sonin.mn

Өөрийн эрхгүй ийн хэлмээр, хэн нэгнээс хариулт нэхэж хатуухан асуумаар санагдав. Санагдахаар барахгүй болж буй үйл явдлыг хараад дур гутсан нь өчигдөр байлаа. Өчигдрийн хувьд Монгол хүнийхээ хувьд, монголын төрийн цагдаа хэмээгддэг цагдаагийн байгууллагатай багагүй хугацаанд хамтарч ажилласан сэтгүүлчийнхээ хувьд өөрийн эрхгүй бухимдаж бас харамссан нь туйлын үнэн.

Монголчуудын дунд хар мягмар гараг хэмээн нэрлэгддэг 2008 оны долдугаар сарын 01-нд үүссэн асуудлаар цагдаагийн дарга нарт хэрэг үүсгэн яллах болоод багагүй хугацаа өнгөрсөн. Нэг удаа хойшилж, хоёр дахиа ихээхэн шуугиан, хүлээлттэй эхэлсэн шүүх хурлын мөч бүхэн хэвлэлийнхэний анхаарлыг татаж байсан нь уг хэргийн шийдвэрт төр нэртэй улс төр ихээхэн нөлөөлж байснаас үүдэлтэй хэмээхэд буруудахгүй юм.

Нөгөө талаараа уг шүүх хурлаас гарсан шийдвэр төрийнхээ нэрийн өмнөөс үүрэг гүйцэтгээд эдүгээ буруутан болж, "дээлээ нөмрөх" дээрээ тулсан цагдаагийн дөрвөн даргын хувь заяа гэхээсээ илүү өнөөдөр Цагдаа хэмээх эрхэм алдарыг хүртэн ажиллаж байгаа Монгол эрчүүд, эмэгтэйчүүдтэй холбоотой байсан учраас илүүтэй анхаарал татаж байлаа. Учир нь хэрэв энэ хэргийн улмаас цагдаагийн нэр бүхий дөрвөн даргад хэрэг тулгаж яллах аваас шударга шүүх хэмээгддэг Монголын шүүх улс төрчдийн балчигт дэндүү гүн шургалсаныг илтгэнэ. Тиймээс арай ч тийм дорой зүйл болохгүй хэмээн итгэсэн иргэд олон байсан.

Гэвч өчигдөр байдал өөрөөр эргэж, цагдаагийн нэр бүхий дөрвөн даргыг яллахаар шударга хэмээгддэг шүүгчдийн алх шударга бус дэнсийг дэндүү чангаар балбав. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд цагдаа, цэрэг гэдэг байгууллагыг бичиг үсэг л гаргадаг бол усан тэнэг этгээд ч ойлгохоор тайлбарласан байдаг. Гэтэл өчигдөр хуралдсан шүүх хурал цагдаагийн дарга нарыг цэргийн гэмт хэрэг гэдэг зүйчлэлээр яллах хэмээн улайрч, эцэс сүүлд нь Монголын шүүхийн түүхэнд огтхон ч тохиолдож байгаагүй "өмгөөлөгч нь байхгүй учир шүүгдэгчийг таслан хорих арга хэмжээ" гэгчийг авч, урд хөл бүдрэхэд хойд хөлийг ташуурддаг арчаагүй шиидвэрийг гаргаж байх юм.

Эндээс харахад монголын төрд цагдаа хэрэггүй юм байна. Хулгайч нь хулгайгаа хийж, алуурчин нь хүссэнээ егүүтгээд л хөл толгойгүй нийгэмд хэдхэн улс төрчид нь хүссэнээрээ сонгуулиа луйвардаж, яллаа хэмээн сархад цалгиулан баяраа тэмдэглэж ялагдлын буруугаа өөр намаас эрж, хор шараа тайлагчид нь сөрөг намынхаа байрыг шатааж, бахаа хангаад, дайны хажуугаар дажин гэдэг шиг амьдрахад Цагдаагийн алба хаагчид тээг тушаа болоод байсан учраас хуулийн түүхэнд байхгүй зүйчлэлээр цагдаагийн дарга нарыг яллав биш үү.

Өөрсдийгөө төрийн албан хаагч, төрд тангараг өргөсөн төрийн цагдаа хэмээн итгэж ажиллаж байсан тэдгээр алба хаагчдад төр төмөр нүүрээ үзүүллээ. Түүгээр барахгүй улс төр гэдэг ямар бохир, хэрэв хэн нэгэн эвэртэн туурайтан, эрх мэдэлтэн хүсвэл хаана, хэзээ, хэнийг хэрхэн хамгаалсан чинь огт хамаагүйгээр холын холд хонгилын үзүүрт шидэж чаддаг юм гэдгийг л олон үггүйгээр харуулав. Хуульд заасан эрхийн хүрээнд хамгаалалт хийж ажилласан 2008 оны долдугаар сарын 01 -нд цагдаа нар Үүнийг хэн ч хаана ч хэлдэг.

Гуйлгачнаасаа гавьяат хуульчид нь ийн өгүүлдэг. Гэтэл дээрх итгэлээр тухайн өдөр ажилласан цагдаагийн алба хаагчид өнөөдөр бохир улс төр шургалсан шүүгчдийн алхан дор "Ялтан" хэмээн цоллогдож, яллагдахдаа тулав. Тийм болохоор ардчилсан нэртэй бурангуй нийгэмд, монголын нэртэй гадна төрд зүтгэгчдэд Монгол итгэл үнэмшилтэй цагдаагийн алба хаагчид ажиллах хэрэг алга.

Цагдаагүй төр хэрхэн ажиллахыг, яаж оршин тогтнохыг Монгол туургатан бүгдээрээ хүсэхгүй биз ээ. Хуншгүй, төрд цагдаа хэрэггүй. Учир нь 2008 оны долдугаар сарын 01 -нд "Төр минь" хэмээн хүчээ баран үүргээ гүйцэтгэн ажилласан цагдаагийн алба хаагчид хохирч, эрүүл мэнд, эрх чөлөөгөө хасуулахдаа тулав. Шударга ёс уландаа орж, шударга шүүх нь улстөрчдийн халаасанд орсон нийгэмд, бас төрд Цагдаа хэрэггүй юм байна. Шуудхан хэлэхэд өнөөдрийн Монголын төрд цагдаа хэрэггүй юм байна.

Эх сурвалж: "Нийгмийн толь"