sonin.mn
Манай улсын нүурсний экспортын өнөөгийн байдлын талаар “Монгол Нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Нарангаас тодрууллаа.
 
 
-Урд хөршийн нүүрсний зах зээлийн дөрөвний нэгийг хангадаг байсан манай улс энэ байдлаа алдахгүйн тулд ямар алхам хийх ёстой байна вэ?
 
-Дэлхийн зах зээлд нийлүүлэх манай нүүрсний экспортын хэмжээ эрс буурсан нь хэд хэдэн шалтгаантай. Энэ онд 30 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч аравдугаар сар гарчихаад байхад төлөвлөсөн хэмжээнээсээ харьцангуй бага байгаа. Хятадын эдийн засгийн өсөлт саарч, нүүрсний хэрэглээ буурч буй нь манай нүүрсний экспортод нөлөөлж байна гэж ярьдаг...
 
Гэтэл бодит байдал тэс өөр байгаа. Харин ч өмнөд хөршид нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж, хэрэглээ нь ихэсч байна. Гагцхүү манай нийлүүлэх нүүрсний экспорт багассан. Үүний гол шалтгаан нь бид Хятадад нүүрс нийлүүлдэг өрсөлдөгчиддөө зах зээлээ алдсанд байгаа юм.
 
Экспорт өрсөлдөх чадваргүй болсон учраас зах зээлээс шахагдаж гарч байгаагаа бид ойлгох хэрэгтэй. Энд тээвэрлэлтийн асуудал чухал нөлөө үзүүллээ. Дэлхийн бүх орон далайн тээвэр болон төмөр замаар нүүрсээ тээвэрлэж байгаа. Харин манайх машинаар зөөж, ачиж буулгадаг.
 
Нэг тонн нүүрсэд ногдож байгаа тээврийн зардал өсөхөөр ашиг олох нь багасч байна. Ганц өмнөд хөрш гэлтгүй тус улсаар дамжуулан Япон, өмнөд Солонгос, Зүүн өмнөд Ази руу нүүрсээ нийлүүлье гэвэл тээврийн асуудлаа нэн даруй шийдэх хэрэгтэй.
 
Ингэж чадаагүй байгаагаас болж өнгөрсөн хоёр жилд Хятадын зах зээлд сураггүй байсан орнууд нүүрсээ нийлүүлж эхэллээ. Манай улсын нүүрсний салбарын хамгийн том өрсөлдөгч нь ОХУ. Тус улсын Сибир, Якут орчимд нүүрсний ордууд ашиглалтад орсон даруйд тэд төмөр замаа тавьсан.
 
Мөн БАМ-ын хуучин замаа шинэчилж байна. Ингээд нүүрсээ Хятад руу тээвэрлэж эхэлсний зэрэгцээ тус улсад өмнө нь нүүрс нийлүүлж байсан Канад, Австрали, Америк, Мозамбек зэрэг орон нийлүүлэлтээ нэмсэн.
 
 
-Манай нүүрсний экспорт өнгөрсөн гурван жилд харьцангуй нэмэгдсэн шүү дээ. Энэ эрчээ хадгалах боломжоо бид яагаад ашигласангүй вэ?
 
-2010,2011 онд Хятадын зах зээл дээр манай нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэн шалтгаан нь бусад орон дэд бүтэц төмөр замынхаа асуудлыг шийдээгүй байсантай холбоотой. Тухайлбал, ОХУ тэр үед төмөр замаа тавиагүй байсан. Африкийн зарим орон ч төмөр замгүй байв.
 
Австралид үер болж, нүүрсний томоохон уурхайнууд нь хаагдсанаар нийлүүлэлт нь тасарч байсан. Бид өнгөрсөн гурван жилд бизнесийн бодлого гаргаад явсандаа биш  Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэх улсууд болзошгүй хүчин зүйлээс болж багассанаас болсон нь тэр юм.
 
Үүнийг тус улсын холбогдох албаныхан бидэнд хэлж байгаа. Тэд "Танайх нүүрсээ нийлүүлье гэвэл өрсөлдөх чадвараа дээшлүүл. Бид танай нүүрсийг худалдаж авмаар байна" гэдэг.
 
 
-Төмөр замаар нүүрсээ тээвэрлэвэл манайд хичнээн төгрөгийн зардал хэмнэх тооцоо байгаа бол?
 
-Одоогийн байдлаар Тавантолгойгоос нүүрс олборлоод хамгийн ойр боомт болох Тэньжинээр тээвэрлэхэд нэг тонн нүүрс 100 ам.доллараас доошгүй үнээр очих юм. Тээвэрлэлтээс бусад урьдчилж хараагүй зардлууд бас нэмэгдэнэ. Тэгэхээр нүүрсийг олон улсын зах зээлд өрсөлдүүлэх тээврийн асуудлыг шийдэхээс өөр аргагүй.
 
Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ хоёр дахин унасан. Коксжих нүүрс ч мөн адил. Тухайлбал, Австралийн нэг тонн нүүрс 215 ам.доллараар далайн боомт дээр зарагдаж байсан бол одоо 135-140 орчим ам.доллар болоод байгаа. Үнэ ийм байхад нийлүүлэгч нэмэгдээд л байна шүү дээ.
 
Өөрөөр хэлбэл, бага үнээр зарж буй хэр нь ашиг олж л байгаа гэсэн үг. Далайгаар нэг тонн нүүрс тээвэрлэхэд 15-25 ам.долларын зардал гардаг. Гэтэл бид энэ улсуудтай адил тэр боомтод автомашинаар нэг тонн нүүрсийг хүргэхэд 100 ам.доллар зарцуулах нь.
 
Монголоос нүүрс худалдаж аваад далай руу гаргаж зардаг Хятадын олон компани бий. Тэд судалгаа хийгээд "Монголоос одоогийн нөхцөлд нүүрс худалдаж авч, зарах нь ашиггүй байна" гэсэн байна лээ. Бид цаашид төмөр замаар нүүрсээ тээвэрлэхгүй бол энэ өрсөлдөөнөөс бүр мөсөн хасагдах шинжтэй болчихоод байгаа.
 
Учир нь дэлхийн бусад орнуудад нүүрсний нөөц нэмэгдэж байна. Тухайлбал, АНУ, ОХУ-ын нүүрсний хэрэглээ буурч, нөөц нь нэмэгдээд байгаа. Тэгэхээр нүүрсээ зөөдөг улс орон олширч буй юм. Төмөр замаар нүүрсээ тээвэрлэвэл автомашинаар зөөснөөс маш бага зардал гарах нь хэнд ч ойлгомжтой байгаа.
 
 
-БНХАУ-ын нүүрсний хэрэглээ ирэх 10 жилд буурна гэсэн тооцоо гарсан гэсэн. Тэгэхээр манай улсаас авах нуүрс багасах юм биш үү? 
 
-Зарим хүн тэгж ярьж байна лээ. Гэхдээ Хятадын нүүрсний хэрэглээ багаслаа гээд манай улсын жилд экспортлох 30 сая тонн нүүрс шингэхгүй гэж байхгүй 
 
 
Эх сурвалж: "Бизнес таймс" сонин