ эд баялаг үлдээх биш харин тэр эд баялгийг өөрсдөө бий болгох, бүтээх аргыг нь олгох ёстой гэж бодож явдаг.      
 
 
Ахмад Л.ТҮМЭНДЭЛГЭР
Эх сурвалж: "Соёмбо" сонин