sonin.mn
УИХ-ын гишүүн Г.Уянга “Түрээслэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай” хуулийн төсөл санаачилжээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
 
 
-Таны санаачилсан хуульд ямар зүйл заалтууд орж байна вэ?
 
-Түрээстэй холбоотой асуудал бүрийг судлах нь миний боловсруулж буй хуулийн төсөлд хэрэгтэй. Тиймээс "Нарантуул" худалдааны төвийн түрээслэгчидтэй очиж уулзсан. Тэд эзэдтэйгээ хийсэн гэрээндээ түрээслэгчийн эрх ашигтай холбоотой ямар нэгэн зүйл заалт тусгаагүй байсан.
 
Ихэнх түрээслэгч даатгалгүй юм билээ. "Нарантуул" худалдааны төвд үүссэн асуудалд оролцох боломж байхгүй ч хууль санаачлагчийн хувьд үүссэн асуудалтай танилцах зорилгоор газар дээр нь очсон юм.
 
"Хүчит шонхор" захынхан түрээстэй холбоотой асуудлыг цэгцэлж өгөхийг хүссэн учраас энэ чиглэлийн хуулийн төслийг боловсруулахаар болсон. Түрээслүүлэгч 20 жилийн турш давуу байдалтай явж иржээ. Өмнө нь түрээслүүлэгчийнхээ аманд орж, хэлсний нь дагуу байдаг байсан.
 
Энэ бүхнийг 20 жилийн дараа эргээд харахад социалист нийгэмд байсан мөлжлөг, хамжлага бий болчихож. Тэр бүү хэл Монголын эдийн засаг тэр чигтээ түрээсийнх болж хувирчээ. Өрх бүрт дорж хаяж нэг түрээслэгч байна гээд хэлчихэд хилсдэхгүй.
 
Түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын хооронд ямар нэг эрх тэгш харилцаа байдаггүй. Хэн нэгний тулгалтаар гэрээг хийдэг, өөрийнхөө эрх ашгийг оруулъя гээд хэлэхээр та "Энэ гэрээг хүлээж авахгүй бол боль. Дараагийн хүн нь бэлэн байгаа" гэдэг ганцхан хариулттай суудаг.
 
Үнээ нэмэхдээ ч ямар нэгэн тайлбар хэлдэггүй. Үндэслэлийг нь асуухаар "Заавал тайлбарлах албагүй" гэх болж. Энэ бүх шударга бус харилцааг зохицуулах хууль нь хангалтгүй байна.
 
Нөгөөтэйгүүр эдийн засгийн хямрал болж, төгрөгийн ханш суларч, бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаад нөлөөлдөг чухал хүчин зүйл нь түрээсийн үнэ байгаа юм. Түрээсийн үнэ 50, 100, 200 хувиар нэмэгддэг нь эргээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлдөг.
 
Үнийн өсөлтийн ашиг ганцхан үл хөдлөх хөрөнгийн эзний халаасанд орж байна. Нэг жишээ дурдахад, 20 жил лангуу түрээсэлж амьжиргаагаа залгуулсан хүн өрнөөс өрний хооронд амьдарч байхад түрээслүүлэгч өнгөрсөн хугацаанд хөрөнгөө хэд дахин өсгөж, үл хөдлөх хөрөнгийнхөө тоог нэмсэн байх нь хэвийн үзэгдэл болчихож. Тиймээс энэ бүхнийг зохицуулах шаардлагатай. 
 
 
-Түрээсийн үнийг нэмэгдүүлэхгүй байхаар Засгийн газраас судалж байгаа гэсэн үү?
 
-Аль ч оронд түрээсийг зохицуулсан хууль байдаг юм билээ. Гэхдээ энэ хууль дангаараа батлагдан гарахгүй. Газрын тухай болон бусад хуультай уялдах ёстой. Бидэнд одоогоор суурь судалгаа алга. Өөрөөр хэлбэл, хичнээн түрээслэгч байдаг, хэдэн төрлийн түрээс буй талаар мэдээлэл байхгүй.
 
Түрээс эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаархи бодит судалгаа ч алга. Үнэ бүрдэлтийн тухай хууль ихэнх улс оронд байдаг юм байна. Аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нэмэгдвэл түрээсийн үнэ хэрхэн нөлөөлснийг тайлбарлах хууль эрх зүйн орчин байх жишээтэй. Гэтэл манай ийм тогтолцоо байдаггүй.
 
Тухайн бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эсэх нь худалдагч болон түрээслүүлэгчээс шууд хамааралтай байна. Мөн дээрх хуулийг Татварын тухай хуультай уялдуулах ёстой. Түрээс бол хөдөлмөр биш. Тиймээс бусдын хөдөлмөрийг мөлжиж байгаагаас өөрцгүй зүйл. Татварыг нь өндөр болгох ёстой.
 
Энэ талаар Ерөнхий сайдтай уулзаж ярилцан, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг шуурхай ажиллаж ондоо багтаагаад хуулийн төслөө өргөн барихыг хичээнэ. Түрээсийн тухай хууль яригдаж эхэлсэнтэй холбогдуулан үнэ нэмэгдэх хандлагатай болсон.
 
Тиймээс Засгийн газраас энэ асуудалд яаралтай тогтоол гаргах талаар Ерөнхий сайдаас хүссэн. Тухайлбал, түрээсийн үнийн нэмэгдэл нь тухайн жилд Монголбанкнаас зарласан инфляцийн өсөлтөөс давахгүй байх учиртай.
 
Энэ талаар Засгийн газраас ямар байдлаар тогтоол гаргах бололцоото байна гэдгийг судална гэсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газартай хамтарч ажиллаад хууль гартал түрээсийн үнийг нэмэгдүүлэхгүй байх арга саам эрэлхийлж байна.
 
 
-Таны боловсруулж буй хуульд түрээсийн үнийг хэрхэн тогтоохоор тусгагдаж байна вэ?
 
-Үнэ тогтоох бололцоогүй. Гэхдээ түрээслүүлэгч тогтоосон үнээ хуулийн. дагуу тайлбарладаг байх ёстой. Үнэ огцом өсдөггүй байх нь чухал. Тиймээс энэ талын зохицуулалтыг тусгаж өгнө. Түрээс олон төрөл. Үл хөдлөх хөрөнгө болон тухайн иргэн орон сууцаа түрээслүүлж байгаа хоёрт ялгаа байх юм.
 
 
Г.Мөнхдэлгэр
 
Эх сурвалж: “Бизнес таймс” сонин