sonin.mn

Аливаа бүтээгдэхүүнийх нь үнэ нэмэгдэхэд хэн ч дуртай байхгүй нь мэдээж. Гэхдээ гэрэл, цахилгаан гэдэг энэ онцгой бүтээгдэхүүний үнэ, тарифыг нэмэх зайлшгүй шалтгаан нь юу байв, нэмэхгүйгээс үүдэх уршиг нь юу вэ гэдгийг дэнслэхгүй байж болохгүй.

"Товчхондоо таван төгрөгөн дээр татганаж байж эрчим хүчний салбарыг тартагт нь тулгачих вий” гэсэн болгоомжлол энэ салбарт ажилладаг, энэ салбарыг мэддэг, цахилгаан дулааны эрчим хүч ямар их үнэ цэнээр бүтдэгийг мэддэг хэн бүхний санааг зовоосон асуудал байдаг.

Тийм ч учраас наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн эрчим хүчний үнийг 5 төгрөгөөр нэмсэнийг Шудрага өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар /ШӨХТГ/-аас буруу гэж үзсэнийг Эрчим хүч геологи уул уурхайн ҮЭ-ийн холбооны  байгууллагууд буруушааж байгаагаа олон нийтэд мэдэгдээд байна.

Цахилгааны үнэ нэмэх гол үндэслэл юу байв?


Эрчим хүчний салбарын компаниуд 2012 онд 66.3,2013 онд 65.4 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ. Мөн цахилгаан станцуудад нүүрс нийлүүлдэг “Багануур”, “Шивээ Овоо” компани 2013 онд нийт 16.4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Энэ нь дулаан цахилгааны эрчим хүч болон түүнийг гаргаж авах гол түүхий эд нүүрсний үнийг төрөөс хатуу тогтоож барьдагтай холбоотой.

Одоогоор төвийн бүсийн хэмжээнд нэг кВт/цаг цахилгааны өөрийн өртөг 145 төгрөгт хүрчээ. Тэгвэл нэг кВт/цаг цахилгаанаа дунджаар 105 төгрөгөөр борлуулж байгаа аж. Цахилгаан дулаангүйгээр улс орны хөгжил бүү хэл айл гэрийн амьдралыг ч төсөөлөхийн аргагүй.

Эдийн засгийн ийм чухал салбарынхаа хөгжлийг зөв гольдиролд оруулахын тулд УИХ-ын 2010 оны 72 дугаар тогтоолоор "... түлш, эрчим хүчний үнэ тарифыг чөлөөлж тус салбарын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, эрчим хүчний шинэ эх үүсвэр болон дамжуулах шугамыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар барьж байгуулах асуудлыг шийдвэрлэнэ...” гэж заагаад энэ тогтоолыг хэрэгжүүлэхийг Засгийн газар, Эрчим хүчний зохицуулах хороонд даалгасан байдаг.  Гэтэл Засгийн газар өнөөг хүртэл тогтоолыг хэрэгжүүлэх ажил хийсэнгүй.

Эрчим хүчний үнэ тарифыг хатуу барьсны хор уршиг

Эрчим хүчний байгууллагууд алдагдалтай ажилласнаар

-техник технологио дорвитой шинэчилж чадахгүй, хэт хуучирсан тоноглолоор ажиллаж байгаа,

-аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх боломж тааруу, мэргэжлийн ажилчидаа өөр салбар руу алдаж байна,

-ХАБЭА-д ахиц гарч чадахгүй, техник, технологийн саатал гарч байна,

-эрчим хүчээр найлвартай, тасралтгүй хангах чухал үүрэг алдагдахад хүрч байна гэж салбарын ҮЭ-ийн байгууллага үзэж байгаагаа мэдэгдсэн.

Тэд “ШӨХТГ-ыг төрийн оролцоотой хэдхэн аж ахуйн нэгжүүд рүү биш ард иргэдийг хохироогоод байгаа бизнесийн бүлэглэлүүд, үнээ үгсэн хуйвалдаж нэмдэг тэр нөхдүүд рүү хандуулах хэрэгтэй” гэж есдүгээр сарын 11 -нд хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлсэн.

Цахилгаан эрчим хүчний хувьд үйлдвэрлэл, хэрэглээ хоёр нь яг давхцдаг онцгой бүтээгдэхүүн. Түүнийг халаасалж, хадгалж болохгүй. Цахилгаан гэнэт тасарлаа гэхэд хоолоо яаж хийх вэ, утсаа яаж цэнэглэх вэ гээд айл өрхийн наад захын асуудлаас эхлээд, жигнэж байсан хэдэг зууг талх түүхийрэх, хагалгаа хийлгэж байсан өвчтөний амь нас эрсдэлд орох гээд хаа сайгүй асуудал босно.

Тийм ч учраас хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах хариуцлагатай, хүнд хүчир ажлыг энэ салбарын ажилтан, ажиллагчид нуруундаа үүрч явдаг. Цахилгаан эрчим хүчний нэг кВт тутмын үнийг 5 төгрөгөөр нэмснээр 150-200 кВт цахилгаан хэрэглэсэн айл гэхэд сардаа 750-1000 төгрөг нэмж төлөхөөр байгаа.

Харин аж ахуйн нэгжүүдийн зардал өсөх нь дамжиггүй. Гэхдээ эрчим хүчний үнэ тарифыг нь удаан хугацаагаар баривал эрчим хүчний салбараа элгээр нь хэвтүүлэх аюул нүүрлэнэ.

Цахилгааны үнийг 5 төгрөгөөр нэмсэн нь хууль бус гэв


Эрчим хүчний  зохицуулах хорооноос цахилгааны үнийг 1квт тутамд 5 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хууль бус шийдвэр гэж үзэн, холбогдох албан тушаалтан мөн төрийн өмчит  компаниудад  торгууль ногдуулсан тухайгаа олон нийтэд мэдээлсэн.

Хуулиараа үнэ нэмэх шийдвэр гаргахын өмнө Эрчим хүчний зохицуулах хороо нь ШӨХТГ-т хандан хүсэлтээ илгээх ёстой байсан аж. Түүнийх нь дагуу тус газар судалгаа хийж, үнийг судлах ёстой байсан ч энэ талаараа мэдэгдээгүй, тиймээс ШӨХТГ-аас цахилгааны үнийг нэмэх шийдвэр гаргасан Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, зохицуулагч нарыг 960 мянган төгрөгөөр торгох, мөн “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨК-ийг 89.4 сая, “Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээ” компанийг 48.5 сая, “Дархан Сэлэнгийн цахил гаан түгээх сүлжээ” ХК-ийг 23.6 сая, “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийг 13.3 сая төгрөгөөр тус бүр торгох шийдвэрийг гаргасан байна.

Харин Эрчим хүчний зохицуулах хороо ШӨХТГ-ыг хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн мэдээлэл хийсэн гэж буруушааж, 5 төгрөгөөр нэмэгдсэн шинэ тарифаар цахилгааны төлбөрөө тооцно гэдгээ мэдэгдсэн. ШӨХТГ нь өрсөлдөөний тухай хууль тоггоомжийг зөрчиж гаргасан төрийн болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг холбогдох дээд байгууллага, албан тушаалтанд гаргаж шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй боловч, аливаа шийдвэрийг шууд хүчингүй болгох эрхгүй гэдгийг тэд хэлсэн.

Ийнхүү хэн бүхний амин чухал хэрэглээ болсон эрчим хүчний үнэ тарифыг нэмнэ, нэмэхгүй гэж мэтгэлцэхээсээ нэмэх үндэслэл нь энэ, нэмэхгүй байх боломж ийм байна гэдгийг аль аль талаасаа үнэн бодитой гаргаж иргэддээ мэдээлэх нь чухал байна.

Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин