sonin.mn
Манай төрийнхөн гэнэт яав ийв гэлтэй Ерөнхийлөгчөөсөө аваад Ерөнхий сайд, бүр сөрөг хүчин гэж өөрийгөө цоллох МАН хүртэл бизнесийнхэн, хувийн хэвшлийнхэнд саймшрах болов. Хүнд суртлыг арилгаж, төр зах зээлд хутгалдах ёсгүй л гэнэ. Том төр ухаалаг төр болно л гэнэ. Уг нь ингэж дуугарч байгаа нь овоо л доо.
 
Даан ч, тэр бүх саймширсан уулзалт, яриа хэлцлийн үр дүн байхгүй, амьдрал өмнөх шигээ хэвээрээ байгаа нь харамсалтай. Бодит байдал энэ төрийнхөн чинь бизнесийнхний нэрийг барьж, худлаа хошигруулж улстөрийн шоу хийгээд байгаа юм биш үү гэсэн хардалтад хүргэж байна.
 
Ер нь улстөрчид сонгуулийн өмнө нэг ингэдэгсэн. Одоо сонгууль биш ч гэсэн тэд эрх мэдлийн төлөөх өвөр хоорондын тэмцлийн нөхцөл байдлаас шалтгаалаад бизнесийнхний нэрийг барьж, сайн нөхөр болж олон түмэн иргэдээс нэр хүнд олж авах гэж чармайх болов.
 
Үйлдвэр барьж, хүмүүсийг ажилтай болгохын оронд бэлэн мөнгө тарааж эдийн засгаа дордуулсан "хар хэрээнүүд" нэг нэгнээ муулж суухаас цаашгүй. Төрийн тэргүүний хэвлэл, мэдээллийнхэн, бизнесийн төлөөлөлтэй хийсэн зангиагүй уулзалт дээр "Хатан сүлжээ" ХХК-ийн захирал Б.Бадамханд "Биднийг та нар улстөрдөө ашигладаг шүү. Хувийн хэвшлийн бид улстөрийн золиос болмооргүй байна" гэж голыг нь хэлээд авсан.
 
Тэр үнэн. Тиймээс төрийнхөн хэлж ярьснаа одоо хөрсөнд буулгаасай. Авлигүй болно гэснээ өөрсдөөсөө эхлээсэй. Дээрээ сайхан ярьсныг доор суугаа хурган дарга, түшмэд нь хэрэгжүүлээсэй билээ. Төрийнхнөөс өөр юу ч хүсэхгүй хэмээн бизнесийнхэн хэлж сууна.
 
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин