sonin.mn
- "А" бизнес эрхлэгчтэй "Бизнесийн өмгөөлөхүйн" сурвалжлагч "В" сэдвээр ярилцлаа -
 
 
Бизнес эрхлэгч Д.Батбаяр:
 
-Манай улс зах зээлийн нийгэмд шилжиж байсан 1990-ээс 2005 оны хооронд Монголын бизнесүүд инкубатор буюу өлгийндөө бойжиж байсан. Харин 2005-2010 он хүртэл Монголд бизнес тогтворжиж эхэлсэн. Зах зээлийн шилжилтийн үеийг даваад бизнесүүд хөл дээрээ тогтох үедээ орсон гэж хэлж болно. Ганзагын худалдаа хийж байсан нь дэлгүүр ажиллуулах болж, дэлгүүрийн худалдаа эрхлэж байсан нь үйлдвэрлэл рүү шилжих иймэрхүү үйл явц явагдаж байв.
 
Тэгтэл 2010 оноос хойш бизнесээ хамгаалах байдалд орж эхэллээ. Эсрэгээр, арай ядаж зовж олж авсан бизнесийнхээ ололт амжилтыг хамгаалах боллоо. Хувийн бизнес рүү дайрч довтлох болсон сүүлийн үеийн үйл явдлууд үүнийг харуулж байна. Энэ байдлаас болоод манайхан бизнес хийх урам зориг, овсгоо самбаачлалдаа анхаарахгүй болсон. Тиймээс бид яваандаа юу хийх гэж байна гээч. Цаашид Монгол Улсаас хөрөнгөө гаргах байдал руу орж байна.
 
Монголд бизнес хийх гэж хаалгаж боолгож байхаар гадаадад үл хөдлөх хөрөнгө аваад түрээслээд байж байх нь хамаагүй амар байх. Гэтэл Монголын бизнес эрхлэгчдийн мөнгө Монгол улсдаа шингэх ёстой байдаг. Одоо бол тийм биш болчихоод байна. Мөнгөтэй хүмүүс дайжиж байна. Сүүлийн үед энэ талын нэг гарч ирсэн зүйл гэвэл, та бүхэн мэднэ дээ, 20 саяас дээш төгрөг гадаад руу шилжүүлбэл тэрийг төр, засаг мэдэж байх ёстой гэнэ.
 
Тэрний тухай мэдээллийг банк, Тагнуулын төв газар ч гэдэг юм уу сонирхсон хууль цагдаагийн байгууллагад өгөх юм байна. Ингэж бүх юмыг хянаж байна. Энэ бол зөв байж болох ч нөгөө талаараа хувийн бизнес хийж байгаа хүмүүсийн цаашид бизнес хийх сонирхлыг бууруулж байна. Нэг жишээ хэлье л дээ, 1905 онд АНУ-д нэг хууль гарч байсан. Соломон кейс гээд тэр нь ХХК гэдгийг анх батлаж байсан хууль. Хүн хийж байгаа бизнесээ өөрийнхөө компанийнхаа хөрөнгөөр л хариуцна.
 
Тэр нь ямар учиртай байв гэхээр хүн бизнесээ хөгжүүлэх эрсдэл хийх боломжийг нь өргөн тавьж өгч байж. Өөрөөр хэлбэл, хүнээр улам л ажил хийлгэх гээд байна шүү дээ. Тэгээд хувийнх нь эд зүйлс, бүр эмээ, өвөөгийнх нь өгсөн бөгж юу л байдгийн, тэрэнд нь халдахгүй гэж байгаа юм. Зөвхөн өөрийнх нь компанийнх нь дүрмийн сангаар л хариуцлага хүлээнэ.
 
Гэтэл манайх хянаад хавчаад эхлэхээр би сүүлдээ бүх бизнесээ түрээс болгох гэж байна. Зээл авахаа больж байна. Банкныхан "Та таван тэрбумын зээл аваач" гэхэд би үгүй гэсэн. Тэрний оронд 500 саяыг авья. Гэтэл банкныхан өөдөөс "Танд бизнес хийх боломж байна, яагаад зээл авахгүй байгаа юм бэ?" гэж асуух юм.
Гэтэл бидэнд бизнес хийх сонирхол алга, овсгоо самбаачлалаа хэтэрхий их улайрвал шоронд орж болзошгүй хэмээн эмээж эхэлж байна. Ингэж өөрөө өөрийгөө хязгаарлаж байна.
 
 
С.Дэмбэрэл: -Бүхэлд нь үүнийг "ProBusiness" гэж хэлдэг л дээ. Манайд өдгөө бензин, талх, гурилын үнэ тогтворжуулах гэх мэтээр тодорхой бизнесийн салбаруудыг дэмжих хөтөлбөр явж байна. Энэ зөв. Гэтэл " ProBusiness " буюу тодорхой бизнесийг дэмжих хөтөлбөр нь "ProEntrepreneurship" буюу нийт овсгоо самбаачлалыг, нийт бизнесийн идэвхжлийг түүний дотор ЖДҮ, микро бизнесийг дэмжихгүйгээр инфляци гэдэг зүйл ч Монголд хэзээ ч доошоо сум заахгүй.
 
Энэ дээр л манай гол алдаа байгаа юм. Энийг л Монгол Улс хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Ерөнхий фоно дэвсгэр нь сайн байх ёстой ба " ProEntrepreneurship " буюу овсгоо самбаачлалыг дэмжих ерөнхий уур амьсгалтай байх ёстой. Тэрний дээр нь бизнесээ салбар салбараар нь дэмжих хэрэгтэй. Саяхан болж өнгөрсөн "СЕO-summit-2013" компанийн захирлуудын чуулган дээр ярилцсан нэг гол асуудал нь тодорхой салбарыг дэмжих нь бас биш байна гэж байсан.
 
Ерөнхийдөө Монгол Улсын гол шийдэл нь, хэрэв би Ерөнхий сайд байсан бол миний хийх хамгийн эхний ажил нийт бизнесээ эхлээд сайжруулна. Өөрөөр хэлбэл, фоноо сайжруулья. Муу фоно дээр таван ширхэг компанийг буюу, таван секторыг дэмжээд нэмэргүй юм байна. Тэгэхгүй бол байнга цагаан будаа, "Атар" талх, мах, тэр байтугай жинсэн өмдний үнэ ч өсч байх юм байна. Өөрөө хэлбэл хүнсний бус зүйлийн үнэ ч дагаад
 
Л.Батбаяр: -Таны хэлсэн дээр нэмэхэд инфляци, мөнгөний бодлого, макро эдийн засаг, төр засгийн бодлого, шүүх прокурорын бодлого талаасаа ч гэдэг юм уу жижиг, том, бичил гэлтгүй бизнесийг боомилж байна. Би тэгэж л харж байна. Энэ боомилогдсон бизнесийн фонон дээр яаж ажиллах вэ ?
 
 
С.Дэмбэрэл: - Боомилогдоогүй бизнесийг фоныг эхлээд бий болгочих, тэрний дараа болно.
 
Л.Батбаяр: - Манай Монголын өнөөдрийн амьдрал гэхэд АНУ-ын 1920-1930-аад оных шиг байна. АНУ 1910 онд их алдаж байсан гэсэн. Хүн алдаагаа буцаж давтдаггүй юм байна. Гэтэл манай бодлого эсрэгээр байна. Жишээ нь, би Их дэлгүүрээс зурагт авлаа. Тэгээд нэг сар зурагтаа үзчихээд, эргээд их дэлгүүрт очоод би буруу наймаа хийжээ. Дэмий авсан байна, мөнгөө аваад өөр газраас зурагт авмаар байна гээд байвал замбараагүй байдал үүснэ биз дээ.
 
Хэрэв Оюутолгойн гэрээг хийсэн бол бид нарын хэлдэгээр бандан тас. Би нэг удаа Германаас вино оруулж ирээд буруу бизнес хийгээд виногоо нэг доллараар оруулж ирээд, 50 центээр зарж алдаагаа засч байсан. Шатаад бушуухан өөр бизнес рүү орсон. Тэгэхэд бизнес хийхэд эрсдэлтэй байдаг байсан. Шархаа нөхөхийн тулд би бараагаа хямдхан зарах. Үүнтэй адилхан "Рио-Тинто"-гийн гэрээнд алдаа хийсэн бол үүндээ цэг тавиад, дараагийнхаа Тавантолгой дээр алдаа хийхгүй байх хэрэгтэй болохоос гэрээг буцаадаг механизм нь хүнд итгэх итгэлийг алдаж байгаа юм.
 
Манайхан "Хүүхэн шиг зантай хүн" гэж нэг юм хийчихээд дандаа эргэж буцаж байдаг хүнийг хэлдэг дээ, тэрэнтэй адил. Гэрээний хариуцлага хүлээхгүй, эргэж буцаад байгаа учраас дэлхийн зах зээл дээр Монголын нэр хүнд унаад итгэх итгэлгүй болсон. УИХ-аас одоо гадаадын хөрөнгө оруулагчдыг ороод ир, бид сайхан ажил хийх гэж байна гэж уриад ч ирэхгүй байна. Нэг буудуулсан тарвага нүхнээсээ гардаггүйтэй адил.
 
Тэд буюу гадаадын хөрөнгө оруулагчид яаж байна, юу гэж байна гэхээр Монгол явж байхаар Мянмар, Камбож явсан нь дээр гэж байна. Монголчууд гадаадын хөрөнгө оруулагчдыг хуурч оруулж гэнэт хуулиа өөрчлөөд хулхидах юмаа хийдэг гэсэн. Би нүүрсний талаар нэг онигоо зохиосноо хэлье. Нүүрсээ бид бүгдийг нь харамлаад, гадныхан биднийг шулж байна гэж үзэж байна. Сүүлдээ Монгол Улс гэсэн чинь нүүрснээс өөр юмгүй болчихсон.
 
Тэгээд Эзэн богд Чингис хаанаас үлдээсэн хөрөнгөө авч үлдэж чадсан тул цалингаа нүүрсээр олгоё. Жишээ нь, сайн ажилласан хүмүүст коксжсон нүүрсээр цалинг өгнө. Тэгээд цаашлаад нүүрсээр юу хийж болох вэ тухай ярилцаж байна. Нүүрсийг чанаад хоол хийж идэлтэй биш. Гэтэл бас нэг боломж байна. Нүүрсээ Улаанбаатар хотод авч ирээд айл болгонд нүүрс өгнө.
 
Жишээ нь, С.Дэмбэрэл танд 10 мянган тонн нүүрс өгье, та үүнийгээ Эрээнээр үүрээд гараад зарна уу, барилга барина уу, хоол хийж иднэ үү таны асуудал. Засгийн газраас таньд боломж өгсөн үү, өгсөөн гэнэ. Тэгээд нүүрсээ Улаанбаатар хотод авч ирэх гэхээр маш их бензин хэрэг болж байна. Бензинээ доллараар авах болж байна. За ингэж байхаар Та нар Тавантолгой руу нүү гэж байгаа юм.
 
Тэнд нь газар зааж өгнө, энэ хэсэг газар нь нөхөр С.Дэмбэрэл таных, энэ зурвас Г.Мөнхдэлгэрийнх гээд хувааж өгнө. Сүүлдээ нүүрсэн дундаа амьдраад царай нь хар, гэр нь хар болчихно. Тэгээд танд болзол тавина, Тавантолгой руу нүүвэл 20 жил эргэж ирэхгүй. Гэрээнд гарын үсэг зур гэсэн аав нь явахгүй Улаанбаатартаа амьдарна гэнэ. Аав чинь явахгүй бол танай гэрийнхэнд гэрээг чинь өгөхгүй гэнэ. Хэрвээ гэнэт нүүрс үнэт орвол Монгол Улсын нэг айл шууд сая доллартай болно гэж байгаа юм. Нэг иймэрхүү.
 
 
С.Дэмбэрэл: -За ойлголоо. Би бас хэдэн жилийн-өмнө нэг үлгэр бичиж байсан юм. Монгол улс одоогийн Тавантолгой, дотоодын компаниудын "Монгол-999" нэгдэл гэж ярьж эхэлж байхад "Эцэг-хүүгийн үлгэр" гэж бичиж байлаа. Үлгэрийн гол утга нь Монгол гэдэг нэг улс бол эцэг нь төр, хүү нь хувийн хэвшил юм. Ингэж зүйрлүүлсэн юм. Гурван хүүтэй, ЖДҮ хүү, ахмад хүү нь 22 настай, тэр нь нөгөө хувийн хэвшил. Ахмад хүү аавдаа хэлж байна.
 
Аав минь, нэг хөрш ийм бодолтой, нөгөө хөрш ийм бодолтой байна. Та энийг ингээд зохицуулаач гэж хэлж байна. Уул уурхайн компаниудын хувьд өнөөдөр манай улсад Эрдэс баялгийн 2013-2025 он хүртэлх үзэл баримтлалыг УИХ дээр батлах гээд ажлын хэсэг гараад байгаа. Миний бодлоор бол энэ үлгэрээр явчихмаар байгаа юм. Маш энгийн. Төр битгий их оролц. Оролцмоор байвал хувийн хэвшлээр дамжуулж оролц.
 
Монгол Улсын хар хайрцагны бодлого гэж байна. Хар хайрцгийг хэн ч, хэзээ ч хараагүй. Хар хайрцагны бодлого нь юу байх гэхээр тухайн улс оронд байдаг бодлогыг яг үндэстнийхээ хувьд хоорондоо яриад энийг УИХ-ын хаалттай хуралданаар хэлэлцээд, түүнийгээ хувийн хэвшилд өгдөг. Хувийн хэвшил нь Батбаяр гэж бодоход, түүнд хэлнэ. За, Батбаяраа, та бол максимум ашигны төлөө явдаг хүн.
 
Зөв. Таны гол зорилго бол ДНБ-нд аль болох хувь нэмэр оруулах. Би төр, гэхдээ таныг Монголын ард түмэнд ашигтай зүйл хийгээсэй гэж бодож байна. Тийм учраас та "Сайн засаглал"-ыг хэрэгжүүл, Компанийн нийгмийн хариуцлагатай бай, ил тод бай. Тэгээд олон улсын дунд бол Монгол Улс нэг тоглогч нь шүү дээ. Энэ тоглогчдын дунд та нэг ийм бодлого нэвтрүүлчих, гэхдээ энийгээ заавал Тавантолгойгоор биш, төрийн өмчит компаниар биш, хувийн хэвшлээр дамжуулаад хийе, таньд итгэж болох уу гэх  ёстой.
 
Төр ааваа та надад итгэж болно. Би таны байгуулсан төрийн өмчит компаниас илүү алдагдал гаргахгүй, өөртөө болон өрөөл бусдад ашигтай гэж. Өрөөл бусад гэдэг нь ард түмэнд. Ингэж ажиллана гэсэн хүчин чадал Монголын хувийн хэвшил буюу 22 настай хүүхдүүдэд нь төрчихсөн байгаа юм. Энийг л нэгдүгээрт хийх ёстой.
 
Хоёрт, уул уурхай төдийгүй, уул уурхайн бус компаниуд сүүлийн үед манай улсад нэг юм гаргаад байна. Ерөнхийдөө яагаад төрийн өмчит компани байгуулаад байгаа юм. Юм л бол архины ч бай, тамхины компани ч бай ард түмний өмнөөс санаа зовоод байгаа юм. Би өөрөө тамхичин, гэхдээ архичин биш, архины хэрэглэгч. Тэгэхээр би сонирхлын зөрчилтэй юу үгүй юу ? Улсын төсөвт хөрөнгө оруулдаг утгаар нь ярих юм уу, эсвэл хүнд таалагдах утгаар нь ярих юм уу? Хэрэв хүнд таалагдья гэж бодвол би архи, тамхийг үзэн ядах ёстой.
 
Нийлэлтийн гинжин хэлхээ гэж ойлголт байдаг даа. Тэр ойлголт талаасаа үзвэл Тамхины хууль бол буруу хууль болсон. Жишээ нь, би нэг хуралд сууж байна, хаана тамхи татах вэ гэсэн чинь гарч татна гэж байна. Гарч татсан чинь зочид буудлын үнэхээр муухай хэсэгт очиж байна. Энэ бол Эрх чөлөө ба тамхи таталт. Би эрх чөлөөгөө хасуулья. Дараагийн асуудал нь Эрх чөлөө ба Эрүүл мэнд болж байгаа юм.
 
Энэ утгаар аваад үзвэл Тамхины хуулинд таны тамхи татах газрыг зааж өгөх ёстой байсан. Гэтэл тийм заалт байхгүй учраас дуртай газартаа нууж татаж байна. Хууль судалгаа муутай хийгдэж байна. Өнөөдөр Батбаяр зөвхөн өөрийнхөө бизнесийн салбарыг ярихгүй, Монголын эдийн засгийг яриад байна. Эндээс бид ямар дүгнэлт хийх ёстой гэхээр Монголын компаниуд чинь макро зүйлийг харж байна шүү, зөвхөн Сангийн яам, Эдийн засгийн яам хардаггүй юм байна. Тийм учраас бизнес эрхлэх орчинг сайжруулж өгөөч гэж олон жил ярьж хэллээ.
 
Л.Батбаяр: -"Рио-Тинто" гэдэг ч юмуу том макро түвшиний асуудал над шиг жижиг бизнес эрхлэгчид ямар хамаа байхав дээ гээд би бодож байлаа. Гадаадынхан нь гарна л биз, Ганбаатар нь орилно л биз. 76 Ганбаатартай болсон ч яахав дээ гээд бодож байтал. Гэнэт нэг зүйл болсон. Долларын ханш өсөөд ирсэн бачуурч эхэлсэн.
 
 
С.Дэмбэрэл: -Түр хүлээгээрэй, би УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр асуусан юм. Өөр хэн ч асуугаагүй. Энэ бол факт. Долоон сарын сүүлээр 1400 гаруй төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш 1700 төгрөг болчихоод байгаа энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх юм бэ ? Хэн хариуцах юм, яах ёстой юм чи хэлээдэх дээ?
 
Л.Батбаяр: -Энд бол үнэхээр бачуурахаар. Сангийн яамнаас гаргасан, зөвхөн Монгол төгрөгөөрөө худалдаа үйлчилгээ хийнэ гэсэн тогтоол байна. Би үүнийг эсэргүүцэж байна. Хэрэв ийм тогтоол гаргаж байгаа юм бол яах гэж ам.доллараар зээл өгдөг юм бэ? Би жишээ нь, ханшаа тэгшлээд 1700 төгрөг дээр ам.доллараа тохироод дараа нь зээлээ төлөөд өөдөөс "Таньтай бид гэрээ хийсэн. Үндсэн зээлээ хуваарийн дагуу валютаар төлнө гээд хийсэн.
 
Тэрийгээ л бид дагана" гэх. Би байхгүй валютыг ухаж гаргалтай биш, гаднаас оруулж ирэх биш, эцсийн эцэст ченжүүдээр л явж байгаа юм. Сүүлдээ баарныхаа тасалбарын үнийг 20 мянга биш, 20 доллар болгодог юм билүү гэж бодлоо. Тэгсэн болохгүй ээ, хуультай гэнэ. Ингээд бид банк доллар хоёрын буланд шахуулчихаж байгаа юм.
 
 
С.Дэмбэрэл: -Гэтэл Монгол Улсын зарим нэгэн хуулинд ам.доллараар тооцсон байгаа юм.
 
Л.Батбаяр: -Манай улсын банкны үйлчилгээ муу, тэгсэн хэрнээ банк ам.доллараар тооцоо хийгээд байдаг. Харин би бизнесийнхээ төлбөрийг ам.доллараар авч болдоггүй. Энэнээс хойш доллараар зээл авахгүй гэж хэллээ. Тэгсэн банкны ажилтан "Тэгвэл таны төлөх хүү өндөр шүү" гэж байна. Ямар хэцүү юм бэ? Төгрөгөөр зээл авбал 1.6 хувийн хүүтэй, доллараар авбал 1.3 хувийн хүүтэй.
 
Та бол манай VIР зээлдэгч гэж байгаа юм. Хэрвээ ийм зээлдэгч биш бол яах вэ гэсэн. Тэгвэл таны зээлийн хүү хоёр хувь гэж байна. Би ам.доллараар ч, төгрөгөөр ч зээл авахгүй идэвхгүй хүн болох л сонголт надад үлдэж гэж бодлоо.
 
 
С.Дэмбэрэл:-Идэвхтэй хүмүүст ийм бэрхшээл тулгарч. Одоо хэн хийх вэ ? Төр хийх юм уу? Төр чиний хийж байсан ажлыг хийхээр барааны урсгал саарч байна. Яагаад юмны үнэ өсөөд байгааг чи мэдэх үү ? Яагаад Монголбанк, Засгийн газар цагаан будаа, бензин гээд эдгээр барааны үнийг хамаагүй өсгөхгүй, үнийг тогтворжуулах гээд оролдож байна шүү дээ. Чи өөрөө ямар нэгэн ард түмний барааг оруулж ирдэг, импортлогч гол асуудал юу байна?
 
Батбаяр: -Хамгийн энгийн нь валютын ханш.
 
 
С.Дэмбэрэл: -Валютын ханш бол чиний буруугаас болоогүй шүү дээ?
 
Л.Батбаяр: -Миний буруугаас биш
 
 
С.Дэмбэрэл: -Тэгээд хэний буруу юм ?
 
Л.Батбаяр: -Валютыг хөдөлгөж байгаа Төвбанк нь төр засаг нь ч юмуу тэд нарын л буруу. Бид ямар нөлөө байх биш. Ойлгомжтой шүү дээ.
 
 
С.Дэмбэрэл: -УИХ дээр наадахыг чинь ойлгохгүй байна.
 
Л.Батбаяр: -Валютын ханшийг бууруулах гээд 20 сая ам.доллар зарлаа гэнэ. Интервенц хийж байгаа гэнэ. Нэг ам.долларын дэвсгэрт 1703 төгрөг байснаа 1698 төгрөг болж байна. Гурав хоноод эргээд 1700 төг болж байна. Өнөөдөр би 1705 төгрөгөөр нэг ам.доллар авлаа. Тэгээд би олон жил харилцаж байгаа ченж рүүгээ ярилаа л даа. Тэгсэн надад "Та банканд хандсан дээр байх, надад доллар одоохондоо алга" гэж хэлж байна.
 
 
С.Дэмбэрэл: -Тийм учраас интервенц хийх нь зөв үү? Нэмэр байна уу?
 
Л.Батбаяр: -Бүх зүйл судсаар холбогдсон хуваарилалт явагддаг. Гадны компаниуд Монголд орж ирээд тэдний доллараар л амьдардаг юм байна. Өнөөдөр манай түрээсэлдэг байрны дөрвөн давхарт нэг ч түрээсийн компани байхгүй, хоосорлоо, юу болж байна аа, яаж амьдарна аа гэж байна. Бүгд холбоотой байдаг юм байна. "Рио-Тинто"-г л гэхэд хажуу бөөрөнд нь олон жижиг компани наалдчихсан, амьдарч байх жишээтэй.
 
Гадны нэг компани орж ирээд үүцээ задлаад тэр валют нь төгрөг болоод биднээр дамжаад татвар төлөлт болоод, цус сэлбэлт хийгддэг юм байна. Тэр эх үүсвэр нь байхгүй болчихоор байдал хүндэрч байгаа юм. Бүх зүйл уялдаатай. Дээрээсээ доошоо. Буруу систем, буруу бодлого бүгдийг нь самардаг юм байна. Манайд гэхэд л түрээс ч алга, үйлчлүүлэгч ч алга. Би төсвийг юу гэж боддог гээч. Төсөв бол сугалаа. Компаниудад сугалаа өгдөг. Нэг тогоонд мөнгө ордог.
 
Сугалаанаас нэг хүн хождог. Тэгсэн ямар ч оймс зарж үзээгүй хүн баяжаад байдаг. Тэрбумтан болоод долоон хүүхдүүд нь гадаадад сурч байх жишээтэй. Би ингэж уриалдаг болсон. Татвараа нуу. Яагаад гэвэл Монгол улс АНУ, Швед шиг байсан бол татвараа төлнө. Шударгаар төлнө. Тунгалаг болгоно. Яагаад гэвэл бидний татварын мөнгийг яаж зарцуулж байна гээч. Ямар ч бизнес хийгээгүй улс төрийн албан тушаалтануудыг тэрбумтан болгож байна.
 
 
С.Дэмбэрэл: -Төсвийн тухай хуулинд бизнесийн төлөөлөл, эрдэмтэдийн төлөөлөл зэрэг  хүний бүрэлдэхүүнтэй энэ зөвлөлийг Ерөнхий сайд байгуулна гээд заачихсан байгаа. Гэтэл өнөөдрийн орж ирсэн төсвөөр тэр зөвлөл байхгүй байна.Тэгээд би Танхимын даргын хувьд саналаа бичээд явууллаа. Төсвийн тухай хуулинд заасан энэ заалтыг хэрэгжүүлээч гэж бичсэн.
 
Юм л бол төр, хувийн хэвшлийн түншлэл гээд алиалаад байж болохгүй. Миний бодлоор бол Ерөнхий сайд тэр Зөвлөлөө байгуулах ёстой. Хууль зөрчсөн бол Ерөнхий сайд хариуцлагыг нь хүлээх ёстой. Тэр Зөвлөл нь энэ улсын төсвийг авч хэлэлцээд, ийм байна гэж танилцуулдаг юм байна. Гэтэл манайд алга. 
 
Л.Батбаяр: Хамгийн гол нь бид татвар төлөх урам алга. Татвараа зөв зарцуулдаг бол энэ олон гэр хороололд байгаа хүмүүс ийм амьдралтай байхгүй л байх байсан. Монгол Улс ерөөсөө хөгжихгүй, гэр хороололд 200 мянган өрх амьдраад байдаг. Монголд жуулчид яагаад ирж байна гээч? Монголын бэлчээрийн хүнийг үзэх гэж ирж байна гэнэ. Бэлчээрийн хүн гэж сонссон уу? Ийм зүйл байдаг юм байна.
 
Усанд ордоггүй, бөөстэй, шивэртэй, амьдрал нь хүй нэгдлээрээ, арьсанд айраг бүлээд, усаа тэргээрээ зөөгөөд. Гэтэл бид нүүдлийн мал аж ахуй үзэх гэж ирж байна гээд онгироод байдаг. Тэрийг яагаад үзэж байна гэхээр хүмүүс гайхах гэж ирж байна, орчин үед ийм зүйл байдаг гэж үү ? Манай гэр хороолол ийм л дүр зурагтай байна. Татварын мөнгөө зөв зарцуулж байгаа бол татвараа төлнө. Даан ч зарцуулапт буруу байна.
 
Улстөрийн албан тушаалтанууд тендер нэрийн доор тэрбумтан болоод байна. Нэг ч алим, нэг ч оймс зараагүй, ганзага хийж үзээгүй хүн тэрбумтан болчихоор би 20 жил бизнес хийсэн хүн өөртөө гутарч байгаа юм. Би улсаас нэг ч тендер авч үзээгүй хүн. Улсад маш их татвар төлдөг. Тэгээд албан тушаалтнууд баяжаад эхлэхээр юуны төлөө татвар төлж байгаагаа ойлгохоо байж байна. Төрд ажиллавал баяжина гэсэн ойлголт л залууст суусан байна. Энийг л өөрчилмөөр байна.
 
 
С.Дэмбэрэл:-Төрд ажиллахаас гадна төрийн ивээлд байдаг компаниуд гэсэн ойлголт бий болчихсон. Тийм учраас манай МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргасан. Сүүлийн үед Монголын компаниудыг ялгаж салгаж, АН-ын болон Ардын намын гэх болсон. Хэрэв таны компани хоёр намын аль нь ч биш бол таны компанид тендер өгөхийн тулд ямар нэгэн байдлаар шахаж шаарддаг болсон. Та АН-д ор, эсвэл Ардын намд ор гэсэн зүйл гарчихсан байна. Энэ бол эрүүл бус гэдэг талаар Танхим мэдэгдэлээ гаргасан. Иймэрхүү зүйл болоод байна. Энийг ингээд явуулаад байх уу ?
 
Л:Батбаяр: -Манай компани гэхэд ТОР-150 аж ахуйн нэгжийн жагсаалтанд орж үзээгүй.
 
 
С.Дэмбэрэл:-ТОР-150 аж ахуйн нэгжийг хамгийн шударга шалгуураар шалгаруулдаг. Шалгаруулалтын бүх мэдээлэл вэб сайтад байдаг. Гэтэл өнөөдөр Монголын компаниудыг хэн эвдэж байна гэхээр улс төрийн намууд. Ардын нам гараад өөрсдийн компаниудаа дэмждэг, АН гараад мөн тэгж байна. Гэтэл олонх нь яах вэ ? Батбаяр яах вэ ? Тиймээс бизнесийг улс төржүүлэхгүй байх, хувийн секторыг, хувийн өмчийг хамгаалах асуудал хамгийн чухал байна. Мөн татварын орчин, мөнгөний бодлого зэрэг олон сэдэв байна. Бидний яриа дуусаагүй.
 
Тэмдэглэсэн Г.МӨНХДЭЛГЭР
 
Эх сурвалж: "Бизнес таймс" сонин