sonin.mn
Иргэний Зориг, Ногоон Намын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, намын дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулж, намын удирдлагаа өөрчилжээ.
Энэ үеэр ИЗНН-ын дарга асан Ц.Ганхуяг: "Иргэний Зориг Ногоон Нам улс төрийн тогтвортой үйл ажиллагаа явуулдаг хүчин. Энэ намыг анх байгуулагдах цагаас эхлэн гишүүнээс дарга болтлоо ажиллалаа. Өнгөрсөн жилүүдийг алдаа оноотой туулж ирсэн хэдий ч одоо шинэ үеийн хүмүүст замаа тавьж өгөх цаг нь болжээ. Хувийн шалтгааны улмаас намын даргын албаа өгөхөөр болж байгаагаа мэдэгдэж байна. Мөн өнгөрсөн хугацаанд намын үйл ажиллагааг авч явсан дэд дарга Батын Батбаатарыг намын даргад нэр дэвшүүлж байна. Хуралд оролцож буй гишүүд иа бүхэн минь дэмжиж өгөөрэй” гэв.
 
Улмаар Иргэний зориг ногоон намын Улс төрийн зөвлөлийн гишүүдийн дунд явуулсан нууц санал хураалтаар УИХ-ын гишүүн асан, тус намын дэд дарга Батын Батбаатарыг 100 хувийн саналаар дэмжиж, ИЗНН-ын даргаар сонголоо.
 
 Б.Батбаатар : “Намайг дэмжиж, итгэл хүлээлгэсэн та бүхэндээ баярлалаа. Үүнээс өмнө намыг удирдан чиглүүлж ажиллаж байсан Ц.Ганхуяг даргадаа мөн талархал илэрхийлье. УИХ-ын сонгууль болоход багагүй хугацаа үлджээ. Энэ хугацаанд манай намынхан эв нэгдэлтэй байж, сонгуульд амжилттай оролцох шаардлага үүсч байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт саяхан орлоо. Түүнийг дагаж Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулиуд хэлэлцэгдэх гэж байна. ИЗНН хөгжлийн бодлогоо улам боловсронгуй болгож, намын дотоод асуудлаа дахин ярилцаж, шинэчлэлийн бодлогыг хамтдаа хийх болно” гэв.
 
Э.Мөнх