sonin.mn
Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар дайтаж эхэлжээ, Х.Баттулгыг шалган, хариуцлага тооцохоор болжээ гэдэг яриа улс төрийн хүрээнд өнгөрсөн хавраас эхлэн яригдах болсон. Гэвч энэ бүхэн яриа төдий биш бодит үйл явдал болох нь нэгэнт тодорхой болжээ.
 
Хамгийн сүүлд буюу 8-р сарын 3-нд болсон Засгийн Газрын хуралдааны үеэр Монгол Улсын стратегийн салбарын бүтээн байгуулалтыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан бөгөөд томоохон төслийг ард түмний нэр барьсан хэн нэгэн тооцоо судалгаагүй зүйл ярьж тасалдуулахыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэсэн зүйлчлэлээр өргөдөл гомдлыг хууль хяналтын байгууллагад Засгийн газрын нэрийн өмнөөс өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх нь уг ажлын хэсгийн үүрэг юм.
 
Уг ажлын хэсгийн эхний ажил нь Ерөнхийлагч асан Х.Баттулгын Гашуунсухайтын төмөр замыг гацаасан хэрэг байх аж. Энэхүү ажлын хэсгийн ахлагч, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатарын өгүүлж буйгаар Халтмаагийн Баттулгын Монгол Улсад учруулсан алдагдсан боломжийн өртөг 80-90 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа гэнэ.
 
Мөн үүнээс гадна Хөгжлийн банкны зээлтэй холбоотой хэрэг ч Х.Баттулгад давхар үүсгэсэн байна. Иймээс ч  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид Х.Баттулгыг ирж, тайлбар мэдүүлэг өгөхийг хоёр удаа шаардсан ч тэрээр очоогүй байна. Эх сурвалжийн өгүүлж буйгаар Х.Баттулгад холбогдох хэргийн материалууд бараг бүрдэж дууссан тул баривчлах нь цаг хугацааны асуудал болсон гэнэ. Хамгийн гол нь Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хариуцлага тооцох нь зөв гэдэг байр сууринд хатуу байгаа ажээ.
 
 
Э.Мягмар