sonin.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпин аравдугаар сарын 16-нд Өвөр Монголын Өөртөө Засах Орны Улаанцав хотод ажиллах үеэрээ ногоон хөгжил нь өндөр чанартай хөгжлийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болохыг онцлон тэмдэглэв.


Тэрбээр эдийн засгийн өндөр чанартай хөгжил, байгаль орчныг өндөр стандартаар хамгаалах бодлогыг уялдуулан хэрэгжүүлэхийг уриалж, уул, ус, ой мод, тариалангийн талбай, нуур, бэлчээр, цөлийг цогцоор нь хамгаалж, экосистемийг нэгдсэн бодлогоор зохицуулах шаардлагатайг онцоллоо.


Мөн экологийн хамгаалалтыг тэргүүн эгнээнд тавьж, ногоон хөгжлийн замыг тууштай баримтлахын зэрэгцээ нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, бохирдлыг хязгаарлах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих ажлыг харилцан уялдаатай хэрэгжүүлэхийг үүрэг болгов.


Аравдугаар сарын 16-ны үдээс өмнө Ши Жиньпин Өвөр Монголын Намын хорооны дарга Ван Вэйжун, Өвөр Монголын Засгийн газрын тэргүүн Бао Ган нарын хамт Улаанцав хотод ажиллаж, орон нутгийн нөхцөл байдалтай танилцан, судалгаа хийжээ.

Улаанцав хотын Цахар баруун урд хошуунд орших Ангай нуур нь уур амьсгалын өөрчлөлт болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр ширгэх аюулд хүрч байсан юм. Харин олон жилийн турш хэрэгжүүлсэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх цогц арга хэмжээний үр дүнд нуурын усан гадаргын талбай аажмаар сэргэж, өргөжин тэлжээ.


Ши Жиньпин Ангай нуурын байгалийн нөөц газарт ажиллах үеэрээ Өвөр Монголын экологи, байгаль орчны хамгаалалтыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, нуурын орчныг цогцоор нь хамгаалах, экосистемийг сэргээх орон нутгийн санаачилгуудын талаар мэдээлэл сонсов.


Тэрбээр байгалийг хүндэтгэж, зүй тогтлыг нь дагаж, хамгаалах зарчмыг баримтлахын чухлыг онцлоод, намгархаг газрыг хамгаалах тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх, экологийн хамгаалалтын тогтоосон хязгаарыг чанд мөрдөх, экосистемийн чанар, тогтвортой байдлыг сайжруулах, биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалахыг үүрэг болголоо.


Улаанцав хот нь салхи, нарны эрчим хүчний арвин нөөцтэй. Сүүлийн жилүүдэд тус хот сэргээгдэх эрчим хүч, цаг уурын таатай нөхцөл, газар зүйн стратегийн байршил зэрэг давуу талаа ашиглан, ногоон эрчим хүчээр ажилладаг тооцооллын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр ахиц гаргажээ.


Ши Жиньпин Цахарын өндөр технологийн хөгжлийн бүсийн үзэсгэлэнгийн танхимд зочилж, Өвөр Монголд хэрэгжүүлж буй “Зүүн өгөгдөл, Баруун тооцоолол” төслийн гол зангилааг байгуулах ажил болон ногоон эрчим хүчид суурилсан тооцооллын салбарын хөгжлийн талаар мэдээлэл авав.


Тэрбээр ашиглалтад орсон төслүүдийн үр ашгийг нэмэгдүүлж, дараагийн төслүүдийг төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэхийн тулд шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлт, нөөцийн хангамж, аюулгүй байдлын баталгааг бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо.


Мөн аж үйлдвэрийн сүлжээг өргөжүүлж, дижитал эдийн засгийг бодит эдийн засагтай гүнзгий уялдуулснаар тооцооллын хүчин чадлын давуу талыг эдийн засгийн хөгжлийн бодит давуу тал болгон хувиргахыг үүрэг болгов.


Үүний дараа Ши Жиньпин төслийн удирдлагууд, техникийн мэргэжилтнүүд болон Цахарын өндөр технологийн хөгжлийн бүсийн ажилтнуудтай уулзаж, санал солилцов.


Тэрбээр тооцооллын дэд бүтцийн сүлжээ нь улсын хэмжээнд нэгдсэн төлөвлөлтөөр хөгжүүлж буй зургаан томоохон сүлжээний нэг бөгөөд тус салбар эрчимтэй өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.


Түүнчлэн “Та бүхэн тооцооллын төвийн төслийг амжилттай байгуулж, үр ашигтай ажиллуулан, ‘Дижитал Хятад’ санаачилгыг урагшлуулах, шинэ чанарын үйлдвэрлэх хүчний хөгжлийг дэмжихэд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна” хэмээн хэлжээ.


Ши Жиньпин мөн орон нутгийн газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэнтэй танилцаж, бүтээгдэхүүний нэр төрөл, чанар, онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авав.


Тэрбээр орон нутгийн удирдлагуудад үйлдвэрлэл, борлуулалтын уялдаа холбоог сайжруулж, тариаланчид, малчдын орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг нь дээшлүүлэхэд чиглэсэн бодитой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг уриаллаа.



Г.Бямба