sonin.mn
АН-ын ахмад гишүүд Бүх шатны сонгуульд АН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүдэд хандан, нээлттэй ил захидал хүргүүллээ.
Уг захидалд: "Эрхэм та бүхэндээ Нийслэлийн АН-ын дэргэдэх Ардчилсан Ахмадын Хорооны 7000 орчим гишүүдийн нэрийн өмнөөс мэндчилье.
1990 оны Ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, чөлөөт эдийн засагтай, олон намын системтэй, парламентын засаглалтай, Ардчилсан орон болж чадсан билээ.
 
2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд АН-аас 11, Нийслэлийн ИТХ-8 хүн ялалт байгуулсан ба орон нутгийн сонгуулиар 8 аймаг, 1 дүүрэгт ялалт байгуулж төр барих эрхээ хэрэгжүүлж байгаа билээ.
 
Манай Ардчилсан Намд намын дарга хэн болох эсэх, намын тамга тэмдэг, хуучин, шинэ дүрмийн талаар үүсээд байгаа маргааны уршиг нь цаашид үргэлжилбэл нам тарж бутрах, хуваагдах аюул нүүрэлсэнд жирийн мянга мянган гишүүд, дэмжигчид бид санаа зовниж байна.
Маргаан үүсгэгч талууд эвсэн ярилцаж асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаад бидний ахмад гишүүд маш их харамсаж буйгаа илэрхийлэхийн хамт дараахь санал, зөвлөмжийг Та нарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд:
 
1. АН аливаа асуудлыг ДҮРМЭЭР шийдвэрлэдэг хуультай. Гэтэл дүрмийг хуучин, шинэ дүрэм хэмээн талцан асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Намын дүрэмд заагдсан АН маань 2 тамга тэмдэгтэй, 2 хэрэг эрхлэх газартай ...гэх мэтээр талцаж асуудлыг шийдвэрлэж чадахгүйгээр барахгүй нийгэмд АН-ыг муухай харагдуулж, шаварт хутгаж байна.
 
Иймээс үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх заалтыг аль ч дүрэмд заагаагүй тул бид гишүүд, дэмжигчдийн саналаар ялалт байгуулсан УИХ гишүүд, Нийслэл, Аймаг, Дүүргийн төлөөлөгчдийг АН-ыг энэхүү ноцтой байдлаас гаргах зөв чиг шугамыг олж, удирдан чиглүүлэх боломжтой УДИРДЛАГА мөн гэж бид үзэж байна.
 
2. АН-аас сонгогдсон эрхэм Гишүүд, Аймаг, Нийслэл, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид та бүгд энэхүү нөхцөл байдлын улмаас нэн яаралтай Дотоод сонгуулийн хороог үүсгэн байгуулж томилох, Намын даргыг сонгох сонгуулийн товыг гаргаж зохион байгуулах, намын их хурлын товыг гаргаж, хурлаа зохион байгуулах, Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөх хүнийг тодруулах зэрэг ҮҮРГИЙГ хүлээн авна уу.
3. АН-ын жирийн ахмад гишүүд бид бүх гишүүддээ хандаж уриалга гарган, хөдөлгөөн өрнүүлж та бүгдийг дэмжих болно.
4. Та бүхэн энэ захидлын хариуг 3 хоногийн дотор өгнө гэдэгт найдаж байна.
 
АН-ЫН АХМАД ГИШҮҮД" гэсэн байв.
Мөн энэ үеэр тэд: "С.Эрдэнэд намынхаа өмнө хийсэн ололт, гавьяа бий, гэхдээ одоо хийж буй буруу үйлдэл чинь өмнөх бүх гавьяаг чинь баллах нь. Ер нь С.Эрдэнэ минь намаа хагалсан, улс төрөө орхиод, өвөөгийнхөө ажлыг хий!"  хэмээн өгүүлж байлаа.